"ШИНЖЭЭЧ" булан иргэдийн эдийн засгийн өнөөгийн байдлын үнэлэмж болон ирээдүйн төлөв байдлын хүлээлтийн талаарх мэдээллийг агуулдаг Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааны 2019 оны хоёрдугаар улирлын үр дүнгийн талаарх мэдээллийг онцлон хүргэж байна.
2009 оноос эхлэн жил тутам хийгдэж эхэлсэн уг судалгаа 2014 оны нэгдүгээр улирлаас эхлэн улирал тутам хийгдэж байгаа юм. Энэ удаа 22 дахь улирлын судалгааг санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулан хийжээ. Судалгааг МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон “Эн-Ар-Си-Си” судалгаа, зөвлөгөөний компани хамтран хийдэг юм.
Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаа нь иргэдээс ирэх зургаан сар болон нэг жилийн хугацаанд үнийн түвшин, валютын ханш, зээлийн хүү болон орон сууцны үнийн талаарх хүлээлтийг тандаж, цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн эдгээр үзүүлэлтийн талаар ирээдүйн таамаглал гаргадаг. Мөн түүнчлэн иргэдээс ирэх зургаан сар болон нэг жилийн хугацааны зээлийн болон томоохон хэмжээний худалдан авалтын төлөвлөгөөний тухай тандалт судалгааг хийдэг.
Тэгвэл энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс (ХИИ) өмнөх оны мөн үеэс 6.7 пунктээр өсөж 84.2 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох өнөөгийн байдлын индексийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, өнөөгийн байдлын индекс жилийн хугацаанд 16.5 (35.2%) пунктээр өсөж 63.4 болжээ. Харин ирээдүйн хүлээлтийн индекс өмнөх оны мөн үеийн түвшинд буюу 98 байна.
Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд ажлын олдоц (32.9 пункт) нь нөлөөлжээ. Ойрын ирээдүйд буюу ирэх зургаан сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлтэд ажлын олдоц сайжирна (18.2 пункт) гэсэн хүлээлт эерэг нөлөө үзүүлсэн бол бизнесийн нөхцөл болон өрхийн санхүүгийн байдлын талаарх хүлээлт сөрөг нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал, бизнесийн нөхцөл (-13.5 пункт) болон орлогын (-4.4 пункт) хүлээлтийн индекс өмнөх оны мөн үеэс буурчээ.
Хэрэглэгчийн удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөө нь үйлдвэрлэл өсөх, буурахыг урьдчилан хэлэх боломжтой эдийн засгийн чухал нэгэн түрүүлэгч индикатор.
Аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь өрхийн хувьд өндөр өртөгтэй худалдан авалт учраас хэрэглэгчид худалдан авах чадвартаа итгэлтэй байгаа үедээ л авдаг. Тиймээс эдийн засгийн талаар гутранги байгаа үедээ хэрэглэгчдийн итгэл буурч, юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлыг бууруулдаг.
Манай улсын хувьд хэрэглэгчдийн худалдан авалтын төлөвлөгөө 2018 оны гурав, дөрөвдүгээр улиралд нэлээд өсөлттэй байхаар гарч байсан бол энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд харьцангуй тогтвортой байхаар байна. Тухайлбал, 2019 оны хоёрдугаар улирлын судалгаагаар хэрэглэгчдийн 43.5 хувь нь ирэх зургаан сарын хугацаанд аялал жуулчлал хийх, 19 хувь нь томоохон эд хогшил цахилгаан бараа авах, 9.4 хувь нь үл хөдлөх хөрөнгө авах, 16 хувь нь автомашин авах төлөвлөгөөтэй байна гэжээ. Мөн түүнчлэн, хэрэглэгчдийн 20.7 хувь ирэх 6 сарын хугацаанд зээл авах төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг хэвэндээ байгаа аж.
Хэрэглэгчид ирэх зургаан сард инфляцыг 3.5 хувь, ирэх нэг жилийн хугацаанд 5.1 хувь байна гэсэн хүлээлттэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тогтвортой байна. Харин мөнгөн хөрөнгөө төгрөгөөр байрлуулахыг илүүд үзэж буй хэрэглэгчдийн хувь 3.9 пунктээр буурч, гадаад валютаар байршуулахыг илүүд үзэж буй хэрэглэгчдийн хувь 4.6 пунктээр өссөн байна.
Судалгааны үр дүнгийн талаар МУИС-ийн дэд профессор, судлаач Б.Соёлмаагаас дараах асуултад хариулт авлаа.
-Хэрэглэгчийн итгэлийн индексийн хоёрдугаар улирлын мэдээллээс харахад бизнесийн нөхцөл болон орлогын хүлээлтийн индекс өмнөх оны мөн үеэс буурсан байна. Та судлаачийн хувиар үүнийг ямар хүчин зүйлтэй холбон тайлбарлах вэ?
-Энэ улирлын судалгаанаас ирэх зургаан сард манай эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байна гэсэн хүлээлттэй байна. ХИИ нь хэрэглэгчийн итгэлийг хэмждэг макро эдийн засгийн түрүүлэгч индекс. Хэмжихдээ өрхийн санхүү, ажлын байрны олдоц, бизнесийн нөхцөлийн хүлээлтээр хэмждэг. Харин эдгээр хүчин зүйлсийн хүлээлтэд юу нөлөөлөв гэдэг нь илүү өрхийн түвшний судалгаа болно. Тэгэхээр ХИИ мэдээллийг ашиглахдаа яагаад ирээдүйн бизнесийн нөхцөл болон өрхийн орлогын талаараа өрхүүд гутранги хүлээлттэй байгааг тодруулах гэхээсээ илүүтэй энэ нь цаашид бизнесийн байгууллагууд, бодлого боловсруулагчдад юу гэсэн дохио вэ гэдэг талаас нь харвал зүгээр.
ХИИ-ийн утга 2016 оноос хойш өсөлттэй байсан хэдий ч 100 гэдэг утгандаа 2014 оноос хойш хүрээгүй гэдгийг энд дурдмаар байна. ХИИ-ийн утга 100 байгаа үед бид эдийн засаг хэвийн байна гэж үзнэ. 100-аас бага байгаа үед хэрэглэгчид гутранги байна гэж үзнэ. Тэгэхээр 2016 оноос хойш ХИИ өсч байгаа ч 100 буюу хэвийн түвшиндээ хараахан хүрээгүй л байна. Энэ улиралд ерөнхий индексийн утга 84.2, өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ нэлээд өссөн хэдий ч ирээдүйн хүлээлтийн индекс тогтмол байна.
-Хэрэглэгчдийн худалдан авалтын төлөвлөгөө энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд харьцангуй тогтвортой байхаар байна гэж судалгаанд дурдсан байна. Өнгөрсөн оны гурав, дөрөвдүгээр улирлын тухайд нэлээн өсөлттэй байхаар байна гэсэн дүн гарч байж шүү дээ. Тэгэхээр энэ нь өмнөх жилээс буурч байгаа дүр зураг гэж харагдаж байна. Нэг талаас үүнийг манай эдийн засгийн цаашдын төлөвт анхаарах зүйлс бийг илэрхийлж байгаа үзүүлэлт гэж ойлгож болох уу?
-Худалдан авалтын төлөвлөгөө тогтмол байхаар гарсан. 2018 оны мөн үед 2017 оны мөн үетэй харьцуулахад өссөн. Харин 2019 оны хоёрдугаар улиралд 2018 оны мөн үетэй харьцуулахад тогтмол байгаа юм. Тэгэхээр буурсан гэж ойлгож болохгүй, тогтмол байна. ХИИ-тэйгээ нийцтэй, зүй ёсны л зүйл. Өрхүүдийн ирээдүйн хүлээлт нь өмнөх онтой харьцуулахад тогтмол байгаа юм чинь том худалдан авалтын эрэлтэд ч нэг их өөрчлөлт орохгүй.
Эдийн засгийн цаашдын төлөвт анхаарах зүйлс бий юу гэдгийн тухайд бол ХИИ 100 гэсэн утгадаа хүрээгүйг санах хэрэгтэй. Бодлогын хувьд эдийн засгаа дэмжсэн тэлэх бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Индексийн утгыг 100 хүрэх хүртэл нь тэлэх бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу. Бизнесийн байгууллагуудын хувьд ялангуяа томоохон эд хогшил, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн хувьд ирэх зургаан сард борлуулалт нь өмнөх оны мөн үетэйгээ ойролцоо байхаар төлөвтэй байна.
-Мөнгөн хөрөнгөө төгрөгөөр байрлуулахыг илүүд үзэж буй хэрэглэгчдийн тоо буурч, гадаад валютаар байршуулахыг илүүд үзэж буй хэрэглэгчдийн тоо өссөн байна. Энэ талаар та илүү тодорхой мэдээлэл өгөөч?
Энэ бол ам долларын ханшийн хүлээлттэй холбоотой. Ирэх зургаан сард ам долларын ханш 2699 орчим болно гэсэн хүлээлттэй байгаа нь зургаан сарын өмнөхөөсөө 44 төгрөгөөр илүү байна. Төгрөг суларна гэсэн хүлээлттэй байгаа нь үүнд нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )