Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн давтамж улам бүр олширч, энэ хэрээр магнитуд нь нэмэгдэж буй нь эрдэмтдийн санааг зовоосон асуудлын нэг болоод байна. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн доктор Ц.Батсайханаас тодрууллаа.
-Монгол Улс газар хөдлөлтийн хэр аюултай бүсэд ордог вэ? Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байна гэж их ярих боллоо. Үүний шалтгаан нь юу байдаг вэ?
-Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байна гэдэг нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн тухайд авч үзсэн судалгаа байгаа юм. 2005 оноос эхлээд газар хөдлөлтийн тооны хувьд огцом өсөлт ажиглагдаж эхэлсэн. Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэрт сүүлийн 20 гаруй жилд ажиглагдсан газар хөдлөлтийн статистик үзүүлэлтээс харахад, 1994-2004 онуудад Улаанбаатар хот орчмын нутаг дэвсгэрт жилд дунджаар 80-100 газар хөдлөлт тохиолддог байсан. 2005 оноос энэ тоо огцом өсөж, 1000 гаруй газар хөдлөлт ажиглагдах болсон. Харин 2013 онд 1600 орчим газар хөдлөлт бүртгэгдсэн байдаг. Үүний тал нь 2013 оны 12 сард бүртгэгдсэн байдаг. Ерөнхийдөө Улаанбаатар хот газар хөдлөлтийн голомтод оршиж байна гэж хэлж болно.
-Сансрын зургаас харахад Улаанбаатар хотын төвийг дайрсан хэд хэдэн хагарал байна гэж харагддаг. Мөн шинэ хагарал үүссэн талаар яригдах болсон. Энэ талаар?
-2018 онд Япон улсын эрдэмтэд сансрын зураг ашиглан хагарал байна гэж илрүүлэн Налайхаас- Цанын бааз-70 давхар хүртэл чиглэгдсэн байсан. Газар хөдлөлтөд бүртгэгдсэн байдлын хувьд сүүлийн 60 жилд хагарал үүссэн газар хөдлөлт байхгүй учир идэвхгүй гэж тооцсон. Энэ жил мөн Япон улсын эрдэмтэд дөрвөн газар ухаж газар хөдлөлтийн дээж авсан. Үүнд Франц, Орос, Америкийн эрдэмтэд хамтарч ажилласан. Эрдэмтдийн санал бодол хоёр хуваагдсан. Эцсийн дүн нь дээжийн биологийн насжилтыг тодорхойлохоор элс гадагшаа явуулсан байгаа. Үүний хариу ирэхээр 10 мянган жилийн өмнө болсон байна уу үгүй юу гэдэг нь тодорхой болно.
-Улаанбаатар хотын барилга байгууламжийн тал хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэдээлэл байдаг?
-Байшин барилгыг юун дээр барьснаас шалтгаална. Оросуудын барьсан 1960-1970 онд барьсан барилгууд буюу 40, 50 мянгат, 12, 15 дугаар хороолол, 1980 онд баригдсан 3-4 дүгээр хорооллын барилгууд уулархаг газар баригдсан учир аюул бага. Сүүлийн үед баригдаж байгаа Туул гол дагуух барилгууд гүний ус газрын гадаргуу дээр дөхчихсөн газарт баригдаж байгаа учраас аюултай. Эдгээр барилгуудыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас маш сайн шалгаж авах хэрэгтэй. 2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Нийслэлийн Онцгой Байдлын газраас Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ” төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлаар хот орчмын газар хөдлөлтийн идэвхтэй голомтод магнитуд нь 6.6-7.6 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд хотын барилга байгууламжийн 22-50 орчим хувь нь эвдрэлд, 30-60 орчим мянган хүний амь нас эрсдэх магадлалтай гэж тогтоосон байдаг.
-Газар хөдлөлт болох аюулыг урьдчилан мэдэж болох уу?
-Дэлхийн түүхэнд өнөөдрийг хүртэл газар хөдлөлтийг урьдчилж хэлсэн тохиолдол байдаггүй. Газар хөдлөлтийг урьдчилан хэлнэ гэдэг нь тухайн газар хөдлөлт хэзээ, хаана, ямар хүчтэй болохыг хэлнэ гэсэн үг. Судлаачид хаана, ямар хүчтэй газар хөдлөлт болохыг урьд өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн ул мөрөөр тодорхойлж чадаж байна. Харин яг хэзээ гэдгийг нарийн хэлэх боломжгүй юм. Дээр хэлсэнчлэн Улаанбаатар хот орчмын идэвхтэй хагарлууд дээр магнитуд нь 6-7.8-тай газар хөдлөлтүүд 1000-6000 жилийн өмнө болж байсан. Энэ үр дүн юуг харуулж байна вэ гэхээр тухайн идэвхтэй хагарлууд дээр ийм хүчтэй газар хөдлөлтүүд болж байсан гэсэн үг. Тэгэхээр энд ийм хүчтэй газар хөдлөлт болно л гэсэн үг.
-Хэчнээн магнитудаас дээш хүчтэй бол аюултай гэж үзэх вэ?
-Найм ба түүнээс дээш магнитудаас дээш бол хүчтэй газар хөдлөлтөд тооцогдоно. Мөн тухайн газар хөдлөлт хэр гүнд, ямар хүчтэй болсон бэ гэдгээс их хамаарна. Дэлхий дээр ойролцоогоор хүчтэй газар хөдлөлт 2 жилд нэг удаагийн давтамжтай болж байна. Газар хөдлөлт хүний амь насанд аюулгүй. Бидний барьсан барилга байшин газар хөдлөлтөд тэсвэргүйн улмаас хүмүүсийг гэмтээж байдаг.
-Манай улсад газар хөдлөлт боллоо гэхэд бэлэн байдал хэр хангалттай байдаг юм бэ. Техник тоног, төхөөрөмжөөс эхлээд иргэдийн мэдлэг мэдээлэл хомс байдаг юм шиг санагддаг?
-Газар хөдлөлт, болзошгүй аюулд бэлэн байдлыг хангах талаар Засгийн газрын байнгын ажиллагаатай аюулгүйн зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд ажилладаг. Газар хөдлөлтийн аюулыг судлах, түүнээс урьдчилан сэргийлэх, аюулын эрсдэлийг бууруулах, аюул тулгарсан үед авран хамгаалах, сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий энэ зөвлөл нь төрийн болон төрийн бус байгууллагуудын гамшгийн эрсдэлийг бууруулах харилцан уялдаатай хамтын ажиллагааг зохицуулан удирдаж ажиллаж байна. Одон орон, геофизикийн хүрээлэн тухайн идэвхтэй голомтот бүсэд хамгийн ихдээ хэдэн магнитудын хүчтэй газар хөдлөлт болох боломжтой вэ гэдгийг тодорхойлж өгдөг. Энэ нь газар хөдлөлийн ерөнхий мужлал болон бичил мужлалын судалгааны ажлууд юм.
-Монгол Улсын хэмжээнд хэчнээн газар хөдлөлтийн станц байгаа вэ. Аймаг бүрт бий юу?
-Өнөөдрийн байдлаар 17 аймгийн нутаг дэвсгэрт 150 гаруй газар хөдлөлт бүртгэх станц ажиллаж байна. Газар хөдлөлт бүртгэх станцуудын мэдээллийг бид шууд горимоор Үндэсний Мэдээллийн Төвд хүлээн авч 24 цагаар тасралтгүй боловсруулалт хийж байдаг.
-Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх тал дээр ард иргэд анхаарвал зохих зүйл юу вэ?
-Газар хөдлөлтийг яг хэзээ, хаана гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой. Өрхийн хүн бүрт гамшгийн үед хэрэглэгдэх 15 зүйл үүргэвчинд байх ёстой. Үүнд бичиг баримт, эмийн сан, удаан хугацаанд хадгалж болох гурав хоногийн хүнс, хүлээн авагч /радио/, гар чийдэн, сонин, гялгар уут, дулаан хувцас зэргийг хийж, гэр, орондоо бэлэн байлгах хэрэгтэй. Бэлтгэлтэй байх нь хамгийн чухал. Зөвхөн газар хөдлөлт ч гэлтгүй ямар ч гамшгийн үед иргэд маань бэлтгэлтэй байх хэрэгтэй.
МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?
Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
Газар хөдлөх үед гадна байгаа бол:
Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?
Сэтгэгдэл ( 0 )