Нийгмийн ажлын мэргэжилд онол, практикийг салангид ойлгож болохгүй

2019 оны 06 сарын 14

МҮЭХ дэргэдэх Хөдөлмөр, Нийгмийн Харилцааны Дээд Сургуулийн  НАЗҮ-ний тэнхимийн эрхлэгч М.Ариунцацралтай өнөөгийн сургалтын чиг хандлагын талаар ярилцлаа.


- Сайн байна уу?  Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та сургуулийнхаа талаар товч танилцуулахгүй юу

- Сайн. Сайн байна уу . МҮЭХ дэргэдэх Хөдөлмөр нийгмийн харилааны дээд сургууль маань 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй олон нийтийн цорын ганц сургууль юм. Манай сургууль нь дараахь чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна.

1. Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээ

2. Хүний нөөцийн менежмент

3. Нягтлан бодох бүртгэл

4. Бизнесийн эдийн засаг

5. Хөдөлмөрийн эдийн засаг

6. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэнд бакалавр,  магистрын сургалтуудыг явуулдаг.

- Нийгмийн ажил мэргэжлийн гол онцлог юу вэ?

- Нийгмийн ажил, мэргэжил нь нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж, хүмүүсийн харилцаан дахь хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд тусалдаг төдийгүй хувь хүн болон нийгэмд байгаа сайн сайхан зүйлүүдийг хөхүүлэн хөгжүүлэхэд хүмүүсийн хүч бололцоо, эрх, эрх чөлөөг дайчлан зохицуулах явдал гэж тодорхойлдог. Тиймээс бид хамгийн чухал ажил мэргэжлийн тоонд зүй ёсоор ордог. Мөн “Тогтвортой хөгжлийн зорилго 2030” -д тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд нийгмийн ажилтны оролцоо зайлшгүй шаардлагатай бөгөөд хэрэгжилтын гол цөм нь нийгмийн ажил мэргэжил юм. Ядуурлыг устгах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, жендерийн эрх тэгш байдлыг хангах гэх мэт зорилтууд нь нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй яг цав нийцэж байгаа юм.

Тиймээс нийгмийн ажилтангуудыг төдий чинээгээр чадамжтай байхыг нийгэм шаардаж байна.

- Танай сургуульд нийгмийн ажлын мэргэжлийн анги хичээлэлдэг. Танай сургалтын гол онцлог юунд байгаа вэ?

- Нийгмийн ажлын мэргэжлийн онцлог нь тухайн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудаас дадлагажих, практик ур чадварыг эзэмшихийг илүү их шаарддаг. Мөн бид 2018 оны хичээлийн жилээс CDIO олон улсын сургалтын хөтөлбөрийг өөрийн сургуулийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж байна. CDIO буюу үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн гол онцлог бол оюутны оролцоонд сууриласан, зөв хандлага, дадалтай, чадамжтай мэргэжилтэн болгох, судлаач оюутныг дэмжих хөгжүүлэх явдал юм. Манай сургуулийн хувьд оюутны бие даан ажиллах чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Иймээс оюутнууд маань сургалтын хөтөлбөрийн явцад олон төрлийн дадлагад гарч онолын хичээлээс олж авсан мэдлэгээ бодит тохиолдол, бодит амьдрал дээр хэрэгжүүлэх, нийгмийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зөв хандлага, дадалд  суралцаж байна.

- Тийм шүү сүүлийн жилүүдэд танхимын сургалтыг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байгаа. Та дадлагын хичээлийн онцлогийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

- Оюутан дадлагын үйл ажиллагаагаар өөрийн мэдлэг, ур чадвар, ёс зүйгээс хөгжүүлэн төлөвшүүлж байдаг. Иймээс нийгмийн ажлын дадлага нь нийгмийн ажлын мэргэжлийн боловсролын үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нэг нь юм.

Нийгмийн ажлын дадлага нь нийгмийн ажлын сургууль, тэнхим нөгөө талаас нийгмийн үйлчилгээний болон нийгмийн ажлын үйлчилгээний байгуллага, гуравдахь талаас энэ хоёр байгууллагыг дадлагажих үйл явцаараа холбож өгч байгаа нийгмийн ажилтны ангийн оюутнууд гэсэн гурван талын хамтын ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл энэ нь гурван талын бүтээлч хамтарсан үйл ажиллагаагаар нийгмийн ажлын боловсролын нэг салшгүй хэсэг болох дадлагажин суралцах үйл явц хангагддаг. Нийгмийн ажлын боловсрол, сургалтанд тавигдах дэлхийн стандартад “Мэргэжлийн практик дадлагыг сайн эзэмшсэн байхаар тооцоолж дадлага ажлын хугацаа, даалгаврын төрөл, суралцах боломж нөхцөл нь хангалттай байхаар төлөвлөх” гэж заасан байдаг. Мөн CDIO буюу Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр нь дадлага ажил дээр тулгуурлан оюутнуудыг хөгжүүлэх, сургалтын үр өгөөжийг дээшлүүлж  мэргэжлийн итгэл үнэмшил, ёс зүйн зөв хандлагыг төлөвшүүлэх боломжтойг ОУ-ын түвшинд нотолсон байдаг.

Нийгмийн ажилтны мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд дадлага ажил нь танхимын сургалтаар олж авсан нийгмийн ажлын онолын болон практикийн мэдлэгээ амьдрал дээр туршин хэрэгжүүлж үзэх, нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн баримтлах талаарх мэдлэг, чадвар хандлагаа хөгжүүлэх боломжийг олгодог. Дадлага ажлын явцад оюутны сурах үйл ажиллагаа танхимын сургалтаас өөр орчинд үргэлжлэн явагддаг. Энэ үед оюутнууд хувь хүн, гэр бүл, бүлэг, олон нийттэй нүүр тулж ажиллах, олон төрлийн зан араншин, шинж чанар бүхий хүмүүстэй харилцах арга барилд  суралцах боломжийг олгодог.

Мөн оюутнууд зорилтод бүлгийн хүмүүстэй харилцах харилцааны арга техник, нөхцөл байдалтай танилцаж мэргэжлийн  ёс зүй, үнэт зүйлс, үүрэг, ур чадваруудыг нийгмийн ажлын үйлчилгээнд хэрхэн баримтлан ажилладаг талаар мэдлэгээ практикт хэрэглэх чадварыг суралцаж байна.

- Хамтран ажиллаж буй байгууллага, дадлагын баазын  талаар мэдээлэл өгнө үү?

Манай сургууль нь МҮЭ-ийн Холбооны дэргэдэх олон нийтийн статустай цор ганц сургууль учраас дадлага хийх байгууллага, бааз суурь бэхжсэн гэж хэлж болно. Тухайлбал:

  1. МҮЭ-ийн байгууллагаа, түүний харъяа газрууд
  2. Ажил олгогч эздийн холбоо
  3. Аймаг дүүрэг, сум хорооны хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс
  4. ЕБСургуулиуд
  5. ОУ-ын болон ТББайгууллагууд
  6. Ахмадын болон Хүүхдийн асрамжийн газар гэх мэт нийгмийн үйлчилгээний байгууллагуудад дараах чиглэлээр мэргэшин дадлагажиж байна.

Иймд байнгын хамтын ажиллагаатай ажиллаж оюутнуудыг маань мэргэжлийн арга зүйгээр хангаж хамтран ажиллаж буй байгууллагууд болон мэргэжил нэгт нийгмийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top