Өвлийн сарын цонхигор саран над дээр тусч, би хачин гоё зүүднээс гэнэтхэн сэрчихэв. Яльгүй жавартай ч тунгалаг саран цонхоор асгасан энэ шөнө би ээжийгээ зүүдэлжээ. Гэхдээ хачин гоё зүүд л дээ, тантай хамт зургаа авахуулаад инээд хөөр дүүрэн явж байх юм. Алдрайхан багад та зөөлөн босч ирээд бүүр түүрхэн нойрон дунд миний өмнүүр сар халхлан нимгэн тэрлэг унинаас өлгөдгийг санаад би яаран босч, ээж тандаа “Ээжтэйгээ татуулсан хөрөг” хэмээх шүлэг зориулан бичсэн. Энэ л Дорнын догшин сарнаас үрээ харамласан таны сэтгэлийг би тухайн үед тэгтлээ ухаарч яваагүй юм байна. Яг одоо цагийн зүү шөнийн 00 цаг 25 минутыг зааж байна. Насны тоо нэмэх тусам ээжийгээ хачин их санах юм. Түүнээс биш та саяхан л манайд ирээд буцсан цагаас хойш нэг сар ч болоогүй л байна.
Өдийд та шөнө дөлөөр нойроо хулжаан хүүгийнхээ тухай бодож байгаа байх. Дорнын их талд өглөөдөө цагаан манан хөлбөрч, дэрсэн толгойдох цасны бургидас бага үд хүртэл буухгүй байгаа нь мэдээж. Ийм л цагийн хормойд хүүгээ хүлээн суугаа ээжийн сэтгэл яахин тайван байгаа аж дээ. Хэдийгээр налгар тайван ч Дорнын говьд цагийн салхи сэвэлзэж, өглөө оройн хүйтэн жавар сэтгэлийг тань жиндүүлэхийн хэрээр та муу хүүгээ санаж байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Харин аав маань зэрэгцэн нойроо хулжаагаад “Миний хөгшин унтаа унт, дөч гарчихсан эр хүний төлөө санаа зовоод яахав” гэж ээжийг тайвшруулж байгаа ч өөрөө цаанаа “муу хүү маань яаж явдаг бол доо. Ажил төрөл, ар гэр нь сайн л байгаа даа. За эр хүн ч тэгээд аргаа олчихно” гэж өөрийгөө тайвшруулах гэж оролдож байгаа даа гэж бодохоос ээж аав хоёртоо гүйгээд очмоор санагдах үе алийг тэр гэх вэ. Харин хариуд нь ээж “Ямар юмных нь эр хүн байх билээ. Энэ хүрээ газар ч манай хөдөө биш шүү дээ” гэж үглэхээр аав юу ч яриад нэмэргүйг ойлгоод чимээгүй болж байгаа даа. Ээжийн энэ яриа аавын сэтгэлийн мухардах биднийг гэсэн зовнилыг нэмдэг байх. Тэртэй тэргүй хүүгээ гэсэн аавын сэтгэл ил биш ч далд шаналан болж явдгийг харин би идэрхэн залуудаа мэдэрсэн гэхэд нэг их онгирсон болохгүй байх.
Хэдийгээр өвлийн жаварт тэнгэрийг сөхөж ядан байгаа ч мандах нарнаар би ижий рүүгээ залгалаа. Ээж надтай мэнд мэдсэн үү үгүй юу, “Миний хоёр хүү юу хийж байна” хэмээн манай хоёр хүүхдийг юуны өмнө асуулаа. Ертөнцийн гүн шөнөөр ээж маань ер нь намайг бодож байв уу, манай хоёр хүүхдийг бодож байв уу хэмээн би дотроо жуумалзаж ижийгээ улам хайрлаж билээ. Хүний ээж гэж энэ ертөнцийн хамгийн аугаа зүйл байж таарна.
Сэтгэгдэл ( 0 )