ХААН Банк “Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагнал тус тус хүртлээ

2019 оны 12 сарын 09

Улаанбаатар хот, 2019 оны 12-р сарын 9 Монголын арилжааны банкууд 2013 оноос байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг дуу нэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өдгөө зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд улирч буй жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо төлөвлөгөөг хэлэлцэх нэгдсэн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

ТоС хөтөлбөрийн 2019 оны нэгдсэн уулзалт 12-р сарын 5-ны өдөр боллоо. Тус уулзалтын үеэр ТоС хөтөлбөрийн зүгээс энэ онд Монголбанктай хамтран арилжааны банкуудын дунд зарласан уралдааны дүнг танилцуулж, шилдгүүдээ тодруулж, шагнал гардуулсан юм.

2019 оны “Шилдэг ТоС банк”-аар Худалдаа хөгжлийн банк, "Шилдэг ТоС-ийн дэмжлэгийн тогтолцоо" шагналыг Капитрон банк, "Шилдэг ТоС-ийн хэрэгжилт" шагналыг Транс банк, "Шилдэг ТоС оффис" болон "Шилдэг байгаль орчин, нийгмийн удирдлагын систем" шагналын эзнээр ХААН Банк тус тус шалгарлаа. Мөн энэ үеэр 2020 онд бусдыгаа манлайлан ажиллах “Манлай банк”-ийг мөн тодруулж, Капитрон банкинд ХААН Банкны хамт олон шилжин явах туг гардууллаа.

ХААН Банкны хувьд 2019 онд “Манлай банк”-аар ажиллаж, Тогтвортой хөгжлийн зарчмуудыг бүтээгдэхүүн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ чиглэлээр олон бодитой ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, Монголын ТоС холбоотой хамтран “Тогтвортой санхүүжилт” цахим сургалтын платформыг ХААН Банкны ажилтнуудын дунд туршилтаар зохион байгуулж, цаашид гишүүн байгууллагууд болон олон нийтэд нээлттэй сургалтын платформ бий болгоход хамтран ажилласан юм. Мөн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулахад онцгой анхаарч, олон улсад нэр хүнд бүхий “Sustainability East Asia” зөвлөх байгууллагатай 2019 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Үүний хүрээнд аливаа санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийж, харилцагчдадаа бодит зөвлөмж хүргэн, хэрхэн сайжруулах тухай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн НҮБ-ын Даян дэлхийн гэрээ болон “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудад нэгдэж, санхүүгийн байгууллагын хувьд хэрхэн үндсэн үйл ажиллагаагаараа дамжуулан ногоон хөрөнгө оруулалт, ногоон эдийн засгийг дэмжин ажиллахад суралцан, бусдад сайн туршлагаа хуваалцаж буй төдийгүй банкны хэмжээнд Тогтвортой хөгжлийн бодлогыг мөрдөн хэрэгжүүлж эхэлсэн юм.

Түүнчлэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг нэг бүрчлэн таниулах, мэдлэг ойлголт өгөх, өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох зөвлөгөө мэдээлэл бүхий “Тогтвортой хөгжил-2030” цахим товхимлыг санаачлан өдгөө 14 хоног тутам олон нийтэд хүргэж буй билээ. Цаашид ХААН Банк тогтвортой санхүүжилтийн зарчмын дагуу байгаль орчинд ээлтэй, тэгш эрх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, “Ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих, ил тод хариуцлагатай байдлыг дэмжихэд идэвхийлэн ажиллах болно. Бид зогсолтгүй бүтээсээр...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top