ХААН банк Чингэлтэй дүүрэгт “Өрхийн ногоон зээл” сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

2019 оны 10 сарын 11

Хүйтний улирал хаяанд ирсэн энэ өдрүүдэд гэр байшингаа дулаалах байгальд ээлтэй шийдлүүдийг та хайж байна уу?

ХААН Банк Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг дэмжин утаа бууруулахад хамтран ажиллаж, хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ийг гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдэд олгож эхэлсэн билээ. Энэ ажлын хүрээнд ХААН Банк Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Мэдээлэл инновацийн төв”-д өчигдөр “Өрхийн ногоон зээл” сурталчлан таниулах өдөрлөг зохион байгууллаа.
 

Чингэлтэй дүүрэг 180 мянган хүн амтай, нийт иргэдийн 80 хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд өвлийн цагт утаа гол тулгамдсан асуудал болдог. Хэрэв айл өрхүүд халаалт, дулаалгын байгальд ээлтэй эко шийдлүүдийг худалдан авч гэртээ тавибал утаа бууруулах боломж бий гэдгийг холбогдох албаныхан хэлж буй.

Өдөрлөгийн үеэр ХААН Банктай хамтран ажиллаж буй бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд халаалт дулаалга, эко ариун цэврийн байгууламжийн шинэлэг дэвшилтэт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулсан бол банкны зүгээс хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч, зээлийн хүсэлт авч ажилласан юм. 

Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн, ногоон худалдан авалтыг дэмжих зорилготой “Ногоон зээл”-ийн хүүнд БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 9 хувийн хөнгөлөлт үзүүлж, улсын төсвөөс санхүүжүүлснээр иргэд маш хямд нөхцөлөөр буюу жилийн  8 хувийн хүүтэй авах боломж олгож буйгаараа онцлогтой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top