ӨГҮҮЛЛЭГ: Товог сайр

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 09

Энэ удаагийн “Утга зохиол” буланд Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагвын “Товог сайр” өгүүллэгийг хүргэж байна.


Дэлгэрхангай уулын орой дээр бараантан хүглэлзэж байсан том том толгойтой үүлэнд үе үе аянга цахилгаан цахилж, доошоо хөллөн судайснаа хөхөртөн өтгөрөөд салхиа барин наашилж байлаа. Манай хавиар үе үе салхилан хуй яваад удахгүй бороон түрүүч орж ирэх нь илэрхий болов. Баруун хойноос наашаа нүүрлээд ирж байгаа борооноос урьтаж ээж минь аргал түлшээ бүтээж, би хонио ойртуулахаар мордсон билээ. Удалгүй дуу цахилгаантай ширүүн аадар асгаран буув. Хонин дээрээ дөнгөж хүрээд гэрээдээ эргүүлж байсан би бороонд шалба цохиулав. Ширүүн бороо нэг их удаагүй юм. Арван минут орчим л болсон байх. Тэр богино хугацаанд сул ус асгачихаад өнгөрсөн борооны дараа энд тэндгүй ус халин, хотгор хонхор газар, тойром хөв, бүхэн булхайтал дүүрсэн билээ. Бороо орж задгай устай болоод ногоо хэнзэлсэн хачин сайхан зунаар манайтай айл бууж гүүгээ дундаа зэллэн унагаа уяья гэж “Тоодон” Сумбаа ирэв. Намхан биетэй, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, дөч гаран насны шар хүнийг манай нутгийнхан Тоодон Сумбаа л гэцгээх. Дээлээ их хөөргөж бүсэлдэг болохоор тоодойсон хормойтой харагддаг юм. Тэгээд ч Тоодон гэсэн байж магадгүй л юм. Сумбаа бол унаанд хөнгөн сэргэлэн эр билээ. Ёстой л нэг лүндаа жавхаатай эрчүүдийн нэг дээ жижигхэн биетэй ч гэсэн адуунд эрэмгий гэж яана. Дандаа л дэлийг нь сумлаад засчихсан сайхан сайхан морьд унаад тэлгүүлж галигуулж явах. Том болоод Сумбаа ах шиг адуунд эрэмгий хүн болохсон гэж бодно. Тэр өдөр Сумбаа Товог сайр гэдэг зассан шагай шиг жижигхэн хээр морио унаж ирсэн юм. Эрэмгий харцтай, хачин гоё чихтэй, хөөрхөн хийцтэй жижигхэн хээр морийг нь манай нугийнхан Тоодон Сумбаагийн Товог сайр ч хүлэг дээ гэж ирээд ам уралдуулан магтацгаадаг билээ. Мөн ч сайн морь доо, ямар ч байсан нэг өдрийн цогиотой ажнай бол Тоодонгийн Товог сайр шүү дээ гэцгээх нь энүүхэн энд. Тийм болохоор би Сумбаагийн Товог сайрыг сайн мэддэг билээ. Сумбаа манайхтай айл аймаг бууж гүүгээ барихаар болоод мордлоо. Хээнцэр чамин хийцтэй жижигхэн хээр морио эрэгцүүлэн байж мордоод тоос татуулан одох тоодон Сумбааг хараад би ийм сайхан морьтой болох юмсан гэж бодлоо. Тэгээд ааваас Сумбаа гуайн хээр морийг яагаад Товог сайр гэдэг юм бэ гэж асуувал аав минь. Шүдлэн байдасны унага дахиад шүдлэн байдсандаа унагалаад тэр нь эр унага гарвал түүнийг Товог сайр гэж байгаа юм. Мөн ч шандастай хүлэг байдаг юм даа. Намайг залууд манайд нэг хар морь байсан юм. Бас л Товог сайр. Түүнийг унаад адуу тэмээнд бишгүй л явж байсан зогсоож чадаагүй л юм даа гэлээ. Аавыг ингэж хэлэнгүүт би аажуу хээлтэй хүрэн байдсыг санав. Тэр хүрэн байдас шүдлэн настай хээлтэй байдас л даа. Түүнээс охин унага гараад тэр охин унага нь дахиад шүдлэн байдсандаа унагалаад тэр нь эр унага гарвал би Товог сайртай болох нь гэж бодлоо. Тэхдээ л мөн ч хол байна даа. Тоодон Сумбаагийнх манайтай аймаг бууж дундаа гүүгээ зэллэн унагаа уялаа.

Сумбаагийн хоёр азарга адуу, өөрийн гурван азарга адууг би л хурааж ирдэг байлаа. Сумбаа гуайн эхнэр Нунсалмаа гэж налалзсан шар авгай байх. Ааш зан, унд ус сайтай гэж жигтэйхэн. Тэднийх сайхан айл ганцхан үр хүүхэд байхгүй нь жаахан тиймхэн. Тэгээд ч намайг гар хөлийн үзүүрт тус дэмтэй гэж бодоод манайхтай аймаг буусан байх. Би ч гэсэн унагаа уяах, татах, унаагаа юүлэх энэ тэрд нь аль болох Сумбаа ахыг хөдөлгөхгүй байхыг бодно. Өглөө зэлний адуу хураах унаа барих болоход Сумбаа ах манай тэрийг бариад ав. Маргааш өглөө энүүгээр адуу хураагаарай гэж надад морь зааж өгнө. Тэднийх сайхан сайхан морьдтой бас хэдэн сайхан үрээтэй билээ. Тийм болохоор би нэг өглөө нь өөрийнхөө морьдоос дараа өглөө нь Сумбаа ахын морьдоос ээлжлэн барьж адуунд явдаг боллоо. Гэтэл нэг өглөөгүүр Сумбаа ах Товог сайраа зааж маргааш энүүгээр нэг адуу хураагаарай гэлээ. Би ч баярласан гэж жигтэйхэн. Үүр дөнгөж тэмдэгрэж байхад би адуундаа явахаар гэрээс гарч ирлээ. Шон дээр Тоодон Сумбаагийн Товог сайр уяж хоносон болохоор тэгсэн үү яасан дөрвөн хөлөө эвхээд бөгвийтөл зогсож байлаа. Чөдрөөр өрөөлдсөнөө аваад уяанаас тайлан эмээлээн тохож байхад бээвийгээд нэг л эвгүй байлаа. Эмээллэж дуусаад хөтөлж хөдөлгөсөн ч үгүй яльгүй хантайран дараад сэвхийтэл мордлоо. Товог сайр ухсхийснээ тагшиж гарлаа. Халзаараа чигтээ хөнгөхөн хэд тагшаад  явдлаа жигдэрүүлэн дэргэж эхлэв. Явдал зөөлөнтэй, хөнгөн хөлтэй хээр морь хазаар даран дэргэнэ. Үүрийн агаар зайдлан зүсч алтан хараацай өмнө хойгуур шунган ниснэ. Хээр морины хатирах нь янзтай юм аа. Хоёр жавжаар салхи сүүгтэл хатирч байлаа. Адууныхаа цаад захаар ороод адуугаа хумьчихаад араас нь хөндийхөн дагаж явахад Товог сайр шамбилзтал алхалаад толгой хаялан дүүхэлзэнэ. Зүгээр л биеийн аясаар налран хөдлөх аж. Шүдлэн байдаснаас гарсан унага шүдлэн байдсандаа унагалаад гарсан унага нь ийм шандастай байдаг. Түүнийг нь монголчууд Товог сайр гэж бүүр оноод нэрлэчихсэнд би гайхан биширч явлаа. Тэр үеэс хойш Товог сайртай болох юмсан гэсэн хүсэлд хөтлөгдөж эхэлж билээ. Тэр жил намрын эхэн сард орой хээлтэй хүрэн шүдлэн охин унага гаргасан боловч тэр охин унага нь шүдлэн байдсандаа унагалсангүй. Гэвч би үнэн шандаст хүлэг Товог сайртай болох хүслээсээ ухраагүй юм. Өөр бусад хүмүүст Товог сайр байвал худалдаад ч болсон авах юмсан гэж битүүхэндээ сэм нам хүн хараас сураглах боловч тийм Товог сайр ажнайтай хүн байхгүй л байлаа. Аргагүй биз дээ Шүдлэн байдасны унага шүдлэн байдсандаа унагалана гэдэг бол элбэг тохиолдоод байдаг зүйл биш аж. Унагалалаа унагалалаа гэхэд тэр унага нь тэр болгон эр гараа ч үү, үгүй ч үү. Иймийн учир Товог сайр хэмээх шандаст хүлэг тийм ч элбэг биш байдаг ажээ.  Олон жил өнгөрчээ. Би айл болж аавын голомтоос галаан тасдаж өрх толгойлсон эр хүн болов. Аавынхтайгаа айл нутаглана. Аавын минь өмчинд тасдаж өгсөн адуу овоо өсч хөрс сайхантай олон адуутай болов.

Угсаа угшилыг нь сайжруулах гэж би ч энд тэндээс удамтай үрээ авч азарга тавина. Гүүгээ арай бариагүй байсан үе. Зуны дунд сарын тогтуун сайхан өглөө усанд цувж ирэх адуугаа хүлээгээд хүлээгээд ирсэнгүй. Тэгэхээр нь адууны бэлчээр лүү адуугаа тосч харах санаатай Модот ухааг даван шогшиж явтал манай хар халзан азаргатай адуу Цагаан толгойн ар дээр хороод зогсож байгаа харагдав. Адуунаас арай онцгойдуу нэг бараан адуу байх юм. Түүн рүү Халзан азарга давхиж очоод ижилд нь нийлүүлэх гэсэн боловч нөгөөх эргэж зугтаагаад байгаа харагдлаа. Юу болоод байгааг сайн ойлгохгүй л байлаа. Унаа морио давирч ширүүхэн дэргүүлсээр Хар халзан азаргатай адуун дээрээ ирвэл аймаг сумын наадамд олон удаа түрүүлсэн Алтан хэмээх хүрэн азарганы маань дүү, ухаа шүдлэн байдас хөөрхөн эр зээрд халзан унага гаргачихсан байлаа. Миний магнай тэнийж хачин их баярлав. Өөрийн эрхгүй хөөр төрөөд тэр унагыг харах бүр баярын нулимс нүд бүрхээд байлаа. Тиймээ, би Товог сайр хэмээх шандаст хүлэгтэй болж байгаа нь энэ билээ. Миний ухаа байдас өөрөө шүдлэн байдасны унага байсан юм. Эр болгонд заяагаад байдаггүй шандаст ажнай Товог сайраа гэж...

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top