Намар, хавар, зуны улиралд л ногоон байгууламжийг арчилдаг гэж бодож байгаа бол “үгүй” юм байна. Өвлийн улиралд ч гэсэн үндсэн 22 төрлийн арчилгаан дээр нэмээд мод, сөөгийг цасаар манах, дулаалах гэх мэт арчилгааг хийдэг ажээ. Нийслэлийн ногоон байгууламжийн ажил 2019 онд хэрхэн явагдсан тухай нийслэлийн Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатарцогтоос тодрууллаа.
-Нийслэлд 2019 онд хэдий хэмжээний ногоон байгууламж тарьж ургуулсан бэ?
-2019 оны эхээр тооцоход, нийслэлийн ногоон байгууламжийн хэмжээ 0.7 функт буюу 3.2 ам.метр талбай нэг хүнд ногдож байсан. Тэгвэл одоогийн байдлаар 3.8 ам.метр талбай болж өслөө. Хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн нягтралыг нэмэгдүүлэхэд голлон анхаарлаа. Наадамчдын гудамж, Нисэх, Яармагын зам дагуу, Бага тойруу, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө гээд гудамжуудад гоёлын мод, сөөгийг тарилаа. Энэ жил нийт 300 мянган ширхэг гоёлын мод, сөөгийг хотын гудамж, талбайд тарьсан. 2018 онд хотын гудамж, талбайд 1.6 сая ширхэг мод, сөөг тоологдож байсан бол өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр тооллого явуулахад 1.9 сая гарсан байна. Нийслэлд ногоон байгууламжтай 100 гаруй гудамж, талбай бий. Услах, тордох, арчлах, шинээр тарих, нөхөх, хэлбэржүүлэх, сэргээн засварлах, будах, шохойдох гэх мэт бүх арчилгааны ажилд 2019 онд 7.5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулжээ. Харин 2020 онд тооцоо хийгээд 11 тэрбум төгрөг ногоон байгууламжийн арчилгааны ажилд шаардлагатай хэмээн үзэж ИТХ-д өргөн барьсан. Үүнээс хэлбэлзэж ногоон байгууламжийн төсөв ирэх долоо хоногоос батлагдах болов уу.
-Хотын гудамж, талбайгаас гадна өөр хаана ногоон байгууламж байгуулсан бэ?
-Хотын гудамж, талбайгаас гадна орон сууцны хороололд бичил цэцэрлэгүүдийг 32 байршилд байгууллаа. Эдгээр байршилд 5000 мод, сөөгийг тарилаа. Ургалт 95 хувиас дээш байна. 2020 онд 30 байршилд ойн төглүүдийг шинээр байгуулна. Мөн шинээр ашиглалтад орсон Налайхын замын хоёр талаар ойжуулалт хийх юм. Зарим гудамжийн ногоон байгууламжид нөхөн тарилт хийх, нягтруулах ажлууд хийнэ.
-Ногоон байгууламжийн арчилгааг өвлийн улиралд яаж хийдэг вэ. Арчлахдаа хөрсийг судлах зэрэгт эрдэмтдийг хамруулж, зөвлөгөө авдаг уу?
-Өвөл, зун, хавар, намар аль ч улиралд ялгаагүй бордох, услах, хөрсийг сийрэгжүүлэх, солих, хусаж аваад шинэ хар шороо хийх, мод, зүлгийг хэлбэржүүлэх гэх мэт 22 төрлийн арчилгааг хийдэг. Яахав нэмээд өвлийн улиралд мод, сөөгийг дулаалахад илүү анхаардаг. Цасаар манах гэх мэт арчилгааг хийдэг.
-Уулнаас өндөр үнээр авчирсан зарим модыг тариалаад ургахгүй байна гэсэн гомдол хэлэх хүмүүс бий. Модны ургалт үнэхээр 95 хувиас дээш байж чадаж байгаа юу?
-Том оврын нарс модны ургалт 98 хувь, бусад төрлийнх нь ургалт 95-97 хувь байна. Ногоон байгууламж болон модны ургалт 80 хувиас доош орвол амжилтгүй хэмээн тооцдог. Мод амьд организм учраас тухайн орчиндоо дасахад хугацаа ордог. Ботаникийн хүрээлэн, ШУА-ийн зарим хүрээлэнтэй ногоон байгууламжийг ургуулах, хамгаалах чиглэлээр хамтарч ажилладаг. Эрдэмтдийн судалгааг арчилгаанд тусгадаг.
-2019 онд ногоон байгууламжийн арчилгаанд 7.5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс зарцуулсан гэлээ. Энэ санхүүжилтийг юу юунд зарцуулдаг вэ?
-2013 оноос л ногоон байгууламжийг өргөжүүлэх, тохижуулахад анхаарч эхэлсэн. Энэ онд 7.5 тэрбум төгрөгөөр мод, бут, сөөг, үр авах, бордоо, ажилчдын цалин, усалгаа, шатахуун гээд ногоон байгууламжтай холбоотой бүх зардлыг санхүүжүүлж байгаа юм. Улаанбаатарт 400 гаруй цэцэрлэгч ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтад ажилладаг. Боловсруулсан албан ёсны технологийн картын дагуу инженер, мастерууд ажилчдаа удирдаж 22 ажилбараа өдөр тутамдаа хуваарилан хийж байна. Улаанбаатар хотын нэг хүнд ногдож байгаа ногоон байгууламж, цэцэрлэгжсэн талбайн хэмжээг таван ам.метрт хүргэхэд жил бүр төсөвлөж буй 7-8 тэрбум төгрөг хүрдэггүй. Ногоон байгууламжийг жилд ойролцоогоор 30-45 га-гаар нэмэгдүүлэхэд 20-30 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа ч бий.
Сэтгэгдэл ( 0 )