ОЛОН ӨНГӨ: Тэсэж явсаар дуусна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Хүмүүн бид угаас тэсэж явсаар л дуусах тавилантай аж. Сармагчин ажаагаасаа өрх тусгаарлан гарах гэж бид дөрвөн сая жил тэвчсэн. Бүтэн дөрвөн сая жил тэвчсэнийхээ дараа хэл яриа, хамтын амьдралтай болох гэж 1.5 сая жил дахин тэвчих хэрэгтэй болсон юм.

Тэвчсээр бид орчин цагийн хүн болжээ. Орчин цагийн хүнд ч гэсэн тэвчих олон шалтгаан байх аж. Хүн болох гэж тэвчинэ. Хүн болчхоод амьдрах гэж тэвчинэ. Амьдрахдаа бид ойр тойрныхоо хүмүүсээс авхуулаад, найз нөхөд, ажлын хүрээлэл, олон нийт гээд бүх л зүйлийг тэвчих хэрэгтэй билээ. Хүн л болсон хойно тэвчих нь гарцаагүй. Тэвчиж байж хүн болно. Тэвчсэнийгээ бид хүний үнэртэй гэж нэрлэдэг. Эсвэл их хотын соёлтой иргэн гэх аж. Ерөөс иргэн гэдэг нь сайн тэсвэртэй хүнийг л хэлнэ гэж ойлгочиход гэмгүй.

Хуулийн санкцаар зохицуулсан тэр олон зүйл заалтыг зөрчихгүйхэн шиг тэсэж чадсан нь, хайртай дотнын хүмүүсээ хаяж орхиод, хол явалгүй тэсэж үлдсэн нь, төрснөөс хойш араас гэтэж буй үхэлдээ баригдалгүй тэсэх нь хүний тохиол аж.

Нэгэн цагт бид цагийн жам, үхлийн үнэнтэй нүүр туулна. Тэр цагт өвдөлтөө тэсэн байж биднийг энэ ертөнцөд ургуулсан ээжийнхээ тэсвэрийг үрдээ үлдээн явах билээ.

Хүмүүн бид угаас тэсэж явсаар дуусах тавилантай. Гэвч тэсэж үлдсэн нь нэгээхэн ч үгүй ...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top