Япон улсын нийслэл 2020 онд болох зуны Олимпын наадмыг зохион байгуулахаар “ханцуй шамлан” бэлтгэж байна. Барилгын ихэнх ажил сүүлчийн шатандаа оржээ.
Токио хотын тайван, чимээ анир багатай Шижүкү дүүрэгт аравхан сарын дараа дэлхийн орон орон шилдэг тамирчид улсынхаа тугийн дор сүр жавхаатай алхах Олимпын стадион баригдаж байна. Тэр цаг мөчийг хүртэл энд барилгын техник, ажилчдын дуу хоолоо тус дүүргийн нам гүм байдлыг эвдэнэ. Барилгын талбайгаас харахад дизайнерууд болон барилгачид амлалтаа биелүүлжээ. Олимпын хотхоныг олон тооны мод, цэцэг, зүлэг ногоон байгууламжаар чимжээ. Стадионоос холгүй багахан хэмжээний цэцэрлэг байгуулж, Олимпын таван цагариг, орчин цагийн Олимпын эцэг гэгддэг Олон улсын Олимпын хорооны хоёр дахь ерөнхийлөгч Пьер де Кубертений хөшөөг байрлуулсан байна. Мөн энд Токио /1964/, Саппоро /1972/ болон Нагано /1998/-ийн Олимпын үеэр байршуулсан Олимпын бамбаруудын багасгасан хувилбаруудыг харж болно.
Одоогоор хүн төрөлхтний спортын их наадмын уур амьсгалыг мэдрэх боломжтой газар бол энэ цэцэрлэгт хүрээлэн.
Стадионы зураг төсөл
Эхэндээ Олимпын стадионыг 2016 онд хорвоог орхисон Ирак гаралтай Британийн дэлхийд алдартай архитектор Заха Хадидын зураг төслөөр барих ёстой байсан ч маш өндөр зардал /2.2 тэрбум ам.доллар/ болон барилгыг гүйцэтгэхэд их нарийн, хүнд ажиллагаа орох ёстой байсан тул хотын удирдлагууд ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс удаан хэлэлцсэний эцэст энэ зураг төслөөс татгалзахаас аргагүйд хүрч, шинэ зураг төслийн эрэлд гарчээ. Японы засгийн газрын дэмжлэгийг авч, өдгөө биеллээ олж буй зураг төслийг Японы архитектор Кэнго Кума гаргасан. Тэрбээр өөрийн төслөө Японы архитектурын “мод ба ногоон байгууламж” уламжлал дээр тулгуурлан боловсруулж, дундад зууны үеийн барилгын өвөрмөц шийдлийг ашигласан байна. Хадидын төслийг бодвол өртөг нь бараг хоёр дахин бага буюу 1.2 тэрбум ам.доллар болсон ч стадионы багтаамжийг 80 мянгаас 68 мянган хүний суудалтай байхаар багасгахаас аргагүйд хүрчээ. Түүнээс гадна, стадионы барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанаас 14 сарын дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сард эхлүүлэв. Барилгын ажлыг Taisei Corp компанийн тэргүүлсэн консорциум гүйцэтгэж байгаа бөгөөд хуваарийн дагуу явж байна. Барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусах хуваарьтай. Шаардлагатай зардлын 80 орчим хувийг улсын болон нийслэлийн төсвөөс гаргаж, үлдсэн хэсгийг таван удаагийн спортын сугалаа явуулах замаар санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Арал дээрх хотхон
2020 оны Олимпын их наадмын бас нэгэн томоохон ажил бол Токиогийн буланд бий болгосон Харуми хиймэл арал дээр байгуулж буй Олимпын хотхон. Дэлхийн шилдэг тамирчдын байрлах энэхүү хотхон 13 га талбайг эзлэх бөгөөд нэмж таван га газарт цэцэрлэгт хүрээлэн, дэд бүтэц зэрэг барилга байгууламжийг байгуулж байна. Эхний ээлжид тамирчдын байрлах 14-18 давхар 21 байшин зэрэгцэн сүндэрлэнэ. Олимпын дараа энд дахин 50 давхар оффисын болон орон сууцны хоёр барилга, хүүхдийн цэцэрлэг, сургуулиудыг барихаар төлөвлөж байна. 2023 он гэхэд шинэ эздээ хүлээн авах энэ дүүрэгт 5.6 мянган айлын орон сууц ашиглалтад орж, 12 мянга гаруй иргэн амьдрах юм.
Орон сууцыг энэ оны долоодугаар сарын 26-наас эхлэн борлуулж эхэлжээ. Одоогоор орон сууцны захиалга авч байгаа бөгөөд орон сууцны зээлийг 2023 оноос эхлэн олгох гэнэ. Орон сууцны үнийн тухайд 65 кв.м талбайтай унтлагын хоёр өрөө бүхий байр 500 мянган ам.доллароос эхэлж, 110 кв. метр талбай бүхий байр 940 мянган ам.долларт хүрэх гэнэ. Хамгийн өндөр өртөгтэй байр хоёр сая ам.долларын үнэтэй байх аж.
Харуми арлын хотхон “хот доторх хот” хэмээх зарчмаар баригдаж байгаа ба энд хүний хэрэгцээнд шаардлагатай бүхий л зүйлс нэг алхмын зайнд байрлана. Үүнээс гадна хотхонд дөрвөн мянга орчим мод тарьж, хоёр цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Энэ дүүргийн бас нэг онцлог гэвэл Токио дахь анхны хурдны автобусны систем.
Харуми арал дахь энэхүү бүтээн байгуулалт сүүлийн жилүүдэд Токио хотноо хэрэгжиж буй хамгийн нүсэр төсөл юм. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж буй эдгээр орон сууц, объектууд хурдан борлогдох төлөвтэй байгаа гэнэ.
Бүх зүйл төлөвлөгөөний дагуу
Олимпын наадмын бэлтгэл ажил төгсгөлийн шатандаа хэдийн оржээ. Японы эрх баригчдын хэлснээр, одоогийн байдлаар бүх зүйл төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж байгаа гэнэ. Олон улсын Олимпын хороо Японы нийслэл дээд хэмжээнд бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Токио хотноо спортын 25 объект байрлах бөгөөд ихэнх нь хотын эрэг орчим, тэр дундаа далайн ёроолоос гаргаж авсан элсээр бий болгосон хиймэл арлуудад төвлөрчээ. Хотоос гадна 17 объект байх. Хөлбөмбөгийн тэмцээн Хоншү арлын зүүн хойд хэсэг болон Хоккайдо арлын Саппоро хотноо болох бол бейсбол болон софтболын тэмцээн Фукушима мужид болно.
Өнгөрсөн долоодугаар сараас эхлэн ашиглалтад ороод буй зарим объект дээр арга хэмжээнүүдийг туршилтын журмаар зохион байгуулж эхэлсэн байна. Үүнээс гадна, долоодугаар сард Японд болсон регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Олимпын наадамд япончууд бэлэн гэдгийг нотолсон арга хэмжээ болжээ. “Бид одооноос эхлэн Олимпын дараа эдгээр объектуудын хэрхэн ашиглах тухай бодох хэрэгтэй” гэж Токио хотын захирагч Юрико Коикэ ярьжээ.
Түүний хэлснээр, тамирчид болон зочдын аюулгүй байдлыг хангах болон цаг агаарын хэт халалттай тэмцэх арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж байна. Үзэгчдэд дэвүүр, малгай тарааж өгөх бөгөөд хотын гудамжаар хүйтэн уур гаргах тусгай төхөөрөмжүүдийг байрлуулж байгаа аж. Их хэмжээний талбайг сүүдэрлэх, дулааныг шингээх чадвартай хучмалаар замаа хучих арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд агаарын хэмийг 8 хэмээр бууруулах боломжтой болжээ. Халууны нөлөөллийг бууруулах үүднээс марафон зэрэг задгай талбайд болдог тэмцээнийг эрт буюу өглөөний 06.00 цагт эхлүүлэх гэнэ.
Гэсэн хэдий ч Токио хотын халуун, чийглэг агаар тамирчид болон дэмжигчдийн сэтгэлийг зовниулсан хэвээр. 2018 оны зун Японд хэт халалт болж, Токиод 39 хэм халж байсан бол Ома хотод 40.8 хэмд хүрч байсан. Шинжээчид ийм цаг агаар Олимпын наадмын үеэр наранд цохиулах, эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсгэж болзошгүй хэмээн үзэж байна.
Медалиуд ба бамбар
Токио хотын удирдлагуудын мэдэгдсэнээр, зуны Олимпын их наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд экологи болон хүрээлэн буй орчинд онцгой ач холбогдол өгч байгаа аж. Энэ нь их наадамд зориулан барьж буй дэд бүтцээс илт харагдана. Энэ үүднээс ер бусын санаачилга ч гаргажээ.
Жишээ нь, Олимпын медалиудыг хэрэглэж байсан ухаалаг утас, таблет зэрэг цахилгаан хэрэгслүүдээр хэсэгчлэн хийх шийдвэр гаргасан. Токио хотын оршин суугчдад энэхүү шийдвэр ихээхэн таалагдаж, бас ч үгүй ашигтай байгаа. Учир нь ийм төрлийг зүйлсийг хаяхад мөнгө төлдөг. Харин энэхүү шийдвэрийн хүрээнд сүүлийн хоёр жилд нийт 79 мянга орчим цахилгаан хэрэгслийг орон даяар цуглуулсан байна. “Бидний санаачилгыг дэмжин сайд, түшмэлүүд хуучин цахилгаан хэрэгслүүдээ авчирч өгсөн” гэж Токио хотын захирагч онцолжээ. Япончууд нийт зургаан сая гар утсаа тушаасан байна. Үүний үр дүнд, олимпын медалиудыг хийхэд зориулж 32 кг алт, 3.5 тонн мөнгө, 2.2 тонн хүрэл “олборложээ”.
Олимпын галын бамбарыг мөн л хоёрдогч түүхий эдээр хийсэн байна. Үүний тулд 2011 онд Японд болсон газар хөдлөлт, цунамид өртсөн хүмүүсийг байрлуулж байсан түр орогнох байрнуудын хөнгөн цагааныг ашигласан байна. Бамбарыг дээрээс нь харахад Японы бэлгэ тэмдэг болсон сакура цэцгийг санагдуулна. Түүний дэлбээ бүрээс галын дөл бадарч, уусан нэгдэх гэнэ.
Галт бамбарын буухиа ба бэлгэ тэмдэг
Зуны 32 дахь Олимпын их наадам Токио хотноо 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд, Паралимп наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-ны хооронд үргэлжилнэ. Олимпын бамбарыг ирэх оны гуравдугаар сарын 11 өдөр 2011 оны байгалийн гамшиг болсон өдөр асааж, аялал нь гуравдугаар сарын 26-ны өдөр Фүкүшима мужийн хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд эхэлнэ.
Бамбарыг атомын цахилгааны станцын реактор байрладаг Окума мужаар болон “Гайхамшигт нарс” баримлын дэргэдүүр аялуулах юм. Эл баримал Рикуцэнтаката хотын 70 мянган модноос байгалийн гамшигт тэсэж үлдсэн цорын ганц модыг бэлгэддэг. Энэхүү мод, харамсалтай нь, цунамид тэсэж чадалгүй, 2012 онд үхсэн билээ.
Фукушима мужаас Олимпын бамбар Японы баруун зүг руу аяллаа цааш үргэлжлүүлэн, хамгийн өмнөд арал болох Окинава хүрээд, буцаад зүүн зүг рүү буухиалах бөгөөд цунамид өртөж байсан Иватэ, Мияги мужид хүрнэ. Олимпын бамбарын буухианы сүүлийн шат Шизуока мужид гараанаас гарч, Сайтама, Тиба, Канагава мужаар дайран, долоодугаар сарын 24-ны өдөр буюу хүн төрөлхтний спортын их наадам эхлэх өдөр Токио хотноо барианд орно.
Олимпын бамбар Фүкүшима, Иватэ, Мияги, Шизуока мужид гурван өдөр байрлах бол бусад мужуудад хоёроос илүүгүй өдөр байрлаж, нийт 15 хоногийн турш Япон улсаар аялах юм.
Токиогийн Олимпын бэлгэ тэмдгээр Японы анимэ хүүхэлдэйн киноны итимацу стилийн шоо дөрвөлжин хээ бүхий цэнхэр, ягаан өнгөтэй баатруудыг сонгожээ. Шоо дөрвөлжин хээ бүхий загвар нь Эдогийн эринийг /1603-1868/ тодорхойлдог. Эдгээр робот хүүхэлдэйнүүдийг Мирайтова, Сомэйти гэж нэрлэдэг. Мирайтова хэмээх нэр нь японоор “мирай - ирээдүй”, “това – өнө мөнх” гэсэн хоёр үгнээс бүрддэг. Харин Сомэйти гэдэг нь хатан хааны тоор гэгддэг Нара мужийн Сомэйёшино сакурагийн төрлийг илэрхийлж байгаа ба англи хэлний “so mighty /ийм агуу/” гэх утгыг давхар агуулж байгаа юм. Зохион байгуулагчдын хэлснээр, Сомэйти Японы зурх болон Паралимпын тамирчдын гайхамшигт чадварыг илэрхийлж буй юм.
Сэтгэгдэл ( 5 )
Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
30 САЯ ХҮНТЭЙ, ОЛИМП АВЧ БУЙ ТОКИО ХОТ 68000 ХҮНИЙ БАГТААМЖТАЙ СТАДИОН БАРЬЖ БАЙХАД УЛААНБААТАРЫН МАНГАРУУД 60000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СТАДИОН БАРЬНА ГЭЭД ”ЦЭЦЭРХЭЖ” ТАТВАРЫН ХЭДИЙГ ҮРГҮЙ ЗАРАХ ГЭЖ БАЙНА. ”ЭМЭЭЛ” ХЭЛБЭРТЭЙ ГЭЖ ГАЙХУУЛАХ, ЭМЭЭЛ СПОРТ, УРЛАГТАЙ ЯМАРЧ ХОЛБООГҮЙ, ХҮМҮҮС ОРОХ ХААЛГА НЬ ”ДӨРӨӨ” ГЭНЭ. ДӨРӨӨГӨӨР ОРДОГ ХҮН ГЭЖ ЯМАР ХҮН БАЙДАГ ЮМ БОЛОО. ДӨРӨӨ ГЭДЭГ ЧИНЬ МОРЬ, ТЭМЭЭНД МОРДОХОД ХӨЛӨӨ ТАВЬЖ МОРДДОГ ДӨРӨӨ ШҮҮ ДЭЭ. ИЙМ Л ХИЙРХЭЛЭЭР ДҮҮРЧ, УЛС ОРОН МААНЬ ӨӨДЛӨХГҮЙ БАЙНА. ТЭР ТОКИОГИЙН СТАДИОНЫ ЗУРАГ ДЭЭР А.ЗОРИГТ ГЭДЭГ МОНГОЛ АРХИТЕКТОР АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ.
yamar gaihaltai ard tymen be?....bid yugaaraa dytyy gej?.....
wtf japan