ОНГОД: Дэрэнгийн Лхагва

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 04

"Зиндаа" сэтгүүлийн №11, 12/511, 512 дугаараас онцолж байна. 


“Дэрэнгийн хар азарга” хэмээн алдаршсан галтай, морьтой, иртэй найрагч асан Цэндийн Чимэддоржийн хайртай шавь, нэг нутгийн дүү болох Аюурбуньяагийн Лхагваагийн шүлэг, найраглал, дууль, дуу болон сэтгүүл зүйн бүтээлүүд нь онгод хиймориор хөглөгдсөн энэ цагийн шилдэг туурвил гэдгийг олноор мэддэг болой. “Агь нүдэлж, адуу тургилсан алагхан толгодын дээгүүр хаврын бороо цайранхан айсуй нь А.Лхагвагийн эгшиглэнт шүлэг буюу” хэмээн билгүүн их авьяаст, бичгийн том хүмүүн Б.Догмид хэлсэн байнам. Үүнийг Лхагвагийн шүлгийн үнэлгээ гэж болно. Хайр, адуу, хурд гурвыг зүрхнийхээ үгээр мэтгэн урлаж түүний бүтээлийн цар хүрээ, утга уянга 1980 аад оноос цэгцрэн жигдэрсээр шинэ зууны босгон дээр хүчээ авсан нь “Соёолон морьдын тоос” “Сарны дарс” “Хурд хургасан уяа” “Тост Боржигон” “Дэрэнгийнхэн” зэрэг олон номноос нь тодорч байдаг билээ. 1963 оны унага А.Лхагвагийн шүлэг танд гойд таалагдана гэдэгт бат итгэнэм.

Э.Хархүү


САРНЫ ДОР ЧАМАЙГ ҮЗЬЕ

Сархад мэт залгиж цангаагаа тайлъя

Хатаж үхэхээс наахнуур явсан сэтгэлийн

Хаана нь эхэлж гэгээ тусахыг харъя.

Хар галтай нүдэнд чинь ямар од гэрэлтэхийг

Хаш цагаан шүдэнд сарны гэрэл бүдгэрэхийг

Хаврын цэцэг намрын салхинд дурлахыг

Хаахна тэгээд үрээ унагаж хийсгэхийг

Зургар хөмсөгт, хөөрхөн ааштад дурлуулж

Зургаараа зургий минь зурсан тэнгэрийн дор чамайг үзье

Аньсан нүд аньсган цаана юу нуухыг

Ангайх ам, жимийх уруулыг үсэглэе

Гэзэг үс чинь зүлэг ногоотой ширэлдэхийг ацаглая

Гиншин чарлахдаа чиний тастсан навчны судсыг барья.

Ассан гал дээр ахиж гал асаан бадамлая

Алдалж хэвтсэн газрын чийгтэй ормыг тамгалъя

Хөхний чинь товчинд өндөгний хээ бүдгэрэхийг мэдэрье

Хөнжил биш тэнгэр нөмөрснөө тийчиж сэрүүцье

Сул салхан хөлний чинь завсраар

Суман хээр өвс ганхан гунхан хөлчихийг харъя

Шилбэн дээгүүр чинь гүйсэн эр шоргоолжны баярыг

Шимийн юманд согтуурсан өндөр дэрстэй аргадъя

Зуны салхинаас өвлийн жаврыг үнэрлэе

Зуу наслах биш энэхэн хормыг мөнхөлье

Тэнгэрт шинэ хүн олдох тэр л алтан агшинд

Газар дээр ганцхан чамтайгаа үхье.

ХУРД ХУРГАСАН УЯА

/Цэндийн ЧИМЭДДОРЖ-д/

Хүйндээ ороолдсон амьтан эхээс унан чүүчигнэхэд

Хөх тэнгэр-хадгаараа магнай мялаан босгож

Дэргэж хатирах туурайн хат суулгасан

Дэрэнгийн их уул, цахиурт гал мину

Унаган цагт минь зэлэн дээрээ чихдэн чарлуулж

Униар хөвөрдсөн зэрэглээтэйгээ цуг тонгочуулж

Газар тэнгэрт мөртэй эртний морьдоос улбаатай

Гал нар тамгаа цусанд минь нэвчтэл барласан

ДЭРЭН-МИНИЙ УЯА

Дааган цагаас минь төмөр шиг давтаж

Тэнгэрийн цагаан үүл үүлээр нэмнүүлж

Үлийндээ ч бүдрүүлж, цэцгэнд ч хатируулж

Үнэн олон хурдын дунд гийнгоо цутгаж амлуулсан

ДЭРЭН-МИНИЙ УЯА

Саахалт аахалтханы газар тавьтир алдан

Самбай дэл сэгсчин хадуурч нэгэн үзэхэд

Ижийтэй минь цуг өндөлзөн өрж барж

Их жолоогий минь тэгшилж түшсэн

ДЭРЭН-МИНИЙ УЯА

Гарааны ногоон дэнжээс өөрөө өөрийгөө авч давхин

Гал нар тамгандаа ташуур хүргүүлэлгүй ирж гэмээнэ

Яахын аргагүй Дэрэнгийн унага гэж бодоорой

Янцгааж үүрсэх болгоны минь шүлэг гэж санаарай

ДЭРЭН-МИНИЙ УЯА

ГОВЬ ГУРВАН САЙХАН

Тэнгэрийн цагаан үүлс

Бэлд нь бууж цуварсан

Сэтгэлийн сүүн цацал

Оройг нь мялааж мөнгөрсөн

Газрын цэнхэр давалгаа

Говь гурван сайхан минь ээ

Галавын говьд хөллөсөн

Гоё гурван цэнхэр минь

Санааны алсад мордоход

Салхиараа үнсэж өндөлзсөн

Зүүдний чанадаас ирэхэд

Зүсээрээ мишээж далласан

Суудал нүүдэл тэгшилсэн

Судрын чуулган уул минь ээ

Сураг холын совинтой

Сунагар гурван хайрхан минь ээ

Хаан тамга тахисан

Хатан хэвлийт нутгийн

Зөн билэг сүлэлдсэн

Зөөлөн цэнхэр уул минь ээ

Газрын цэнхэр давалгаа

Говь гурван сайхан минь ээ

Галавын говьд хөллөсөн

Гурван сайхан уул минь ээ

2002.08.09

ЧИНИЙ МИНЬ АНХ БҮСЭЭ ТАЙЛСАН ҮДЭШ

Чиний минь анх бүсээ тайлсан үдэш

Чингэлэг барааны цаана сар улайж харагдлуу

Чичрсэн үг чинь бүдэрч сөхөрч ороолдлуу

Чив чимээгүй атал юү ч эс дуулдлуу

Чиний минь анх бүсээн тайлсан үдэш

Бүрдний хэдэн ангир үргэж нислүү элгэмсэж нургилуу

Бүсгүй зөөлөн салхи хацар илбэлүү алгадлуу

Дээлээн хувааж нөмөрсөн чи бидний дороос

Дэлхийн өргөс хатгалуу огт мэдээгүй

Чиний минь анх бүсээ тайлсан үдэш

Ингэн буйлаатай сар шингээ л байлгүй

Ижилдээ очсон хүлэг эргэцэж үүрсээ л байлгүй

Алганы минь хээ чиний алганд шингэхэд л

Алтан харганы мөчир дээр шувуу жиргэхийг мэдэрсэн

Чиний минь анх бүсээн тайлсан үдэш

Дотор халуунтай сэтгэлд цэнхэр аялгуу эгшиглэж

Долоон бурхны мэлмийгээс алтан үрэл асгарсан

Шаргал манхан үүлнээс шанзны эгшиг зүсэрч

Шандуу гандуу цээжинд минь хөх бороо зүсэрсэн

Чиний минь анх бүсээ тайлсан үдэш

 Бүрдний хөх салхи ягаан эгшгээр дуншиж

Бүү ай бүү ай хайрнаас хуурын эгшиг цалгилж

Орчлонд хүн ирэх шиг оддын охид чарлаж билээ

Охин нас алдуурахуйд одод

Бас гоёхноор дуу алдаж билээ

1991, Мандалговь

СОЁОЛОН МОРЬДЫН ТООС

Тэнгэр тэвхэдсэн их цагаан гал-

 Тэр, соёолон морьдын тоос оо

Туурайн хөгөнд нь чулуу соёолж

Тууль жаргаасан тал бүтэн болж

Хазааргүй нар дагаж давхина

Ханарсан их галд бүхний хийморь асна

Соёолон морьдын тоосондоо.

Тэнгэр цоргисон их улаан гал-

Тэр соёолон морьдын тоос оо

Бэртсэн цэцэгс нулимсаа гөвөн эдгэж

Бэтгэрсэн чулууны цав цөв арилж

Наадмаа хүлээсэн зүрхний цангаа гарч

 Нарны дор бүхний хийморь асна

Соёолон морьдын тоосондоо.

Амьд бүхний хийморийг асаасан

Амьд гал-соёолон морьдын

Тэнгэр ариулсан эрчит гал нь

Тэнгэр ивэлгэсэн шидэт салхин

Морьтой түмний хадагтай хишиг

Монгол газрын хийморийн сан-

Соёолон морьдын тоос оо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top