СУДЛААЧ: Казахстан ардчиллыг хөгжүүлэх шинэ алхам хийлээ

Админ | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Казахстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ сарын 9-ний өдөр болж, дүнгээ гаргасан билээ.

Энэ удаагийн сонгуульд Казахстаны түүхэнд анх удаа тус улсын анхны ерөнхийлөгч Н.Назарбаев нэрээ дэвшүүлээгүй ч долоон нэр дэвшигч өрсөлдсөн юм. Н.Назарбаевын оролцоогүй сонгуульд түүний залгамж халааг туршлагатай дипломатч Касым-Жомарт Токаев эзлэх өндөр магадлалтай байсан. Учир нь Токаев түүний баримталдаг бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ сонгуулийн өмнө мэдэгдээд байлаа. Тиймээс казахстанчууд улс орноо төв Азийн бүс нутгийн хэмжээнд өнөөгийн хөгжилд хүргэсэн тогтвортой бодлогыг үргэлжлүүлэхийн төлөө саналаа өгсөн.

Нөгөө талаар тус сонгууль өрсөлдөөнгүй байсан гэж хэлж болохгүй. Учир нь тус улсын түүхэн дэх хамгийн олон нэр дэвшигч өрсөлдсөн. Үүнд, зүүний болон төвийн үзэл баримтлагчид, либералууд, үндэсний үзэл баримтлалыг дэмжигчид оролцсон. Онцлох нэг зүйл байгаа нь Казахстан улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж, халз мэтгэлцээнүүд явагдсан юм. Олон улсын ажиглагчдын дийлэнх нь сонгуулийн талаар нэгдмэл, эерэг байр суурьтай байгаа талаар онцлон тэмдэглэж байна. Сонгууль ноцтой зөрчилгүй, өрсөлдөөнтэй нөхцөлд явагдсан гэдгийг хэлэх нь зөв. Энэ удаагийн ээлжит бус сонгуульд сонгогчдын идэвх маш өндөр байсан тухай гадны экспертүүд хэлж байгаа юм. Сонгуулийн ирц орон даяар 77 хувь байв. Сонгуулийн ирц сүүлийн үед буурах хандлагатай байгаа барууны ардчилсан сонгуулиудын ирцээс өндөр байгаа нь казахстанчуудын улс төрийн оролцоо идэвхжиж байгааг харуулсан тод томруун үйл явдал боллоо. Өөрөөр хэлбэл казахстанчууд өөрийн улс орны ирээдүйн хувь заяаг шийдэхэд тэдний санал, оролцоо чухал гэдгийг ойлгож байна гэж үзэж болно. Сонгуулийн өдөр иргэдийн идэвх зөвхөн санал өгснөөр биш Нур-Султан болон Алматы хотуудад хийсэн жагсаал цуглаануудаар бас харагдсан.

Харин жагсагчид зохих зөвшөөрлөө аваагүй тул хууль, хүчний байгууллага оролцон аюулгүй байдлыг хангажээ. Сонгуульд ялалт байгуулсан Касым-Жомарт Токаев энэ тухай хэлэхдээ дэмжигчид болон эсэргүүцэгч иргэдийн аль алинтай нь хэлэлцээр хийж, хамтран ажиллах тухай мэдэгдлээ.

Тэрбээр “Нийгмийн итгэлцлийн хороо” байгуулан ажиллахыг санал болгосон байна. Иргэд жагсаал, цуглаан хийж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх нь аль ч ардчилсан оронд байдаг хэвийн үзэгдэл ба сонгогчид өрсөлдөөнийг мэдэрч эхлэж байгаагийн шинж. Гэсэн ч казахстанд зохих газруудаас зөвшөөрөл авч жагсаж хэвшээгүй нь олон нийтийг турхирах, хууль бус үйлдлүүд гарах эрсдэл рүү хөтөлж болзошгүй байсан юм. Том зургаар нь харвал казахстанчууд иргэний нийгмийг хөгжүүлэх алхамуудаа хийж, улс орныхоо ирээдүйн төлөө хариуцлагаа ухамсарлаж байгаа сайн тал ажиглагдаж байна. Энэ удаагийн сонгуулийг нийтэд нь дүгнэхэд Казахстан улс ардчиллыг хөгжүүлэх явцад нэг алхам урагшилж байна гэж үзэж болохоор байгаа юм. Улс төрийн өрсөлдөөний эхлэл энэ удаагийн сонгуулиар эхлэлээ тавьж байгаа бөгөөд 2021 онд тус улсад болох Парламентийн сонгуулийн үед гарцаагүй үргэлжлэхээр байна. Цаашид улс төрийн намууд нь чадавхжиж олон ургалч үзэл баримтлал дэлгэрэх бололцоотой болж байна.

Ээлжит бус сонгуулийн эцсийн дүн шинээр сонгогдсон Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын тангараг өргөснөөр тус улсад удирдагчаа ардчилсан замаар сонгохыг уламжлал болгох эхлэл тавигдлаа.

Ph.D.  Б.НАМЖИЛ-ОЧИР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top