Тегеран Ираны газар нутаг дээр АНУ-ын нисгэгчгүй онгоцыг сөнөөсөн баримтыг НҮБ-д хүлээлгэн өгөв. Түүнээс гадна Тегеран тус бүс нутаг дахь нөхцөл байдлыг тогтворжуулах талаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, ингэхдээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш зуучлах үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа талаар Ираны НҮБ дэх байнгын төлөөлөгч Мажид Тахт-Раванчи мэдээлжээ.
“Бүс нутгийн аюулгүй байдлын талаар бодит яриа хэлэлцээ хийх шаардлага бий. Бид ийм яриа хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа илэрхийлсэн ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад зуучлах үүрэг гүйцэтгэх хүсэлт тавьсан. НҮБ энэхүү хямралыг шийдвэрлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх учиртай” гэж тэрбээр онцолжээ. Түүний хэлснээр, Ираны зэвсэгт хүчнийхэн Ираны агаарын орон зайд нисэж байсан АНУ-ын нисгэгчгүй онгоцыг сөнөөснийг нотолсон баримтыг Гутерришийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгчээ. Энэхүү баримт нь АНУ-ын тагнуулын нисгэгчгүй онгоц Ираны газар нутаг дээгүүр нисэж байсныг нотлох юм гэж Тахт-Раванчи тодруулжээ.
Одоогийн байдлаар НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Ойрх Дорнод дахь нөхцөл байдлын талаар хаалттай зөвлөгөөн хийж байгаа. Тус зөвлөгөөнд Ираны талыг оролцуулаагүй бөгөөд Ираны талын үзэж буйгаар АНУ-ын тал НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүний статусаа ашиглан бусад гишүүдийг төөрөгдүүлж байна гэв.
ДАЙСАГНАСАН БОДЛОГО
Иран улс АНУ-аас тус улсын эсрэг тавьсан шинэ хориг арга хэмжээг хууль бус гээд Вашингтон Тегеран болон Ираны ард түмний эсрэг дайсагнасан бодлогоо үргэлжлүүлж буйг илтгэж буй гэж үзэж байна. Тахт-Раванчигийн хэлснээр, АНУ олон улсын эрх зүй, дүрэм журам болон дэлхийн нийтийн олонхын саналыг үл ойшоож буйн илрэл юм гэв.
Вашингтон эдийн засгийн дайн хийж, Ираны ард иргэдийн эсрэг алан хядах үйл ажиллагаа явуулж байна гэж тэрбээр онцлоод Тегераны зүгээс АНУ-ын дарамт, шахалтад орохгүй гэж ярьжээ.
Тегеран, Вашингтоны яриа хэлэлцээний хувьд тэрбээр аливаа яриа хэлэлцээ хийхэд тодорхой дүрэм, хэм хэмжээ байдаг. Заналхийлж, сүрдүүлж буй этгээдтэй яриа хэлэлцээ эхлүүлж болдоггүй. АНУ Ираны эсрэг аль болох өргөн хэмжээний хориг арга хэмжээ авахыг зорьж байна. Тиймээс яриа хэлэлцээ хийх нөхцөл бүрдээгүй байна гэж Тахт-Раванчи тодруулжээ. Гэсэн хэдий ч Иран улс тус бүс нутгийн бусад улс орнуудтай аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.
ИРАНЫ ЭСРЭГ ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАВ
АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн даваа гарагт Ираны эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авав. Энэ тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурсан. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ чангатгасан хориг арга хэмжээ нь Ираны дээд удирдагч, оюун санааны лидер Аятолла Али Хаменейн эсрэг чиглэгдэж буй гэж тайлбарлажээ. АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин өөрийн зүгээс АНУ-ын засгийн газар энэ долоо хоногийн сүүлээр Ираны гадаад хэргийн сайд Жавад Зарифыг хар дансандаа нэмж оруулна хэмээн мэдэгдсэн. Хориг арга хэмжээнд Ираны зэвсэгт хүчний элит анги нэгтгэлийн найман даргыг хамруулсан байна. Эдгээрийн дунд энэ сарын 20-ны өдөр АНУ-ын нисгэгчгүй онгоцыг сөнөөхөд үүрэг гүйцэтгэсэн генерал оржээ.
Ираныг тойрсон нөхцөл байдал энэ сарын 13-ны өдөр Оманы буланд явж байсан газрын тос тээвэрлэгч хоёр усан онгоц дээр дэлбэрэлт болсны дараа хурцадсан билээ. Хэрэг явдлын бурууг АНУ Иранд тохсон бөгөөд АНУ-ын байр суурийг Их Британи, Саудын Араб дэмжсэн бол Ираны гадаад хэргийн яам үүнийг няцаасан юм. Энэ сарын 20-ны өдөр Ираны зэвсэгт хүчнийхэн АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисгэгчгүй тагнуулын RQ-4 онгоцыг сөнөөсний дараа Доналд Трампын мэдэгдсэнээр АНУ Ираны газар нутаг дах гурван объектод цохилт өгөх цэргийн ажиллагаанд бэлтгэсэн. АНУ-ын төрийн тэргүүний мэдээлснээр, энэ ажиллагааг эхлүүлэхээс 10 минутын өмнө тэрбээр энэхүү шийдвэрээ цуцалсан билээ.
Трампын үзэж буйгаар, Вашингтоны алхмууд Ираны өдөөн хатгасан үйлдлийн хариуд авч буй шийдэмгий арга хэмжээ юм. АНУ Тегеран цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх, уран баяжуулах, баллистик пуужин бүтээх, алан хядах ажиллагааг дэмжих, бусад улс оронд сөргөлдөөн үүсгэх, АНУ болон түүний холбоотнуудын эсрэг дайсагнасан ажиллагаа явуулахаа болих хүртэл Иранд үзүүлж буй дарамт, шахалтаа чангатгасан хэвээр байх болно гэж Доналд Трамп онцлов.
АНУ-ын сангийн сайд Стивен Мнучины тодруулснаар, хориг арга хэмжээгээр Ираны хэдэн арван тэрбумаар хэмжигдэх активыг хаах гэнэ. Тиймээс энэхүү хориг арга хэмжээ ихээхэн үр дүнтэй гэж тэрбээр тайлбарласан юм.
ВАШИНГТОН "СӨРГӨЛДӨХИЙГ ХҮСДЭГГҮЙ"
АНУ Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орохыг хүсэхгүй байгаа бөгөөд Вашингтон Тегерантай хямралыг зохицуулах үүднээс яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн. Америк Улс энхийг эрхэмлэдэг бөгөөд Иран ч тэр, аливаа улс оронтой сөргөлдөхийг хүсдэггүй гээд тэрбээр Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна гэж мэдэгдсэн. Гэхдээ Иранд цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм зүйл ч болохгүй гэж Цагаан ордны тэргүүн анхааруулсан юм.
ГАДНЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУД
АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор гаднын санхүүгийн байгууллагууд ч мөн адил хориг арга хэмжээнд орох эрсдэлтэй. Энэ эрхийг АНУ-ын сангийн сайдад өгсөн байна. Зарлигт дурдсан хүмүүсийн эрх ашигт нийцсэн аливаа мөнгөн гуйвуулга хийсэн ямар ч санхүүгийн байгууллага хоригт өртөхөөр зарлигт заажээ. Ингэснээр, тухайн санхүүгийн байгууллага АНУ-ын банканд харилцах болон бусад төрлийн данс нээх, данстай байх эрхгүй болох юм. Түүнээс гадна, хориг арга хэмжээнд орсон Ираны нэр бүхий хүмүүст АНУ-д нэвтрэх виз олгохгүй юм.
АНУ-ын хориг арга хэмжээ Тегерантай цөмийн хөтөлбөрийн талаар дипломат арга замаар аливаа тохиролцоонд хүрэх боломжийг хүндрүүлж байна гэж шинжээчдийн үзэж байна.
Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Марк Фицпатрикийн өгүүлснээр, тухайн орны удирдлагуудын эсрэг хориг арга хэмжээ авах нь ялангуяа дипломат ажиллагааг хүндрүүлдэг. Ираны эрх баригчид өөрсдөө хориг арга хэмжээний бай болчхоод байхад Иран яриа хэлэлцээ хийнэ гэж хүлээх хэрэггүй. Байнгын дарамт, шахалтын нөхцөлд аливаа яриа хэлэлцээ үр дүнд хүрдэггүй гэж тэрбээр онцолсон. Ираны эрх баригчид хэлэлцээ хийх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн гэхдээ дарамт, шахалтын дор хийхгүй. Тиймээс Трампын засаг захиргаа яриа хэлэлцээ хийхийг хүсэж байна гэж мэдэгдэж буй нь үнэнтэй нийцэхгүй байна. Яриа хэлэлцээ хийхийг хүссэн хүн нөхцөл байдлыг бий болгодог гээд тэрбээр АНУ Ираныг цөмийн хэлэлцээрийн заалтыг зөрчихөд санаатайгаар хүргэж байгаа нь харагдаж байна гэж онцолжээ. Ингэснээр бусад улс орнууд Ираны эсрэг хориг арга хэмжээ авна гэж тооцоолж байна гэж тэрбээр тайлбарлажээ. Энэхүү хориг арга хэмжээ Трапын засаг захиргааны ярьж буй шиг Ирантай шинэ хэлэлцээр байгуулах талаар яриа хэлэлцээ хийхэд дөхөм болохгүй л болов уу. Харин ч Иран хариу арга хэмжээ авахад хүргэх магадлалтай гэж Фицпатрик үзэж байна.
Түүний бодлоор, хориг арга хэмжээг тодорхой хувь хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлана уу гэхээс тус улсын эдийн засагт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.
Сэтгэгдэл ( 1 )
дайнаас олз хайсан янкуудын зүрхэнд лалыхан цохилт хийж чадахгүйл дээ гөлөгнүүд. хоорондоо алалцахаас өөр шидгүй хүүрнүүд.