Польшийн олон өдрийн дугуйн уралдааны үеэр нэг тамирчин амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Польшийн олон өдрийн дугуйн тэмцээний гурав дахь өдрийн гарааны үеэр олон дугуйчин хамарсан осол болж, Бельгийн дугуйчин Бёрг Ламбрехт амиа алдлаа.

Тэмцээний гурав дахь өдрийн гараа Польшийн Чорзов хотоос Забрже хот хүртэл 96.5 км үргэлжлэх байсан бөгөөд тус тэмцээний хамгийн хэцүү гараа гэж тооцогддог юм. Осол асфальтан зам чийгтэй байсантай холбоотой гэж эхний байдлаар дүгнэж байна.

“Энэ бол манай багийн хувьд маш том гарз. Зөвхөн манай баг ч биш Бельгийн дугуйн спорт авьяаслаг залуу тамирчнаа алдлаа. Гэр бүлийнхэнд нь, Бельгийн дугуйн спортын холбоонд гүн эмгэнэл илэрхийлье” гэж Лотто-Соудал багийн албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Осол болсон даруйд ойролцоо орших эмнэлгээс нисдэг тэргээр зөөсөн ч эмнэлэг хүрэх замдаа амьсгал хураажээ. Бёрг Ламбрехт нь Бельгийн 23-аас доош насны дугуйн ДАШТ-нд хоёрдугаар байр эзэлж байсан амжилттай аж. Түүнчлэн 2017 оноос эхлэн мэргэжлийн түвшинд уралдах болсон байна. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний дараа түүний дурсгалыг хүндэтгэх ёслол зохион байгуулахаар болжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top