Засгийн газар өнгөрсөн даваа гарагаас эхэлж иргэдэд ажлаа тайлагнаж эхэлсэн. Энэ хүрээнд өчигдөр төв талбайд Гадаад харилцааны яамны нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Өдөрлөгийг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлсэн. Түүний хэлсэн үгнээс онцолж байна.
-Дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоогоод байна. НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаатай болоход хоёрхон улс үлдээд байгаа.
-Монгол Улс олон улсын 70 гаруй байгууллагад гишүүнээр элсэж, хоёр талын шугамаар 1222 гэрээ хэлэлцээр байгуулан, 287 олон талт олон улсын гэрээнд нэгдэн ороод байна.
-ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаагаа хөгжүүлэх, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллалаа. Хоёр хөрш улстай бүх түвшинд идэвхтэй харилцаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин саяхан Монгол Улсад айлчилж, хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан.
-Бид хоёр хөрш улстайгаа гурван талт уулзалтыг тогтмол зохион байгуулж, Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д 2018 онд хийсэн айлчлалын үеэр Монгол Улс, АНУ-ын хооронд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоосон бол Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ онд АНУ-д хийсэн айлчлалаар Монгол Улс, АНУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг тунхаглаад байна.
-Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд анх удаа гишүүнээр 2016-2018 онд сонгогдон ажиллалаа. Мөн Далайд гарцгүй хөгжиж буй 32 улсыг төлөөлсөн, Улаанбаатар хотод төвтэй Засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг 2019 онд албан ёсоор нээлээ.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хөгжлийн таатай орчныг бүрдүүлэхэд гадаад улсууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, тэднээс дэмжлэг туслалцаа авах асуудлыг амжилттай шийдвэрлэж байна.
-БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Хөшгийн хөндийн нисэхийн анхны хурдны зам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, гэр хорооллын дахин төлөвлөлт, хилийн боомтын дэд бүтцийг барьж байгуулахад, АНУ-ын Мянганы сорилтын корпорацаас олгож буй буцалтгүй тусламжийн 350 сая ам.долларыг Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд, Япон улсаас олгож буй 7.9 тэрбум иенийн буцалтгүй тусламжийг Монгол, Японы сургалтын эмнэлгийг байгуулахад, БНСУ-ын Засгийн газраас олгож буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн түрээсийн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхэд, БНЭУ-аас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эх орондоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад тус тус зарцуулахаар шийдвэрлэн ажиллаж байна.
-“Монгол экспорт” хөтөлбөрийг батлуулж, “Экспортыг дэмжих үндэсний зөвлөлийг байгуулан, хилийн чанадад Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газруудыг тодорхой үе шаттайгаар нээх арга хэмжээ авч, Монголын экспортын бараа бүтээгдэхүүний гадаад зах зээлийг өргөтгөх, худалдааг хөнгөвчлөх, түнш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр санаачилгатай ажиллалаа.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319
Бөөн булхай оффшорч