Тэмээн жингийн тэмдэгт цуваа
Монголын Урчуудын эвлэлийн уран зургийн галерейд гурван зураачийн хамтарсан үзэсгэлэн гарч байгаа билээ. Эл үзэсгэлэн энэ сарын 8-ны өдөр хүртэл нээлттэй учир зорин очсон минь энэ.
Ачаатай тэмээ ертөнцийн хязгаар руу аз жаргал, зовлон гуниг, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл тээсээр явна. Магадгүй энэ тэмээн жин ирж яваа бол ирээдүйг, буцаж яваа бол өнгөрснийг тээж яваа байх. Ирж яваа тэмээдийг тосоод гүйе л дээ. Сүйх тэрэгнээс нь үзэсгэлэнт охин хацраа гэрэлтүүлэн, шанхаа шаргиулан гарч ирээд инээмсэглэх ч юм шиг. Уйдаж хүлээсэн буйдхан аглагт шинэхэн айлын буйр тамгалагдаж, удаж цөхсөн борогхон амьдралд нохдын цовоо дуу хөг нэмэх ч юм шиг. Агт морьдын үүрсээн, туурайн төвөргөөн амин зүрхийг цочоон хэн нэгэн гэрийн гадаа хоолой засан буух ч юм шиг. Үхэр тэрэгний хасаг дугуй орчлонг хураан, олз омог дүүрэн он жилийг авчрах ч юм шиг. Буурал өвгөн судраа дэлгэн дүнгэнэтэл ном айлдах ч юм шиг.
Монгол ахуй, монгол сэтгэлгээ нэвт үнэртсэн бүтээлүүд хөвөрсөөр. Харин энэ тэмээн жингийн цувааг буцаж явна гэж бодвол ирсэн бүх зүйл алсран буцаж, айлсан холдоно гэсэн үг дээ. Нам гүм дэх сэтгэлийн гүн дэх ээнэгшил, нас болоод нартын хөндүүрэл ямархан цурхиралтайг тэгэхэд л мэдрэх биз ээ. Нүүдэл бол амьдралын мөнхийн хөдөлгөөний илэрхийлдэг. Ирсэн ч, буцсан ч мөнхөд эргэлдэх орчлон хүмүүсийн итгэл үнэмшил, сүсэг бишрэл, онгод сүнсний хүчээр улам утга төгөлдөрждөгийг түүний бүтээл шивнэнэ.
Төрийн шагналт зураач Ц.Цэгмэд гуайн бүтээл онгод тэнгэрээс өөрөө аяндаа урсаж ирдэг гэлтэй. Эртний хадны зураг, тамга, тэмдэг, бэлгэдлийг монгол ахуйтай холбож дээд өвгөдийн гэрээслэлийг өдгөө бидэнд дамжуулах шиг санагдана. “Би тэмээ зурах дуртай. Тэмээ бол аз жаргалыг бэлгэдэж байдаг. Үхэр баян чинээлэг байдлыг, морь нь хийморийг, нохой нь анд нөхдийг, шувуу нь эрх чөлөө, янгир нь хувь заяаг бэлгэддэг” хэмээн тэрбээр хэлсэн юм. Үнэхээр л түүний зургууд дээрх амьтаар дүүрэн. Тэднийг ямар нэг бэлгэ зөн, бэлгэ тэмдэгтэй ижилсүүлж зуржээ. Зурахдаа зуръя гэж зураагүй өнгө будаг нь гарын аясаар цацагдан урсаж, тэнгэрийн тааллаар хэлбэр дүрсээ өөрөө олсон мэт.
“Сорогдог-Амины эзэн”, “Говилха-Заяагч тэнгэр”, “Хажид-Огторгуйд явагч”, “Сэрээнэн-Бугыг дарагч”, “Жүмбэрэл-Лид хувилгаан” зэргээр бүтээлийнхээ сүнслэг, шашинлаг нэрийг өгөхдөө тэрбээр санскрит, түвд нэрийн толиноос шүүдэг аж. Тэрхүү нэрсээ сугалахад утга учир нь яг л зөв таардаг гэлээ. Сонин байгаа биз. Магадгүй эртний хадны зураг, онгон шүтлэг, далд ертөнц, бурхан тэнгэр түүнтэй холбогдож энэ нэрсийг хайрладаг байх.
Нийгмийг шинэ илэрхийлэмжээр тольдъё гэвэл...
Уйтай бүдэг гэрэл, хүнд өнгөөр гоо сайхны хэтрүүлэггүй бодит нүцгэн үнэнийг эмэгтэй хүний биеийн хэлэмж, дотоод оршихуй, мөн чанараар уудалж илэрхийлдэг зураач бол Ц.Цацрал. Тэрбээр Берлин Урлагийн их сургуулийн Уран зургийн ангийг дүүргэж, Урлагийн академид мастер хамгаалсан эмэгтэй. Та төсөөлөөд үз дээ. Түүний “Тойруулга” зурагт үс гэзэг нь сэгсийсэн, харвин гэдэс нь унжсан нүцгэн эмэгтэйчүүдийг үнээний фермд дөрвөн хөллүүлээд хөхнөөс нь саалийн саалтуур дүүжилчихсэн байна гээд бод доо. Хэн ч ингэж сэтгэхгүй байх. Энэ зургаараа тэр эмэгтэйчүүд нийгэмд боол мэт хөдөлмөрлөж байгааг харуулахыг зорьжээ. Амьдралын хамаг л ачаа бүсгүйчүүдийн нуруун дээр байгааг тэр зоригтой, шууд, шударга хэлж чаджээ. Эмэгтэй хүний эрхэмсэг чанар, гоо үзэсгэлэн, хөлс хүчийг энэ нийгэм саалийн ферм шиг юу ч үгүй ховх сорчихоод тэднийг мөнгөлөг, өнгөлөг, ажилсаг, чадварлаг, халамжтай, хайр татам, хөөрхөн, сайхан байхыг шаарддаг нь харгис биш гэж үү? Тийм ээ Цацрал яг л тэгж хэлсэн юм. Түүний зурдаг урсгал Нео-экспрессионизм нь 1960-аад оны эхээр зонхилж байсан бөгөөд сэтгэлийн хөдлөлөөр зурах илэрхийлэмж юм.
Энэ нийгмийг егөөдөж шүүмжилсэн удаах зураг нь мөн л эмэгтэйчүүдийн тэгш эрх, жендерийн асуудлыг хөнджээ. “Би гэрээ засаад хүлээж байна” зурагт шувууны үүрэнд улаахан уруултай, улаахан өндөр өсгийттэй нүцгэн эмэгтэй хэн нэгнийг хүлээн гэгэлзэн хэвтэнэ. Энэ нь түүнийг биеэ засаж, мэдлэг боловсрол, үзэл бодол нь тэгширсэн дунд эргэм насны эмэгтэй гэдгийг илтгэх бөгөөд үүрийг тойруулж өнгө, өнгийн гэрлэн бөмбөлөг асаасан нь гэрээ засаад, ажил амьдрал нь цэгцэрсэн гэдгийг харуулна. Харин түүний дэргэд зогсолтгүй эргэх цаг амьдрал мөнх бус гэдгийг сануулах аж. Эмэгтэй хүн амьдралын төлөө өдөр, шөнөгүй өөрийгөө умартан хөдөлмөрлөсөөр одоо л жаргах нь гэтэл хажууд нь түших хань нөхрийн орон зай ханхайх нь харамсалтай. Үүлний сиймхийгээр сарны туяа бүдэгхэн тусах нь ямар нэгэн итгэл, хүлээлт, горьдлого эмэгтэйн сэтгэлд сүүмэлзсээр буйг илтгэнэ. Одоогийн нийгэмд яг л ийм ганц бие эмэгтэйчүүд олон гэхэд хилсдэхгүй. Гэтэл эрчүүд нь хаана байна аа? гэсэн санааг мөн л ичиж, зоволгүйгээр ил тодоор илэрхийлжээ. Мөн түүний “Шамбалын орон”, “Туулайхан”, “Аварга могой зүүдэлсэн нь”, “Одод түгээд” зэрэг зургууд зураач бүсгүй хэлье гэснээ хэлчихдэг дайчин чанартайг нь баталж байв.
Танхимын голд хараа булааж буй цэцэгсийн дунд чамин гоё нэртэй үнэртэй ус өрөөтэй байлаа. Ц.Цацрал зураачийн үүсгэн байгуулсан “Урлан парфурманс” брэнд нь 2016 онд анх олны хүртээл болсон аж. “Уран зураг, сүрчиг хоёр хоорондоо увдислаг шинж чанараараа төстэй байдаг. Тиймээс би 10 гаруй жил үнэртэй ус цуглуулж явахдаа өөрийн гэсэн үнэртэй усны брэндтэй болно гэж мөрөөдөж байсан. Миний будаг нь ханхалсан урлангийн өрөөнд үнэртнүүдийн санаа мэндэлсэн болохоор сүрчгээ “Урлан” гэж нэрлэсэн” гэж тэр хэлэв. “Урлан парфурманс” брэнд нь хүйс үл хамаарч түрхдэг зургаан төрлийн ус үйлдвэрлэдэг. “Хийморь”, “Шамбалын орон”, “Үүрийн цолмон”, “Цас чихэр” зэрэг үнэртнүүд өөр өөрийн гэсэн өвөрмөц тансаг үнэрээрээ соронзон мэт татна. Монгол бичгээр таталган бичсэн сүрчгийн сав баглаа боодол ч чамин харагдаж байлаа. Монголдоо анхны брэнд гэдгээрээ онцлогтой энэхүү сүрчгийг сонирхохыг хүсвэл "Ачлал" их дэлгүүрийг зориорой гэсэн юм.
Нүд гялбаж, хацар эсгэм солонголог ертөнц
Хурц тод өнгө, хурц өнцөг, хурц илэрхийлэмж бол У.Батцоожийнх. Кубизмийн урсгалаар уран бүтээлээ туурвиж яваа залуу уран бүтээлчийн бүтээлээс нүд гялбам хурц гэрэл, хацар эсгэм шилний хэлтэрхийнүүд хуйларсан салхи, ер бусын эрчистэй уусан орчлонд байдаггүй содон солонголог ертөнцийг бүрдүүлнэ. Магадгүй түүний дотоод сэтгэлд энэ ертөнц хамаагүй юм шиг. Түүний нүдний бүрхүүлд тэрхүү солонголог содон гэрэл гялбах шиг. Тэр огт өөр гарагаас ирсэн зочин юм шиг. Болно гэж үү? Ердийн нэг амьдралыг тасчиж хаямаар хэрчсэн олон огтлолцол дунд тайвширч болмоор хаялга цацаатай зурж болно гэж үү?
Түүний “Мөнхийн домог шиг хээрийн салхи”, “Сэтгэлийн гүн рүү ниснэ”, “Цагаан суварга”, “Хөх зэв”, “Өглөө”, “Гялбаа” зэрэг бүтээлүүд түүний содон ертөнцийн тод төлөөлөл. Тэрбээр 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд 15 жил уран бүтээлээ туурвиж байна. 2008 онд, 2012 онд бие даасан үзэсгэлэнгээ тус тус гаргаж, хамтарсан олон үзэсгэлэнд оролцож байв. Өнгөрөгч хоёрдугаар сард “Ойллого” нэртэй үзэсгэлэн гаргаж, үндэсний хэв маягтай өөрийн гэсэн кубизмийн урсгалыг зарлан тунхагласан билээ. Зураач У.Батцоож “Кубизм гэдэг нь хурц өнцөгтэй хатуу дүрсээр илэрхийлэгддэг. Түүнийг хэрхэн уян налархай хөдөлгөөнд оруулж, зөөлөн хэлбэртэй болгох вэ гэдэг нь тухайн зураачийн чадвар. Зургийн агуулга, мөн чанараас шалтгаалж амин сүнс нь ямар өнгөөр илрэх вэ гэдгээ сонгодог. Дулаан өнгөтэй байх юм уу, хүйтэн өнгөтэй байх юм уу гэдгийг зураг өөрөө л шийддэг. Хүний хөргийг ч кубизмээр зурж болно” гэж даруухан өгүүлсэн юм.
Пабло Пикассо, Жорж Брак нар 1907 онд туйлын шинэ арга маяг болох кубизмыг бүтээсэн юм. Поль Сезанны бүтээлүүдээр урамшиж зоригжсон тэд ертөнцийг тусдаа хэсгүүдэд хуваажээ.Сезанн хавтгайг баримталдаг байсан бол кубистууд, эсрэгээр, өөрсдийн юмсыг тал талаас нь үзүүлж, тэднийг нэгэн зохицсон хэлбэрт нэгтгэдэг байв. Ийм хэлбэрээр, тэд Сэргэн мандлын үеэс барууны урлагт зонхилсоор ирсэн төвлөрсөн алслалт дээр үндэслэгдсэн зургийн орон зайг эвдэв. Геометрийн гурвалжин дүрсээр “тоглож” бүтээсэн өнгө будгийн мэдрэмжтэй хослол басхүү сэтгэлгээний үсрэнгүй “тэсрэлт” хийсэн энэ урсгал нь уран бүтээлчдийн дунд хайрцаглагдан дасал болсон орчноос хальж, үзэл бодолдоо ч арга барилдаа ч тэсрэлт шинэчлэлт хийн өөрийн гэсэн өнгө будгийн хоршил, дуу хоолойг олох гэсэн түгээмэл шаналлаас бүтсэн гэж болно. Кубистууд үзэгч объектыг янз бүрийн талаас нь ажиглан түүнийг бодит байдал дээр хэсэг хэсгээр нь харж , нэгдмэл байдлаар хүртэхүйн хэд хэдэн үзэл бодлыг хослуулдаг. Батцоожийн бүтээлд энэ нь дотроосоо алсуур яргаж, бодлоосоо аниргүйхэн цохилсон зөөлөн хэлбэр, дулаан өнгөтэй шүтэлцүүлэн илрэх боловч үес үесхэн мөнөөх л нүд гялбам гэрэл гялсхийгээд, хацар эсгэм мэдрэмж тэмтрэгдээд ирэх. Сэрлийн мөнгөн тэмтрүүлээ түм буман удаа эсгүүлж, дахин давтагдашгүй солонголог мэдрэмжийг амталсаар зогсном.
Сэтгэгдэл ( 0 )