Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн БАЯРЫН ХУРАЛ болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 08

Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал өнөөдөр /2019.12.08/ Соёлын төв өргөөнд болж байна. Хуралд ардчилсан хувьсгалын партизанууд, АН-ын гишүүд дэмжигчид болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд өнөөдөр хүндэтгэлийн хурал болохоос гадна шагнал гардуулах ёслол, Их эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөн ёслол, баярын хүндэтгэлийн концерт, 30 жилийн ойд зориулсан гар зургийн болон гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт болох юм.
 

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүндэтгэлийн хуралдааны үеэр хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав. Илгээлтэд “Тэртээ 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон ардчиллын төлөөх анхны цуглаанаас хойш монголчууд бид ардчилалд алхам алхмаар суралцсаар өнөөдрийг хүрч ирлээ. Ардчилал бол хэзээ нэг цагт хүрч очих цэг, эсвэл зорилт биш, байнга суралцах, үргэлж тордож сайжруулж байх ёстой тасралтгүй үйл явц юм.

НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг хэрэгжүүлэхийг тухайн үеийн авторитар дэглэм бүхий нам төрөөс шаардаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, олон намын тогтолцоотой болох, чөлөөт сонгууль явуулахыг тулган зөвшөөрүүлж, улмаар 1992 онд Шинэ Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан батлуулснаар хуулийн засаглал, ардчилсан хэм хэмжээг хууль ёсны болгосон. Ардчилсан хувьсгалын эхэн үед монголчуудын олонх нь сонгосон шинэ нийгмийнхээ талаар ойлголт муутай байсан боловч, алхам алхмаар суралцсаар одоогийн түвшинд хүрсэн нь бодит үнэн мөн билээ.

Өнөөдөр ч бидний дунд ардчиллын талаар ихээхэн гажуудаж гуйвсан ойлголтууд амь бөхтэй оршсоор байгаа нь ч бас үнэн. Улстөрийн ардчилсан дэглэм дэх Ерөнхийлөгчийн ба парламентын засаглал гэсэн хоёр хэлбэрийн тухайд гэхэд туйлын гажуудсан ташаа ойлголт өргөн дэлгэрчээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг ард түмнээс шууд сонгох, эсвэл парламентаас сонгох гэдэг дээр ялгаа оршихоос бус хууль тогтоох, улсын төсөв батлах зэрэг эрхийг парламентад хадгалдаг нь Бүгд найрамдах засаглалын суурь юм.

Ардчилсан хувьсгал ялснаас хойших 30 жилд Монголын нийгэм олон сорилтыг амжилттай даван туулсаар ирлээ. Хэдийгээр хүнд бэрх цаг үетэй тулгарч, цөөнгүй бэрхшээлтэй учирч байсан ч монголчууд ардчиллаас хэзээ ч үл ухран, ардчиллын үнэт зүйлсийг өөрсдийн итгэл үнэмшил, амьдрах ажиллах орчноо болгон төлөвшүүлж чадсан нь өнгөрсөн он жилүүдийн гол ололт амжилт мөн. Ололтын хажуугаар алдаа эндэгдэл ч бас оршиж ирлээ. Нийтийн баялаг, газрын хэвлийн баялгийн талаар бүрэн гүйцэд ойлголтгүй байсны улмаас ашигт малтмалын хуулийг боловсруулж хэрэгжүүлэхдээ бид алдаа гаргажээ. Ашигт малтмалын лицензийг хэн түрүүлж өргөдөл өгсөн нь авах хууль гаргаснаар эрх мэдэлтэй байсан цөөнх баялагт хяналтаа тогтоох боломжийг олгож орхисон байна. Олигархи-цөөнх нийтийн баялагт хяналтаа тогтоон, үр шимийг нь сорон мөлжиж, баялгийн эзэд болох ард түмэн хоосон үлдсэн нь өнгөрсөн жилүүдийн том сургамж мөн.

Ардчиллыг шинээр бүтээх үйл явц амаргүй байдгийг бидэнтэй ижил цаг хугацаанд шилжилт хийсэн Зүүн Европын орнуудын жишээ нотолж байна. Бүгдэд нь ололт дэвшил, алдаа эндэгдлийн аль аль нь байна. Ганц монголчууд онож, алдаж байсангүй. Ардчилсан түүхийн алдаа эндэгдэл нь бидний багш, оноо нь ч бидний багш байсан.

Өнөөдөр ардчиллын ололтыг улам батжуулан бэхжүүлж, урагш ахиулахын тулд эрс шинэчлэлийг хийх нийгмийн шаардлагыг УИХ-ын олонх хангаж чадсангүй. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оромдож, ардчиллыг улам бүр бэхжүүлэх, гүйцэтгэх засаглалыг барьцаанаас гаргах, хүчтэй Ерөнхий сайдаар удирдуулах замаар шийдвэр гаргах үйл явцыг шуурхай, оновчтой болгох, хариуцлагыг эзэнтэй болгох чиглэлд нэг ч алхам хийсэнгүй. Эсрэгээр, олигархи-цөөнхийн хяналтыг парламент, гүйцэтгэх засаглал, шүүх засаглалд хэвээр хадгалж үлдэх, өөрсдийн явцуу сонирхлоор нийтийн эрх ашгийг наймаалалцах санаархал бүхий хуулийн орчноо хадгалж үлдлээ” хэмээсэн байлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Muu(64.119.20.132) 2019 оны 12 сарын 09

элбэгдорж л бузарлачихллаа даа, ардчиллын үнэ цэнийг

1  |  0
Зочин(104.157.67.251) 2020 оны 04 сарын 04

Хогийн шааруудын. цуглуулга Вампирын эрэн үеийн. Шимэгчид ,,Ороо нь ороогоороо. Гэж энэ намд элссэн. Норойнуудыг хэлнэ

1  |  1
Зочин(202.9.46.136) 2019 оны 12 сарын 09

элбэгдорж л бузарлачихллаа даа, ардчиллын үнэ цэнийг

1  |  0
zochin(202.126.89.118) 2019 оны 12 сарын 09

vhsen nohoi doloo t

1  |  0
Top