Төв банк хараат бусаар үйл ажиллагаа явуулах нь аливаа улс орны эдийн засгийн эрүүл саруул байдалтай шууд холбоотой. Тэгвэл Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн төсөлд Төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх тухай санал оруулаад буй.
Тодруулбал,
Манай улсын хувьд 1990 оноос чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжилт хийснээр хоёр шатлалт банкны тогтолцоо үүсэж хөгжин, санхүүгийн зах зээлийн хөгжил болон мөнгөний бодлогын чиг хандлагад чухал өөрчлөлт бий болсон байдаг. Эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээр Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төв банк болон зохион байгуулагдаж, Төв банкны тухай хууль 1996 онд анх батлагдан, хамгийн сүүлд 2018 онд нэмэлт өөрчлөлт орж шинэчлэгджээ. Энэ хугацаанд Төв банкны хараат бус байдалд сорилтууд тулгарсаар ирсэн бөгөөд цаашид Монголбанкны хараат бус байдлыг хэр сайн бэхжүүлэхээс мөнгөний бодлогын хэрэгжилт, макро эдийн засгийн тогтвортой байдал ихээхэн хамаарна.
Энэ сэдвээр хийгдсэн судалгаа шинжилгээний ажил, дүгнэлт зөвлөмж маш цөөн. Тиймээс нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрэхэд тулгуур болох мэдээлэл, судалгаа чухал шаардлагатай гэсэн үг. Түүнчлэн Төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх, үндсэн зорилтыг нь тодорхой болгох шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.
Учир нь Монголбанкны үндсэн зорилт салаа утгыг илэрхийлж байдаг нь олон нийтийн дунд буруу хүлээлтийг үүсгэх, улмаар Төв банкны хараат бус байдалд эрсдэл учруулж байгаа аж.
Төв банкны тухай хуулийн 4.1-т “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасан байдаг нь нэг талаас төгрөгийн худалдан авах чадварын тогтвортой байдал буюу дотоод үнийн тогтвортой байдал, нөгөө талаас төгрөгийн гадаад валюттай харьцах үнийн тогтвортой байдал буюу төгрөгийн ханшийн тогтвортой байдал гэж ойлгогддог. Хэдийгээр Төв банкны тухай хуулийн 22.2-т “Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх...” хэмээн томъёолсон нь ханшийн уян хатан байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ Монголбанк жил бүр Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барихдаа мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляцын тодорхой түвшнээр тодорхойлдог боловч олон нийтийн дунд “Төгрөгийн ханшийг тогтмол байлгах нь Монголбанкны үүрэг” гэсэн буруу ойлголт түгээмэл байсаар ирсэн.
Энэхүү салаа утга Төв банк хоёр зорилгын дунд хэр хариуцлагатай бодлого хэрэгжүүлснийг хэмжихэд тодорхой бус байдал үүсгэдэг. Мөн үндсэн зорилт төгрөгийн ханш хэмээн ойлгогдож байгаа нь мөнгөний бодлогын арга хэрэгслээр бүрэн удирдах боломжгүй үүргийг ногдуулах, улмаар Төв банкны хараат бус байдалд эрсдэл учруулсаар өдийг хүрчээ.
Монголбанкны үндсэн зорилтыг салаа утгаараа “валютын ханшийг тогтворжуулах” гэж ойлгогдохоор тодорхойлох нь бодитоор биелэх үндэслэлгүй тул Төв банкны нэр хүнд болон үйл ажиллагааны тогтвортой байдалд эрсдэл учруулж байна.
Мөн Төв банкны үндсэн зорилтыг “үнийн тогтвортой байдал” хэмээн олон улсын жишигт нийцүүлснээр Монголбанк төгрөгийн гадаад валюттай харилцах ханшийг огт анхаарахгүй болно гэсэн үг биш юм.
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг жил болгон шинэчилж батлах нь оновчтой бус. Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.7, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10.2-т жил бүр төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ батлахаар заасан байдаг.
Гэвч мөнгөний бодлогыг томьёолох, хэрэгжүүлэх сайн жишгээс зөрүүтэй эдгээр хуулийн заалт нь үр дүнтэй мөнгөний бодлого хэрэгжих нөхцөлийг хязгаарлах, Төв банкны үйл ажиллагааны бие даасан байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсгэж зарим тохиолдолд эрсдэл бодитоор биелэх тохиолдол ч байв. Монголбанк Төв банкны тухай хуулиар тодорхойлсон зорилтыг хангахад чиглэн ажиллаж, биелэлтээ ил тодоор тайлагнаж байх үед жил бүр мөнгөний бодлогын зорилтыг хэлэлцэх, өөрчлөх шаардлагагүй гэж судлаачид үзэж байна. Нэгдүгээрт, инфляцын зорилтыг мөнгөний бодлогын үр нөлөө илэрч дуусахааргүй богино хугацаагаар томъёолох нь оновчгүй бөгөөд бодит бус. Үүний зэрэгцээ, инфляцын зорилтыг нэг жилийн хугацаатай хатуу томъёолох бус дунд урт хугацаанд тогтворжуулах зорилтот түвшнийг тодорхойлсноор инфляцыг онилох уян хатан бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх орон зайг олгоно. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд Төв банкны үндсэн зорилтод нийцгүй эсхүл шууд хамааралгүй үйл ажиллагааг ч хэрэгжүүлэх заалтыг оруулах боломжийг улс төрчдөд олгодог нь Төв банкны үйл ажиллагааны бие даасан байдал, эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэлийг дагуулдаг байна.
Төв банкны хараат бус байдал ДЭЛХИЙД
Дэлхийд төв банкуудын анхны суурь тавигдсан XVII зуунаас одоог хүртэлх түүхэн хугацаанд төв банкны хараат бус байдал хэрхэн хувьсан өөрчлөгдөж ирснийг дараах гурван үе шатанд хуваан авч үзэж болох аж.
Тодруулбал,
Өнөөдөр дэлхийн 100 гаруй оронд төв банкны мөнгөний бодлогыг улс төрийн болоод аливаа хөндлөнгийн нөлөөллөөс хараат бусаар хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. Ингэснээр мөнгөний бодлогын үндсэн зорилт болох үнийн тогтвортой байдал хангагдах, эдийн засгийн тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулдаг нь олон судалгаагаар батлагдаж, амьдрал дээр ч харагджээ. Гэвч 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш олон улс оронд төв банкны хараат бус байдал сорилттой тулгарч, институцийн чанар сайн гэгддэг хөгжсөн орнуудад ч төв банкны хараат бус байдал руу халдах үзэгдэл газар авч байна.
Үүнд дэлхий даяар гүнзгийрч буй орлогын тэгш бус байдал, үүнтэй холбоотой дэлгэрч буй популизм, хөгжсөн орнуудад ажиглагдаж буй хэт бага инфляц. Төв банкуудын мөнгөний бодлогын үр дүнтэй байдал, даяарчлал ба технологийн дэвшилтэй холбоотой дэлхийн эдийн засагт бий болсон шокууд зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй.
Олон зуун жилийн түүхийн явцад улс орнуудын бодлого боловсруулагчдын алдаа оноон дээр тулгуурлан бий болсон хараат бус төв банк энэхүү сорилтыг хэрхэн даван туулахаас улс орнуудын эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн сайн сайхан байдал ихээхэн хамаарна гэж судлаачид санал нэгдэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Банк, бас бус санхүүгийн байгууллагууд Монголын ард түмнийг туйлд нь хүртэл шулж байна. Гар утасны Ттөлөгдөөгүй 20,0 төгрөг, теллерын буруугаас хугацаандаа төлөгдөөгүй 100,0 төгрөгийн төлөө банкны хар жагсаалтад оруулж иргэдийг бизнес эрхлэх бүх боломжийг хааж ломбард руугаа явуулан шулж байна. Монгол банкны ажилтнууд бүгд ардаа ББСБ-тай гэдэг. Тэгэхээр Мөнгөний бодлогыг төр биш Монгол банкны ажилтнууд өөрсдийн эрх ашигтаа нийлүүлэн удирдаж байна .
Банкны системийн алаар ямар ч ойлголтгүй нөхдүүд Төв Бнакны Хараат бус байдал ч гэх шиг балайран Гадны луйваарчдын сүүлийн үед үглэх болсон Монголын төрийг далдаас удирддах Технологгийг хэрэгжүүлхээр ОРИЛДОГ болжээ!! Эргүүтсэн элий балай юмнууд угаадсаа долоож л байвал болоо. Улс орон бол хамаагүй л юм байна даа.