ОНГОД: Голын цаана байх нь Норовын Гантулга

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

"Зиндаа" сэтгүүлийн 2019 оны №13 дугаараас онцолж байна. 


Норовын Гантулга 2000-аад оноос манай яруу найрагт цахиур хагалан тодорсон авьяаслаг нэгэн билээ. 2017 онд хэвлүүлсэн “Голын цаана” түүвэр нь энэ найрагчийн гүн сэтгэлгээ, эр бяр, үгийн сайн урлаач болохыг бэлхнээ илтгэх бүлгээ. Шувуудаа үгүйлсэн сансрын тойрог зам, Ямархан газрын эрх чөлөө, Хөхрөгч аглагийн тэнгэр хэмээх гурван бүлгээс бүрдэж буй дээрх ном Гантулгын дотоод ертөнцийн толь юмаа. “Өдгөө цагийн өнгөнд цэцэглэн бадарч, шүлэг найраг нь олны анхаарлын төвд яваа, шуугиан дэгдээгч хүчтэй залуучуудын нэг (Доктор Д.Галбаатар)” бол Гантулга яахын аргагүй мөн билээ. “Болор цом”-ын эзэн тэрбээр бас сайн сэтгүүлч бөгөөд “Бөхөн шарын тэмдэглэл” хэмээх хөрөг нийтлэлийн ном нь үүнийг илтгэх болой. Дотоод орон зайн урсгал, Сэтгэлийн шилэн хананд зэрэг яруу найргийн чамбай номоо олны хүртээл болгосон Булган хангайн хүү Гантулгын шүлгээс “Онгод” буландаа залав.

Э.Хархүү


ГОЛЫН ЦААНА

Шаргал халиун буга урамдах нь сэтгэлд нэг л уйтай санагдаж

Шашир цацагтай тэнгэрийн хөшгийг ярья гэхэд голын цаана байна

Шаавай түргэн гүйдэлтэй салхи өвгөн зулайг нь илбэсэн

Шарга манхан уулсдаа намрын сардаа очъё гэхэд голын цаана байна

Дан тэрлэгтэй бүсгүй гэгээн мөрөөдлийг минь тунартал мишээхэд

Далд ертөнцийн цэцгийг тасдаж өгье гэтэл голын цаана байна

Хаа тэртээ дорно зүгээс давхисан бүгээн морьтой хүн

Хадган баринтагтай судар дэлгэж

Хөшөөтөд минь буусан ч голын цаана байна

Унахад минь тоссон газар шороо,

Арцын улаан хад

Уйлахад минь аргадсан эх дэлхийн наран, саран ч голын цаана байна

Улалзаж буй галын дөл бадарсан гүн харанхуй шөнөөр

Удган бөөгийн дуудлагыг чагнаж сууя гэхэд голын цаана байна

Сэтгэлээс минь мандсан нар сэтгэлд минь жаргадгийн учир

Сэвсгэр саарал үүлсийн чөлөөнд хүмүүс ирж буцдагийн учир

Энэ биенээс минь тасарсан бүхэн голын цаана байна

Энэ л бие рүү минь тэмүүлсэн болгон голын цаана байна

Багадаа дуудаж үсэг бүрийг нь цээжилсэн алтан хуудастай судар

Бараа нь үгүй аль хэдийнээ буцчихсан сахалтай буурал өвгөд голын цаана байна

Түүчээ тогоруудын цэн нулимсанд хулсан бийрээ дүрж

Түмэн оны заагт ганцхан шүлэг бичье гэхэд голын цаана байна

Хүмүүний амьдралын мөн чанар төрөх-үхэхийн саруул зам

 Хөл дор минь гишгэгдсэн өвсний зовлонтой дуу голын цаана байна

Голыг хэрхэн яаж гатлах цагаан бодол, гэрэлт зүүдэнд хөрвөөсөн

Голт эр чоно л харин голын наана байна

2003.07.29 Хөшөөтийн гол.


ЦАГААН ЭРЭГ

Ялдам нарны гэрэл

Ялдам нарны гэрэл хайр энэрэл хэмээх шувуудын минь далавчийг норгоход

Яруухнаар дотогшоогоо урсаж, далайн гүн дэх бүдэг жимээрээ алхдаг

Тэнд би Арван тавтай охины уруулыг шимж үнссэн нандин агшнаа орхисон юм

Аглаг буйдын цагаан шөнө, хавирган сарны санаа алдалт,талын навчсын эмзэгхэн сэрчигнээг орхисон юм

Цээжин гүний шувуудын далавч нарны гэрэлд бадаглахад эл бүгдээ санадаг би

Цэцгээр урссан гунигтай далайн гүн дэх хадан хясаан дээр өвгөн шувуу шиг суудаг

Хонгор түүнийхээ уруулыг үнссэн тэр л агшнаа олж, гэрэл гэгээнд нь уусаад

Хорин дөрөвтэй үдшийнхээ салхины намууныг өвснийх нь тунгалагт алдахад, харц минь ер бусаар нисдэг ээ.

Зүүнхангай, Ханхөхийн нуруу

2007.07.26


УЛААН ХАДНЫ ОРОЙ ДЭЭР “УЛААН” БОЛТОЛ СУУГААГҮЙ БОЛ...

Яруу эгшиглэнт тэлмэн долгио хаялах Дэлгэрийн буурал нууранд

Ягаан зэгс найгатал намрын салхи сэвэлзэж, дүүрэн шувууд чуулдагсан

Нулимс мэлмэрэн мэлмэрэн урсах тэр л үдшийн хөх зэрэглээнд

Нуур долгилох адил хатираа хүлгийн минь морин сойлго исгэрдэгсэн

Жавхалзсан эрчүүд халамцуу энгэр задгай мордоход

Жаахан шаргын гэгэлхэн аялгуу мөрөөдөл шиг минь холддогсон

Ижил зүсмийн наран хонгор морьд уяан дээр багширч

Ирэх зууны цэв цэнхэр эгшиглэн сэтгэлийн гүн рүү урсдагсан

Нэг л зуны гурван сард өвгөдөө үдэж, өөр олон хүнийг угтах

Нээрээ мөн чиг сонин юм даа хүмүүний амьдралын утга учир

Дээл хөөргөж бүсэлсэн аавынхаа дэргэд, Монголынхоо зүүдийг манаж

Дэлхий алгадаж ниссэн хүрэн бүргэдийн өндөр авах цагаар

Улаан хадныхаа орой дээр “улаан” болтол суугаагүй бол

Ургах нарны тунгалаг туяаг ижийнхээ амьсгал гэж яаж мэдэхэв

Лавай цагаан орчлон зүрхэнд минь нуугдаж

Лааны богинохон гэрэлд ертөнцийн хөмсөг тодордгийг яаж мэдэхэв

Хөшөөтийн гол, Цагаан эрэг 2003.08.10


ЭХ ОРОН

Хаан Чингисийн хүлэг амгай даран ергүүлэхэд

Халтар тоос нь тэнгэрт босох эх орон минь юм

Хаврын зэрэглээн дунд хөллөж тэнцсэн унага

Халуун сүүгээ садартал хөхөх эх орон минь юм

Хэрлэнгийн шугуйд далиа сэгсэрсэн өвгөн бүргэд

Хээр талд газардаж Өгөдэйн бууцанд шингэх эх орон минь юм

Дэлүүн болдогийн оройд азарган чоно улих

Дэргэд суугаа ижий минь Алунгоон сургаал хайлах эх орон минь юм

Нууц товчооны алтан хуудас дэргэтэл янцгаах

Найман шаргын сул намирсан дэл сүүл эх орон минь юм

Нуураа цалгитал ниссэн шувуудын аранзал улаан ганганаа

Намаржаан дээгүүр минь нулимс цэлэлзүүлж буцах эх орон минь юм

Замбуулин цууртал хашгирсан нялх хүүхдийн дуу

Занабазарын урласан Ногоон дарь эх эх орон минь юм

Эрдэнийн хос загас, морин хуурын чавхдас

Эхийн сүү нэвчсэн зурхайгаас морьд эргэх эх орон минь юм

Наран ургах тэртээгээс эцэг минь хөтөлгөө морьтой давхиж

Намрын зүсэрсэн бороо хөх өвгөд шиг минь буцах эх орон минь юм

Дурдан цэнхэр үдэш амрагаа санаж гансрах

Дуран хар нүднийх нь талимаанд буцахаа хүртэл мартах эх орон минь юм

Нялхад эцгийн минь үргээсэн сэвлэг үнэрээ гээж

Насны мөнгөн хяруу шанханд минь буух эх орон минь юм

Надад бүтнээр нь өгсөн эрх чөлөөг хязгаарлаж тэнгэрийн зүгт одоход

Нар сарны алтан заагаар харвах ганц од эх орон минь юм.

Механик инженерийн сургуулийн дотуур байр,

412 тоот 2002.11.12

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top