Байгалийн үзэсгэлэнт Тост, тосон бумбын нурууны эко систем устах аюул нүүрлэсэн эсэх, энэхүү бүс нутагт нүүрсний олборлолт, тээвэрлэлт явуулж эхлээд буй “Сауд Гоби Коэл Транс” компани хууль зөрчсөн эсэх, нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тодорхой болгох зорилгоор бүх талыг оролцуулсан “Тост, тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг энэ сарын 29-ний даваа гарагт Төрийн ордонд болох гэж байна. Хэлэлцүүлгийг зохион байгуулах санаачилгыг “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Байгаль хамгаалах Говийн иргэдийн санаачилга” ТББ хамтран гаргасан бөгөөд хэлэлцүүлгээр нийгэмд үүсээд буй ойлголтын зөрүү, талцал, бухимдалд эцсийн хариулт өгч, Монгол Улсын хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээр зорьж байгаа юм.
Тэгвэл "Тост, тосон бумба" үндэсний хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдэн, бүртгүүлсэн иргэд нэмэгдсээр байгааг хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгээс мэдэгдлээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Л.Батчулуун, ЗДТГ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Пүрэвтулга, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Батсайхан, аймгийн Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын газрын Уул уурхай эрчим хүчний бодлогын мэргэжилтэн Э.Ганхуяг, аймгийн Засаг даргын дэргэдэх ахмадын зөвлөлийн дарга Б.Зандраа, Гурвантэс сумын Даланзадгад хот дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Хандмаа, "Говь гурван сайхан" байгалийн цогцолборт газрын захиргааны дарга Б.Батсаруул нар зэрэг олон хүн одоогийн байдлаар оролцохоо мэдэгдээд байгаа аж.
“Тост, тосон бумба” хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын зүгээс уг хэлэлцүүлэгт оролцох шаардлагатай албан тушаалтнуудад урилга хүргүүлж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт сэтгүүлч Х.Мандахбаяр урилга хүргэсэн байна.
Сэтгүүлч Х.Мандахбаяр “Хэлэлцүүлэг зохион байгуулагчдын зүгээс 01 дугаарт албан бичгээ Өмнөговь аймгийн Засаг дарга танаа өгч байна. Таны байр суурь маш чухал. Сэтгүүлчид бидний хувьд олон төрлийн зөрүүтэй мэдээлэл дунд байна. Сэтгүүлчид шударга үнэнийг хайсан мэдээлэл цацаад эхлэхээр сүүлдээ худалч болдог, янз бүрийн нэр хоч зүүдэг боллоо. Энэ нь хувь сэтгүүлчийн гэхээсээ илүүтэй иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа асуудал юм. Орон нутгийг төлөөлсөн хуулийн дагуу зөв шударга байр суурь хэлэлцүүлэгт чухал байна. Та энэ хэлэлцүүлэгт оролцох уу” хэмээн асуусан байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Ер нь байгаль орчин, уул уурхайтай холбоотой асуудлууд манай Өмнөговь аймгийн хувьд тулгамдсан асуудал болсон. Иргэд ч уул уурхайн талаар ойлголттой болсон. Ялангуяа Тост, тосон бумбатай холбоотой олон талын мэдээлэл яваад байгаа учраас хэлэлцүүлэг хийж тал талын төлөөллийг оролцуулж сайн ярих нь зөв байх. Хэлэлцүүлгээ төр засгийн хэмжээнд тавьж, танилцуулах нь зөв. Учир нь тухайн орон нутаг дангаараа уул уурхайн зөвшөөрөлд оролцох хууль эрхзүйн боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулбал үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Хэлэлцүүлэгт орон нутгаа төлөөлж оролцоно” хэмээн хариулсан байна.
Дашрамд дурдахад, “Тост, тосон бумба” хэлэлцүүлгийг хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр шууд дамжуулах бөгөөд оролцох хүсэлтэй иргэнд 88225144 утсаар болон фэйсбүүк дэх Хархүү Мандахбаяр Mandakhbayar Kharkhuu пэйжээр холбогдох боломжтой юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ene mash zuv shuu.Tost toson bumbiin nuruund anhaaral tavihgui bol bolohgui yum bilee.baigali orchniig denduu suitgej bna lee.Suitgesen humuuseer ni nuhun sergeelt hiilgej torguuli tabih heregtei..Erunhii said yagaad duugai bna ve.