Дэлхийн 72 оронд Монгол Улсын бараа, бүтээгдэхүүн хүрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

Энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад  худалдааны нийт бараа эргэлт  өнгөрсөн оны мөн үеэс 911 сая ам.доллароор өсөж, 10544.9 сая ам.долларт хүрснийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспорт импортоос давамгайлж, зөрүү нь 1347.2 сая ам.доллароор   эерэг гарчээ. Есдүгээр сард Монгол Улс дэлхийн 146 улстай худалдаа хийснээс 72 улсад бараагаа экспортолж, 145 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.


ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС 1.6 САЯ ТОННООР ИЛҮҮ НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ

Экспорт 5946.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 663.3 сая ам.доллароор буюу 12.6 хувиар өсжээ. Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 13 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт  424.1 сая ам.доллароор,  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 199.9 сая ам.доллароор, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 28.2 сая ам.доллароор тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Оны эхний есөн сард 2434.8 сая ам.долларын 28.6 сая тонн чулуун нүүрс  экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 312.5 сая ам.доллароор, тоо хэмжээний хувьд 1.6 сая тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.5 ам.доллар байсан бол энэ онд 85 ам.доллар болж өсжээ. Чулуун нүүрсний 98.2 % БНХАУ руу гаргасан байна.

2019 оны эхний есөн сард 1066.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.7 мянган тонноор бага байна.  2018 оны эхний найман сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1487.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 1421.0 сая ам.доллар болжээ.

Төмрийн хүдрийн экспорт  6134.3 мянган тонн буюу 422.3 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 819.6 мянган тонноор, үнийн дүн нь 181.9 сая ам.доллароор тус тус өсжээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.8 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.6 ам.доллароор өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт 4842.0 мянган баррель буюу 271.7 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 30.2 мянган баррелиар их болов ч үнийн дүнгээр 44.4 сая ам.доллароор бага байна. Үүнд дундаж үнийн бууралт нөлөөлсөн байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 65.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.1 ам.доллар болж буурчээ.

2019 оны эхний 9 сард 155.1 сая ам.долларын 499.9 мянган тонн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 155.3 мянган тонноор, үнийн дүнгээр 39.4 сая ам.доллароор тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 310.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.5 ам.доллароор буурсан байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 25.6 хувь ОХУ-д, 74.2 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Цайрын баяжмал:  2019 оны эхний 9 сард 100.7 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1441.2 ам.доллароор экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 223.8 ам.доллароор буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 145.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.4 сая ам.доллароор буурчээ.

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 37.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 сая ам.доллароор өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8133.5 ам.доллароос 8784.7 ам.долларт хүрч, 651.2 ам.доллароор өсжээ. 2019 оны эхний 9 сард 4229.4  тонныг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 199.2 тонноор бага байна. Молибдены баяжмалын 69.7 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

2019 оны эхний 9 сард 7464.5 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4032.6 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42104.9  ам.доллар байсан бол энэ онд 46121.4 ам.доллар болж 4016.5 ам.доллароор өссөн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллароор өсжээ.

Экспортын бүтцийг есдүгээр  сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын 83.5 хувь эрдэс бүтээгдэхүүнд; 5.8 хувь алтны экспортод, 6.5 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус  ногдож байна.

 БЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ИМПОРТ ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС ӨСЖЭЭ

Импорт 4598.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 247.7 сая ам.доллароор буюу 5.7 хувиар өссөн байна. Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 14 хэсгийн барааны импорт өсөж, 7 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 40.9 сая ам.доллароор; авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 179.7 сая ам.доллароор, хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 33.7 сая ам.доллароор, чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүний импорт 28.6 сая ам.доллароор тус тус өссөн ба ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 44.2 сая ам.доллароор, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 22.2 сая ам.доллароор тус тус буурчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1016.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 40.9 сая ам.доллароор буюу 4.2 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.4 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2019 оны эхний есөн сард 858.1 сая ам.долларын 1364.7 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 179.9 мянган тонноор, үнийн дүнгээр  43.4 сая ам.доллароор тус тус өсжээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 86.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.5 хувийг автобензин, 67.5 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.

2019 оны эхний есөн сард 397.2 мянган тонн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 78.2 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 702.1 ам.доллар байсан бол 2019 оны эхний есөн сард 599.0  ам.доллар болж 14.7 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 824.2 мянган тонн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 193.8 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний есөн сард  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 656.4 ам.доллар байсан бол энэ онд  615.6 ам.долларт хүрч 40.8 ам.доллар буюу 6.2 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.6 сая ам.доллароор нэмэгджээ.

2019 оны эхний есөн сард 943.6 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортолсон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 9.4 сая ам.доллароор буюу 1.0 хувиар нэмэгдсэн байна.

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 862.7 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 179.7 сая ам.доллароор өсжээ. Тайлант хугацаанд суудлын автомашин  55503, ачааны автомашин 18279 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 8886-аар, ачааны автомашины импорт 1431-ээр тус тус нэмэгдсэн байна.

Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нэлээд хувийг импортоор хангагддаг зарим нэр төрлийн  бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн хоёр жилийн байдлаар харуулбал, 14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 0.9 мян.ам доллароос 3684.1 мян ам доллароор өсөж, 10 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 270.2 мян.ам доллароос 10186.8 мян ам доллароор буурсан байна.

Оны эхний есөн сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр хуурай сүүний импорт 23.9 мянган ам.доллароор, алим лийрний импорт 3684.1 мянган ам.доллароор, шар будааны импорт 337.6 мянган ам.доллароор тус тус өсжээ.

Харин цагаан будааны импорт 2321.5 мянган ам.доллароор; элсэн чихрийн импорт 10186.8 мянган ам.доллароор, сонгино сармисны импорт 1854.8 мянган ам.доллароор тус тус буурсан байна.

Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байгаа бөгөөд 2019 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр дээрх төрлийн барааны импорт нийт дүнгийн 77.8 хувийг эзэлж байна. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний импорт 22.1 хувийг, машин тоног төхөөрөмж, сэлбэгийн импорт 20.5 хувийг, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 18.8 хувийг, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 6.9 хувийг, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 9.5 хувийг тус тус эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top