Казахстанд сайд, засаг дарга нарын сахилга, хариуцлагыг чангатгах хууль батлагджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Казахстан улсад төрийн сайд, засаг дарга нарын томилсон албан тушаалтан авлигын хэрэгт холбогдсон нь шүүхээр батлагдсан тохиолдолд сайд, засаг дарга нартай шууд хариуцлага тооцох шинэ хууль албан ёсоор батлагдлаа.

Тус улсын Ерөнхийлөгч Кассым Жомарт Токаев арван нэгдүгээр сарын 28-ны өдөр дээрх хуульд гарын үсэг зуржээ.

Хуульд тусгаснаас үзвэл тухайн албан тушаалтны гэм буруутай нь шүүхээр  тодорхой болсноос хойш тухайн албан тушаалтны улс төрийн болон төрийн албан тушаалтай нь давхар хариуцлага тооцох юм байна.

Ерөнхий сайдын томилсон сайд авлигын хэрэгт холбогдвол Засгийн газрыг шууд огцруулах нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнчлэн сайд нарын томилсон харьяа агентлагуудын албан тушаалтан, Нур-Султан, Шимкет зэрэг томоохон хотын захиргааны аль нэг ажилтан хэрэгт холбогдвол хотын захирагч нартай нь хариуцлага тооцох процедуртай байх аж.

“Казахстан улс тусгаар тогтносноос хойш төрийн өндөр албан тушаалтан, дунд шатны албан тушаалтантай хариуцлага тооцох хуулийг анх удаа баталлаа. Энэ хууль авлига, хүнд суртлыг арилган, төрийн албаны хариуцлагыг нэмэгдүүлэх нэг үндэс болно” гэж Казахстан улсын Ерөнхийлөгч Кассым Жомарт Токаев ярьжээ.

Казахстан улсад одоогоор авлигын хэргийг зохицуулах 19 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Жил бүр тус улсад дунджаар 2000 гаруй төрийн албан хаагч авлигын хэрэгт холбогддог гэсэн судалгаа гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top