УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар өнөөдөр /2019.07.04/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эдийн засгийн болон иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж, 40 гаруй мянган Монгол иргэн тус улсад ажиллаж, амьдарч байна. Нэг хэсэг нь хууль бусаар ажиллаж байгаа ч тодорхой хэмжээнд Солонгос, Монголын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Ард түмний итгэлцэл манай хоёр улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа солонгос иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллаж байсан. Манай улсын иргэдэд ч та бүхний бодлого, шийдвэрүүд энэ маягаар хүрч үйлчилдэг байгаасай гэж хүсэж байна” хэмээн үг хэлэв.
Хариуд нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг “Зургаан жилийн өмнө Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Ховд аймагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгыг барьсан. Иргэн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай авах нь чухал учраас эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь чухал юм. Зөв оношилж, эмчилснээр хүн амын насжилтыг уртасгах боломжтой” гээд хоёр орны хамтын ажиллагааг өргжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллаж байгаагаа хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )