Оюуны өмчийн хулгайг зогсоох цаг иржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Лангуун дээрээс талх хулгайлах нь хулгай. Оюуны өмч зөрчих нь хулгай биш...

Харамсалтай нь бид одоо ч энэ сэтгэлгээнээсээ салж чадсангүй. Нэгнийхээ санааг хулгайлж хэрэгжүүлэхдээ агаарт байсан зүйл хэний ч өмч биш гэж ам тагладаг сэтгэлгээ Монголын урлагт оюуны өмчийн хулгай гэх томоохон саад тотгорыг бий болгосон. Оюуны өмчийн хулгай бол хүний эд хөрөнгийг хулгайлж байгаатай адил зүйл. “Кино бол хамгийн азгүй урлаг” гэж Оросын алдарт кино найруулагч Андрей Тарковский нэгэн цагт хэлсэн байдаг. Кино сонирхдог, үздэг, бүтээдэг, хайрладаг хүмүүсийн хувьд энэ бол хэтэрхий эмзэг боловч хамгийн үнэн өгүүлбэр.

Өчигдөр “Оюуны өмчийг дээдлэн, кино урлагаа хамгаалъя” аяны хэвлэлийн бага хурал болж, уран бүтээлчид мэдээлэл хийлээ. “Өнөөдөр Монголд  нэг кино багадаа 100 сая төгрөгөөр бүтэж байна. Хийсэн кино нь мэдээж ашиг олох ёстой. Олсон ашгаасаа зээл, уран бүтээлчдийн цалин, хөлс гээд олон зардлыг хасах зарчмаар монгол кино гэлдэрч яваа. Орчин үеийн монгол кинонууд ямар ч чанаргүй гэж олон хүмүүс ярих болсон. Үзэгч, сонирхогчид чанартай кино үзмээр байвал эдийн засгийн хувьд монгол киног дэмжих ёстой. Хулгайн замаар бус кино театрт, iptv-д ороход нь үзэж, бодит хувь нэмрээ оруулах хэрэгтэй” гэж найруулагч Ц.Хүсэлбаатар хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв. Асуудал гэвэл ердөө л энэ. Иргэд нь кино урлагаа дэмждэг байх ёстой. Кино үзэж буй мөнгөө хулгайн наймаачдад бус кино театрт зориулдаг байх хэрэгтэй.

Нэг үеэ бодвол CD дээр хуулсан кино хүмүүс үзэх нь багасжээ. Энэ нь цахим орчинд хүссэн цагтаа, хүссэн киногоо үзэх нөхцөл, боломж бүрдсэнтэй холбоотой. Киногоо алдсан уран бүтээлчид оюуны өмчөө хамгаалуулахын тулд хэсэг хугацааг зарцуулдаг ч ихэнхдээ шантардаг тухай хэвлэлийн бага хурлын үеэр ярьж байсан нь одоо л энэ асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулах цаг нь ирснийг илтгэж байна.

Харин “Оюуны өмчийг дээдлэн, кино урлагаа хамгаалъя” аяныг дэмжиж монголын бараг бүх кино продакшн, хувийн хэвшлүүд нэгджээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нар хамтран зохион байгуулж буй тус аяны гол зорилго нь оюуны өмчийн хамгаалалт, оюуны өмчийн тухай хууль, эрүүгийн тухай хууль болон бусад хууль, эрх зүйн орчны зохицуулалтын талаар олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох. Албан ёсны эрхтэй кино уран бүтээлийг хууль бусаар олшруулах, цахимд орчинд түгээхийн хор уршиг, гарах үр дагаврыг таниулах. Оюуны өмч, кино уран бүтээлийн хамгаалалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго, зорилтыг тодорхойлж, уран бүтээлч, салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг аж.

Яг үнэндээ иргэд ч бус уран бүтээлчдэд оюуны өмчийн тухай мэдлэг нэн тэргүүнд хэрэгтэй байгаа үнэн. Хамгаалах хэрэгтэй байгаа гэдгийг уран бүтээлчид мэддэг ч хэрхэн, яаж гэдгээ мэдэхгүй байна. Үр дүнтэй алхам хийхгүй бол нөгөө л нэг бид оюуны өмчөө хамгаалах ёстой байна гэсэн ярианаас цааш хэтрэхгүй хэвээр л байх вий гэсэн бодлыг төрүүлнэ. Оюуны өмчийн талаар, уран бүтээлчдийн хөдөлмөр, үнэлэмж, үнэ цэнийг бий болгох талаар зөв мэдлэг,

мэдээлэл, зөв хандлага, ойлголтыг уран бүтээлчид л өгч чадах юм.  Оюуны өмч зөрчих бол хулгай, оюуны хөдөлмөрийг үнэгүйдүүлж буй гэмт хэрэг гэдгийг нийгэм ойлгох цаг иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top