Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор жижиг намуудын байр суурийг хүргэж байна.


БАЯЛГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТЫГ БАТАЛГААЖУУЛСАН ЗААЛТ ОРЖ ИРЭЭГҮЙ

ШИНЭ намын дарга Ж.БАТЗАНДАН: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хэд хэдэн анхаарах ёстой заалт байна. Тухайлбал, сумдын Засаг даргыг ард иргэдээс шууд сонгохоор төсөлд орж ирсэн. Уул уурхайн компаниудтай сумдад компанийн нэр дэвшүүлсэн хүн сонгогдохоор байна. Өмнөговь аймгийн ЦогтЦэций суманд “Энержи ресурс”-аас эхлээд олон том уурхай ажилладаг. Үргэлж тэр компанийн нэр дэвшигч тэр сумыг удирдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бие даасан вант улсууд бий болно гэдэг болгоомжлолыг Л.Болд гишүүн туршлагатай парламентчын хувьд хатуу хэлж байгаа. Орон нутагт бие даасан татвартай болох асуудлыг оруулж ирж. Холбооны улсуудад мужууд нь татвар тогтоож болдог. Харин Монгол Улсад анх удаа орон нутаг татвар тогтоох эрхийг нээж өгөх гэж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд өөр татвартай, Дорнодын Матадад өөр татвартай, Ховдын Мөстөд өөр татвартай байх нь. Ингэж бие даасан вант улсуудын жишиг рүү явах нь гэсэн болгоомжлол байна.

Ерөнхийдөө бид МАНАН бүлэглэлийн эсрэг нэгдэж тэмцсэн. Монголын ард түмэн үндэсний шударга ёсны төлөө тэмцэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шударга ёсны төлөөх зүйл, заалт орсон эсэхийг харах хэрэгтэй. Шүүхийн асуудалд Ерөнхий зөвлөлийнх нь гишүүний тоог нэмж Шүүхийн хариуцлагын хороо гэх тусгай байгууллагыг гаргаж байгаа нь үндэсний шударга ёсны шаардлагад нийцэж байна уу. Илүү сайн заалт оруулах боломжоо бид алдаж байгаа юм биш биз. Үндэсний баялгийн шударга хуваарилалтыг хийхийн төлөө бид МАНАН мафийн эсрэг тэмцсэн. Баялгийн шударга хуваарилалтыг баталгаажуулсан заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хангалттай орж ирээгүй. Үндсэн хуулийн эдийн засаг гэдэг ойлголт манай Үндсэн хуульд алга. Монголын ард түмэн баялагтаа эзэн болохыг шаардаж мянга мянгаараа Сүхбаатарын талбай дээр жагссан. Гэтэл баялагтай холбоотой нэг ч олигтой заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орж ирээгүй байна.

* * *

БИД ШИНЭ ДЭЭД ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛСАН

МАХН-ын дарга Ц.ОЮУНБААТАР: МАХН улс төрийн том хүчний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нэрээр дур зоргоороо хандаж байгаа явдлын эсрэг байр суурьтай байна. Сонгуулийг будлиантуулж, луйвардаж, монгол хүнийг мал амьтан, эд хөрөнгө мэтээр саналыг нь худалдан авснаар гарч ирсэн МАН дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй. Тогтоогдсноор 64 гишүүний 49 нь жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авч, монгол хүний боломжийг хааж, ядуу, ажилгүй байлгах нөхцөлийг бүрдүүлж байгаа хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй. МАХН эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор 21 аймаг, 150 сумаар хоёроос гурван удаа явж шинэ дээд Үндсэн хуулийн төсөл боловсруулсан. Дэлхийг бүтэн тойрсонтой тэнцэх замыг бид туулсан. 500 мянга гаруй хүнтэй уулзаж, 300 гаруй мянган хүний саналыг бичгээр авсан. Энэ шинэ Үндсэн хууль нь ард түмний дундын өмч байна. Газрын доорх арвин баялаг нь монгол хүнийг эх орондоо аз жаргалтай, баян амьдрах нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Хууль тогтоох байгууллага дээд, доод танхимтай байж, дээд танхим нь хууль тогтоох байгууллагадаа хяналт тавина. Ард түмэн маань баялгийнхаа тусламжтай үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмшинэ. Шүүх, хууль хяналтын байгууллагыг ард түмэн өөрсдөө сонгодог шударга тогтолцоонд оръё гэсэн саналыг дэвшүүлж байна.

Ард түмнээрээ хэлэлцэн одоогийн энэ Үндсэн хуулийг цогцоор нь шинэчлэж байж ядуурал, ажилгүйдэл, нийгмийн гүнзгий хямралыг даван туулна. Ард түмнийг залилан, хэлбэрийн төдий өөрчлөх асуудал бол МАН төрийн эрхийг барих хугацаагаа сунгах гэсэн арга заль гэдгийг бид шүүмжилж байгаа. Ийм учраас Үндсэн хууль зөрчсөн, Монгол Улсын төрийн тэргүүндээ танилцуулаагүй, саналыг нь аваагүй өөрчлөлт нэртэй энэ зүйлийг бид эсэргүүцэж байна. Нийт 17 нам хамтарч энэ асуудлын дагуу албан ёсны шаардлагыг МАН-д хүргүүлсэн. Бид ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчид хандахаар шийдээд байна.

 * * *

ХӨГЖЛИЙН ҮНДСЭН ХУУЛЬТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

МҮАН-ын дарга Б.ЦОГТГЭРЭЛ: Ер нь үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэн дэмжиж байгаа. Хамгийн гол нь хэзээ, хэн, хэрхэн, яаж, ямар хүрээнд өөрчлөх вэ гэдэг асуудал байгаа юм. 20-иод нам нийлээд МАН-ын дарга У.Хүрэлсүх болон УИХ-ны гишүүдтэй уулзсан. Зөвлөл байгуулъя, хамтарч ярилцъя гэж. Яагаад вэ гэхээр олон намуудад аль хэдийн боловсруулчихсан Үндсэн хууль байгаа. Манай намд 2009 онд буюу 10 жилийн өмнө боловсруулсан Үндсэн хууль бий. Гэтэл энэ Үндсэн хуулиудаас УИХ дээр хэлэлцэх, санаа авах юм юу ч алга. Нэр төдий өнгөц өөрчлөлт одоогийн нийгэмд үүсээд буй асуудлыг шийдэж чадахгүй. Үндсэн хуулийг иж бүрэн шинэчлэх ёстой. Цоо шинээр харахгүй бол өнгө засвар хийгээд ямар ч хэрэггүй. Энэ нийгэм чинь өсөж дэвших боломжгүй гэдгийг л яриад байгаа юм.  Бидний дэмжээд байгаа гол зүйл чинь шинэ үндсэн хуультай болох асуудал. Тийм учраас энэ олон намд буй нэлээн цэгцтэй боловсруулсан Үндсэн хуулиудаас санаа авч судлаад, хооронд нь харьцуулаад дундын хөгжлийн Үндсэн хуультай болох хэрэгтэй гэдэг саналыг тавьж байгаа.

Өнөөдөр өргөн барьсан төслөө Ерөнхийлөгчид танилцуулаагүй тухай ярьж байна. Үндсэн хуулийн Цэц бас янз бүрээр тайлбарлаж байна. Өргөн барьсан төслөө УИХ-ын дарга болон Үндсэн хуулийн Цэцэд нэг өдөр өгч байх жишээтэй. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц төсөлтэй танилцаагүй, дүгнэлт, саналаа гаргаагүй гэж ойлгоод байна. Нийгмийн бүх талын оролцоотойгоор батлагдах ёстой гэрээтэй маань улсынх нь Ерөнхийлөгч хүртэл танилцаагүй байгаа тохиолдолд энэ хууль хэрэгжих нь юу л бол. Тиймээс цоо шинээр улс, төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүдийг оролцуулан зөвлөлдөх зөвлөлийг байгуулаад боловсруулсан бэлэн төсөл дээр хамтарч дундын төсөл бүтээх саналтай байна.

 * * *

ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ ЦАГ ҮЕЭ ОЛСОНГҮЙ

АИХ-ын депутат асан Ж.ГОМБОЖАВ: Би ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүн. АИХ-ын 430 депутатаас өнөөдрийн байдлаар 240 гаруй депутат амьд сэрүүн байгаа. Бид нар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар удаа дараа ярьж, УИХ, Засгийн газар, төрийн тэргүүн мөн холбогдох хүмүүст санал бодлоо хэлж байсан. Бидний санал бодлыг их хурал хүлээж авахгүй байна. УИХ бол Монголын ард түмний төлөөлөл. Ард түмэн юу хүснэ, түүнийг нь хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ үйлдлээс нь авч үзэхийн бол өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь цаг үеэ олсонгүй. Монголын ард түмний амьдрал хүнд байна. Бензин шатахуун, хоол хүнс, ус, цахилгаан гээд бүх бараа үйлчилгээний үнэ нэмэгдлээ. Харин цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй. Мөн монголчуудын нэн даруй шийдвэрлээсэй гэж хүсэж буй олон чухал асуудлууд бий. Тухайлбал, Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал байна. Олон жил ярьсан асуудлыг Их хурал авч хэлэлцээгүй байгаа юм. Хэрвээ УИХ хурал шалгасан юм бол яагаад дүгнэлт, хариуг нь хэлчихгүй байгаа юм бэ. Энэ хэний эрх ашигт нийцэж байна вэ.

Үндсэн хуулийн өөрчлөлт ямар болох уу гэдгийг сонирхохгүй ард түмэн байхгүй. УИХ-ын одоогийн бүрэлдэхүүнд АИХ-ын депутат бид итгэхгүй байгаа. Учир нь төрийн тэргүүн хоёр удаа Их хуралд итгэл үзүүлэхгүй өөрсдөө тар гэдэг шаардлагыг тавьсан. Одоогийн УИХ-ын гишүүдийн нилээд нь УИХ одоо тэнхээгүй болжээ тарья гэдэг хариу өгч байсан. Мөн УИХ-ын 75 гишүүний баттай биш тоо баримтаар үзэхэд 50-иад нь гэмт хэрэг, ёс суртахууны доголдолтой байгаа. Гэмт хэрэгт холбогдсон, ёс суртахуунгүй ийм хүмүүс Үндсэн хуульд гар хүрнэ гэдэг байж боломгүй асуудал гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуульч(64.119.18.107) 2019 оны 07 сарын 25

АЖЛЫН ХЭСЭГТ ИХ СУРГУУЛЬД ХИЧЭЭЛ ЗААДАГ НЭГ БҮЛЭГЛЭЛИЙН НЭГ БАГИЙН ЛҮНДЭНДОРЖ,ТЭМҮҮЖИНГ ДАГАДАГ ,НЭГ ИХ МЭДДЭГ ХЭДЭН ХҮН БАЙХ ЮМ ЭНЭ ШУДАРГА УУ .БҮР ШҮҮГЧ ХҮРТЭЛ УЛС ТӨРИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦООД СУУЖ БАЙХ ЮМ.ЭНЭ ЗАНДАНШАТАРЫГ ЦЭЦЭД ӨГӨХ БОЛНО.

1  |  0
Хуульчид(64.119.18.107) 2019 оны 08 сарын 05

САНАЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛМЭЭР БАЙНА.ХААНА ХАНДАХ ВЭ . ХЭЛЭЭД ӨГНӨ ҮҮ.

1  |  0
Top