Нефть боловсруулах үйлдвэр байгуулж, дотоодын шатахууны хэрэгцээгээ зохих хэмжээнд хангах чиглэлээр бодитой алхам хийх хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь, Н.Ганбямба нарын УИХ-ын гишүүн үзэж байна.Тэд энэ талаар УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан тухай өчигдөр мэдээллээ. Гишүүдийн санаачилсан тогтоолын төсөлд дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барьж ашиглалтад оруулах асуудлыг түргэвчлэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх агуулгатай заалтууд байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, улс орон даяар дизель түлшний хомсдолд ороод байгаа энэ нөхцөл байдлаас үүдэн УИХ-аас Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай тусгасан байдаг ч энэ нь ажил хэрэг болох тал дээр хойрго байгаа. Боловсруулах үйлдвэр байгуулах талаар Засгийн газар дорвитой арга хэмжээ авсангүй, туйлын санаачилгагүй ажиллаж байна. Тиймээс Засгийн газрыг шахаж шаардах хэрэгтэй гэж үзсэн гэдгээ онцоллоо. Мөн тэрээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд нефть боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд байгуулан, тухайн бүс нутгийн хэрэгцээг хангах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. П.Алтангэрэл гишүүний мэдээлснээр хөрөнгө оруулалт болон бусад эрсдлийг нь өөрсдөө даан нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай саналаа нийт 17 компани Засгийн газарт ирүүлсэн байдаг аж. Эдгээр компанийн ирүүлсэн санал, төслүүд хэрэгжих боломжтой, хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан үйл ажиллагаа явуулахаар байгаа боловч тусгай зөвшөөрөл олгохгүй хойшлуулсаар байгааг УИХ-ын гишүүд шүүмжлэв. Тухайлбал, "Сүмбэр ойл", "Хэт" зэрэг компаниуд өөрсдийн хөрөнгөөр, бүх эрсдлээ даагаад нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар холбогдох бүх баримт материалаа бүрдүүлэн өгсөн боловч ЭБЭХЯ өнөө болтол хариу өгөхгүй байгаа аж. Боловсруулах үйлдвэр барьж байгуулахадтавьдаг гол шалгуур болох технологи, түүхий эдийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын асуудлыг өөрсдөө дааж шийднэ гээд байхад тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байгаагаа гишүүд илэрхийлсэн. Гэтэл "Монгол сэкүй" гэгч компани Дархан-Уул аймагт боловсруулах үйлдвэр байгуулахаар 2007 онд тусгай зөвшөөрөл авсан боловч өнөөг болтол ажил нь урагшлахгүй байгаа. Тус компани боловсруулах үйлдвэр байгууллаа ч түүхий эдээ гадаадаас авах учир аль нэг улсаас хараат байдал хэвээрээ байх болно. Мөн тус үйлдвэр Засгийн газраас 600 сая долларын баталгаа шаардаж байгаа аж. Өөрсдөө бүх эрсдлээ даагаад боловсруулах үйлдвэр байгуулъя гэсэн компаниудын тусгай зөвшөөрлийг олголгүй гацаагаад байгаа атлаа ийм муу нөхцөлтэй үйлдвэр барих талаар гурав дөрвөн жилийн турш хий хоосон ярьж байгаа ч гишүүд шүүмжлэв. Монгол Улсын хэмжээнд илрүүлсэн нефтийн нөөц 21.3 сая тонн бөгөөд үүнийг боловсруулаад байхад 20 жилийн турш дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэж гишүүд үзэж байна. Тиймээс нефть боловсруулах үйлдвэрүүд даруй барьж байгуулах талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөөр шийджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )