Төлөөлөгчдийн танхим Трампт итгэл үзүүлсэнгүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын түүхэнд Төлөөлөгчдийн танхимын итгэлийг даагаагүй гурав дахь төрийн тэргүүн болжээ. Одоо Сенат түүнийг албан тушаалаас нь огцруулах эсэхийг шийдэх юм.

Ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн Төлөөлөгчдийн танхимын 230 гишүүн үзсэн бол 197 хууль тогтоогч эсрэг санал өгч, нэг нь түдгэлзжээ. Цагаан ордны тэргүүн Конгресст шалгалт хийхэд нь саад учруулсан гэж Төлөөлөгчдийн танхимын 229 гишүүн санал өгсөн бол 198 гишүүн эсрэг санал өгч, нэг нь түдгэлзжээ.

Өдгөө Сенат энэ хэргийг шүүх бөгөөд Конгрессын дээд танхим дахь олонх буюу Бүгд найрамдах нам Трампыг дэмжсэн байр суурь илэрхийлээд байгаа. Ардчилсан намынхан Конгрессын дэмжиж баталсан Украинд цэргийн тусламж үзүүлэх асуудлыг Трамп саатуулан, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгээс  өөрийн өрсөлдөгч Жо Байдены эсрэг хэрэг үүсгэн шалгахыг шаардсан хэмээн буруутгаж байгаа бөгөөд ингэснээр тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж, Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм.

Төлөөлөгчдийн танхим түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураах үеэр Доналд Трамп “Ардчилсан намын улс төрийн амиа хорлолт” хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр Сенат түүнийг бүрэн зөвтгөнө гэдэгт итгэлтэй байна гэж Цагаан ордноос мэдээлжээ.

Энэ асуудлыг Төлөөлөгчдийн танхим ойрын хугацаанд Сенатад өргөн барина. Трампыг албан тушаалаас нь огцруулахад Сенатын танхимын гурваны хоёр гишүүдийн санал шаардлагатай. Сенатад Бүгд Найрамдах нам олонхыг бүрдүүлж байгаа тул Доналд Трамп Цагаан ордондоо үлдэнэ гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.212) 2019 оны 12 сарын 21

Бүгд найрамдах нам дахин олонхийн суудал авна.

0  |  0
Top