Увс аймаг Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо

2019 оны 11 сарын 15

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд баригдсан Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын ажил дуусч, Улсын комисс ажиллан, ашиглалтад хүлээн авлаа.

Энэхүү авто замын нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ЗТХ-ийн сайдын зөвлөх Н.Амарсайхан, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан болон авто замын барилгын ажлыг гүйцэтгэгч компаниудын удирдлага, авто замчид оролцов.

Дээрх чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сум, 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд болон Ховд аймгийн хойд сумдууд, Завхан аймгийн Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумд хамрагдаж, тус бүс нутгийн ард иргэдэд тав тухтай, аюулгүй, богино хугацаанд зорчих боломж бүрдэж байна. Мөн эрүүл мэнд, боловсрол болон бусад нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, цаг алдалгүй хүртэх, тээвэр ашиглалтын зардал багасаж, ачаа тээвэрлэлтийн хугацаа богиносох, ая жуулчлал хөгжих зэргээр бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм.

Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн өргөн 7 метр, бэхэлгээний хөвөөний өргөн 0.5м*2, хөвөөний өргөн 1.5 метр, суурийн доод үе 30 сантиметр, 4-6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 20 сантиметр, суурь асфальтбетоны зузаан 4 сантиметр, өнгө асфальтбетон 3 сантиметр зузаан юм. Мөн давуулах далан 560 урт метр, 216 цэгт хиймэл байгууламж хийгдэв.  

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top