Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

2019 оны 10 сарын 19

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан эрхэм Элчин сайдтай дахин уулзаж буйд баяртай байгаагаа дурдаад, олон жилийн найрсаг харилцаатай хөрш орны хувьд энэ жил Атар газар хамтран эзэмшсэний 60, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 70, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож, эдгээр баярыг өндөр хэмжээнд зохион байгуулахад хамтран ажилласанд талархсанаа илэрхийлэв.

Тэрбээр төмөр зам, нисэх, шатахуун нийлүүлэлт, оюутан солилцооны чиглэлд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах саналтай байгаагаа тэмдэглэн хэлэв. Мөн шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа хуучин нисэх буудалд нисэхийн нарийн мэргэжлийн сургууль, жижиг оврын онгоц угсралт, Боинг компанийн албан ёсны эрхтэй Ази дахь засварын төв байгуулж, нисэхийн зориулалтаар нь ашиглах төлөвлөгөөтэй байгаа ба энэ тал дээр хамтарч ажиллах саналаа илэрхийлэв.

Элчин сайд И.К.Азизов, Б.Энх-Амгалан сайдад хүсэлтийг нь хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, дээрх саналуудад онцгой анхаарал хандуулж, хоёр орны Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжлийн шинэ шатанд гаргах тухайд санал нэгдэж буйгаа онцлов. Мөн ирэх сард ОХУ-д зохион байгуулагдах “Тээврийн долоо хоног-2019” арга хэмжээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг оролцуулах тухай ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгыг Элчин сайд гардуулан өглөө.

Эх сурвалж: ЗТХЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top