Цаг тооны үргэлжлэл “Цагаан манан” дунд бодлогоширном

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

 

“Би...

Цаг тооны үргэлжлэл

Цагаан сүүний ургамал”

хэмээн ухаарал, уужрал томсон хоёрхон мөртөд хорвоог багтаасан энэхүү шадаар үүдэн тотгоо сийлж, Боржигины бор талын зохиолчийн гэгээн хөргийг залсан нэгэн үзэсгэлэн эсгий үүдээ өргөөд багагүй хугацаа өнгөрч байна. Боржигины бор тал гэхээр Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны Байду мянганы уулсаа дуурайсан дүр төрх сэтгэлд ургана. Үүнийг өгүүлэхийн учир түүний ач хүү, зураач Равжаагийн Сэнгүм  “Цагаан манан” уран зургийн үзэсгэлэнгээ өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулан гаргасан юм.

 


Энэхүү үзэсгэлэн нь зураач Р.Сэнгүмийн бие даасан анхны үзэсгэлэн бөгөөд"MN 17" арт галерейд он дуустал үргэлжилнэ. Зураач яагаад үзэсгэлэнгээ”Цагаан манан” гэж нэрлэх болов? Ямарваа нэг бүтээл нэрээсээ эхлээд хүний анхаарал, сонирхлыг татдаг. Түүний өвөө Б.Лхагвасүрэн “Бор манан” кино зохиол,  “Хүнд манан” яруу найргийн ном зэрэг манан гэдэг үг орсон зохиол, бүтээл олон. Манан гэдэг чухам юу билээ. Байгалийн нэгэн үзэгдэл хийгээд сэтгэлийн нэгэн үелзлээс төрсөн хоромхон зуурын хөдөлгөөн мэт. Уран бүтээлчийн сэрэл, мэдрэмж мананг хэрхэн харж, мэдэрч байна вэ? Амьдрал бол мөнхийн хөдөлгөөн. Түүний зурагт энэ хөдөлгөөн мөнхөд буй.

 


Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Мэнд-Ооёогийн “Цагаан манан, гэгээн гуниг” шүлэгт

“Хоног сарын гунигаа цөөхөн дуундаа үлдээнэ

Хожмын үрс минь дуулбаас цагаан манан татна

Аяа, тэр манан бол миний манан юм шүү!

Аясын салхи аргадахад л арилах гэгээхэн гуниг юм шүү!”

хэмээсэн нэгэн шад буй. Яг л үүн лугаа адил Р.Сэнгүмийн сэтгэлд орчлонгийн гэгээн бүхэн цагаан сүүгээр будагдсан мэт бүрэлджээ. Түүний бүтээлийн өнгө будаг зөөлөн, дулаан агаад үлгэр туульсын шившлэгтэй, өвгөдийн бодрол шиг шивнээтэй, амин цохилго, язгуур сэтгэлгээтэй. “Зүүдний манан дунд” бүтээлд эрт урьдын он тооллоос энэ замбуулингийн зовлон, жаргалыг хүүрнэх шиг хүн чулуу амилна. Хүн чулууг амьдшуулж буй тэнгэр, газрын үзэгдэл үүлсийн сэмэрхий, уулсын хэлтэрхий, усны долгис, цэцэгсийн ганхаа амьд бүхэн түүнээс урган төлжиж, түүн рүү уусан шингэх мэт. Магадгүй энэ хүн чулуу, хүн чулуу биш  уул усны эзэн савдаг, удам гарлын угсаа дээдэс ч байж мэднэ.

 


Р.Сэнгүм нь 2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн Чимэглэх урлагийн ангийг төгсөөд сургуульдаа багшилж байгаад 2013 оноос Үлэг гүрвэлийн музейн сэргээн засалчаар ажиллаж байгаа билээ. Сургуулиа төгссөнөөс хойш Монголын Урчуудын эвлэлээс зохион байгуулдаг олон үзэсгэлэн, уралдаанд идэвхтэй оролцсоор иржээ.  “Намар”, “Хавар”,  “Шинэ бүтээл”, “Гранд арт”, “Алтан бийр” болон Д. Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн уран бүтээлч багш нарын “Орон зай” үзэсгэлэн, “Нэг хэсэг’’, “Тэмүүлэл”, “Монгол шувуулахуй” зэрэг хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцож өөрийн гэсэн өнгө будгаар өөрийн гэсэн ертөнцөө зурсаар.  Мөн Япон улсад зохиогдсон “Фүжи уулын 14 төрх”, Дэлхийн банкнаас АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулсан Монгол зураачдын уран бүтээлийн үзэсгэлэнд амжилттай оролцсон юм.

 


“Цагаан манан”-г яран цинагш цахилсу. “Талын аялгуу” бүтээлийн тансагхан цэцэгс дунд цахилахад цагаахан цэцэгсийн дэлбээ шүхэрлэн, шүхэрлэн буунам. Цэцэгс дуулж ургадаг ажээ. Дуулах дуулахдаа тэнгэрээс асгарсан мөнгөн дусалд ивлэж, газраас яргасан алтан үндсийг тэлж, асарлахуйн заагт асаж ургадаг байнам. Цэцэгс үгүй бол дуулим тал хэчнээн дундуурхан, дутуухан байх байсан юм бэ! Сэнгүмийн сэтгэлийн талд ургадаг аялгуулаг цэцэгс үндэс бүхнээрээ сүлжилдэж, мөчир бүхнээрээ хөтлөлцөж, дэлбээ бүхнээрээ тэврэлдэн ургаж, нэгэн найрал хөгжим эгшиглэж, нэлийх талыг дүүргэх шиг, цэлийх тэнгэрийг бүрхэх шиг тийм яруухнаар, тэмүүлж ургадаг аж. Энэ л цэцэгс дунд эрхлэн тэнгэр ширтэн хэвтэхүй дор

“Ижийг минь төрөх гээд ёолоход

Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч

Намайг төрөөд чарлахад

Мянган цэцэг цоморлигоо дэлгэжээ

/”Би” Б.Лхагвасүрэн / хэмээн салхи шившиж,  мянган цэцэгсийн зөөлөн дэлбээ хацар илбэн найгана.
 


Цэцэгсийн үнэрт мансуурч, аялгуунд нь согтонхон удаан сууснаа санаж, цинагш их говийн ээрэм талын зэргэлээ зүсэн цахиллаа. “Говийн хэмнэл” бүтээлийн өмнө зогтусав.  Ээ, их говь минь, элсэн манхад минь, элэр балрын домог тээсээр тэмээн жин нүүдэллэн ирмүй. Говийн ганц айлын бөртөн бөртөн бараа, горь тасрах мэт хөв хөв хийх халтар банхар, хур хүлээн сарвайх алтан харгана, хуурай сайр дэвтээсэн ингэн буйлааныг тэмээ жингийн тэргүүнд зүүсэн хонхны жин жинхийх дуун сэрээж, тэгнэ тэгнэ амьдрал, богц богц бодрол задлан ирнэм. Түүний бүтээлд орон зай хийгээд цаг хугацааны тайлал, учир шалтгаан хийгээд ур хийцийн зүй тогтол ойлгомжгүй. Ойлгомжгүйн дундах ойллого хүмүүний оюун сэтгэлгээнд хэрхэн тусахыг зураач оньсого, таамаг мэт таталж, оньс чагт мэт бэхэлж урлажээ. Энэ л цоожны нүхээр тусах нарны цацрагаас мянган цацраг тусах лугаа ер бусын гэгээ татаж, нуур нугас мэт сэтгэлийн мандал дээгүүр цагаан манан хөшиглөнөм.

 


Урлагийн бүтээл нь бүтээл туурвигчийн бүтээлч санаагаа гүйцэлдүүлэх эцсийн цэг төдийгүй мөн түүнийг хүлээн авах оюун санааг судлаач М.Бахтин “Хэрэв уран бүтээлчид хамгийн гол зүйл нь түүнээс тасран гарсан “уран бүтээлийн бүтээгдэхүүн” буюу өөрөөр хэлбэл урлагийн бүтээл байдаг бол үзэгч, сонсогч, уншигчийн хувьд гол бүтээгдэхүүн нь өөрөө бөгөөд түүний бие хүний шинж мөн” хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр Р.Сэнгүмийн бүтээлийг зөвхөн ганц хүний мэдрэхүйгээр хүлээж авах боломжгүй. Үзэсгэлэнд зочлоход найрсаг зантай бүсгүй зургуудыг надад тайлбарлаж өгөхийг хүссэн ч би эелдгээр татгалзсан юм. Учир нь би өөрийнхөөрөө мэдрэхийг хүссэн билээ.

 


“Говийн хэмнэл” бүтээлд хоосон чанарын хэлбэржил болсон зэргэлээ энэ бүхнийг бүтээсэн юм шиг, хоосноос хоосныг төрүүлсэн юм шиг санагдана. Магадгүй дээр өгүүлсэн тэмээн жингийн нүүдэл байгаагүй ч юм шиг. Тэртээгээс тодрох он цагийн дурсамж ч юм шиг. Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын

“Зэрэглээн дунд

Зээрийн хөл жирэлзэнэ

Аргал уугина”

хэмээсэн гурван мөрт хайкутэй төстэй ч юм шиг.  Ертөнцийн юмс үзэгдлийг урсах, уусах, уугих, жирэлзэх, бүрэлзэх, торолзох хөдөлгөөнөөр илэрхийлэх нь Сэнгүмийн нэг арга барил ч юм шиг. Гарт баригдахгүй, нүдэнд торохгүй хэр нь оюун санаагаа хурааж, алсаас анхааралтай ажихад нэгэн бүхэллэг дүрслэл бууж, шүтэн барилдахуйн хоосон чанарыг монгол ахуй, ёр, зөн билэгтэй ижилсүүлж амьдшуулах нь түүний чадвар ажгуу.

Цаг тооны үргэлжлэл “Цагаан манан” дунд бодлогоширном.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top