АНУ-ын ерөнхийлөгч ДОНАЛД ТРАМП сэнтийдээ үлдэх үү?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 27

Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлыг шалгах процедурыг эхлүүлсэн тухай мэдэгдсэн билээ. Тус улсын ардчилсан намынхан Трамп АНУ-ын Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс дэд ерөнхийлөгч асан Жозеф Байдены хүү Хантер Байдены эсрэг шалгалт эхлүүлэхийг шаардан, шахалт үзүүлсэн гэж үзэж байна.

Доналд Трампт импичмент үзүүлэх асуудал 2017 оноос тавигдаж ирсэн. Тухайн үед Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Комиг албан тушаалаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн байж болзошгүй гэх асуудлыг шалгахад саад болсон хэмээн буруутгаж байв. Гэвч тухайн үед Ардчилсан нам АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимд цөөнхийг бүрдүүлж байсан тул импичментийн процедурыг эхлүүлэх тухай санал тавихаас цааш хэтрээгүй.

Энэ удаад итгэл үзүүлэх эсэх асуудал дахин босож ирэх болсон шалтгаан нь АНУ-ын 45 дах ерөнхийлөгч Украины төрийн тэргүүн В.Зеленскийтэй утсаар ярьсан яриа. Энэ дуулиан энэ сарын дунд үеэс эхэлсэн билээ.

Энэ оны есдүгээр сарын 19-нд The Washington Post, The New York Times зэрэг нөлөө бүхий хэвлэлүүд АНУ-ын тагнуулын албаны ажилтан удирдлагадаа хандан Трамп гадаад орны төрийн тэргүүнтэй утсаар ярихдаа нэгэн амлалт өгсөн талаар албан ёсны гомдол гаргасан талаар нийтлэл гаргав. The Washington Post сонины эх сурвалж энэ оны долоодугаар сард болсон Трамп, Зеленский хоёрын яриатай холбоотой асуудал гэж үзсэн бол The New York Times хэвлэлийн нэрээ нууцалсан хоёр эх сурвалж утсаар хийсэн ярианы талаарх тагнуулын мэдээлэлд болон Трампын “бусад үйлдэлд” Украин улс хамаатай гэдгийг нотолсон байна.

Мэдээллээс үзвэл Цагаан ордны тэргүүн Украины ерөнхийлөгчөөс 2020 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал өндөр байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден болон Украины “Burisma” байгалийн хийн компанид ажиллаж асан түүний хүүгийн эсрэг шалгалт явуулахыг хүссэн аж.

Трамп өөрөө нэрээ нууцалсан мэдээлэгчийн гомдол нь зохиомол зүйл гээд үүний ард, түүний хэлснээр, Ардчилсан намын улстөрчид болон тэднийг дэмждэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зогсож байгаа гэв. Өөрийг нь буруутгаж буй үйлдлийг Цагаан ордны тэргүүн “ерөнхийлөгчийн дарамт”, “шулмын ан” хэмээн нэрлээд итгэл үзүүлэх эсэх асуудлыг ноцтой гэж үзэхгүй буйгаа илэрхийлжээ. Түүний баталж буйгаар, Украины ерөнхийлөгчтэй хууль бус ямар нэгэн зүйл огт яриагүй бөгөөд энэ сарын 25-нд Зеленскийтэй утсаар ярьсан ярианы бичлэгийг тавина гэж амлаж байсан. Түүний амласан ёсоор Цагаан ордон өөрийн цахим хуудсандаа тэр хоёрын ярианы бичлэгийг нийтэлжээ. Бичлэгээс үзвэл Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Жо Байдены талаар ярьсан нь тодорхой болов.

Гэсэн хэдий ч өмнөх өдөр нь буюу 24-ний өдөр Төлөөлөгчдийн танхимд олонх болоод буй ардчилсан намынхан импичментийн процедурыг эхлүүлсэн. Трамп Украины ерөнхийлөгчөөс өөрийн улс төрийн өрсөлдөгчийн эсрэг шалгалт хийж, өөрт нь улс төрийн ашиг хонжоо болох үйлдэл хийхийг хүссэн нь өргөсөн тангаргаасаа няцаж, үндэсний аюулгүй байдал, шударга америк сонгуулиас урвасныг гэрчилж байна гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси /Ардчилсан нам/ мэдэгдэв.

Импичмент гэж юу вэ?

АНУ-ын Үндсэн хууль Конгрессын гишүүд төрийн тэргүүн нь эх орноосоо урваж, авлига авах зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдэж, хууль зөрчсөн гэж үзвэл Конгресст ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах эрхийг олгосон байдаг.

АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх эсэх асуудал гурван удаа тавигдаж байжээ. 1868 онд Конгресс тухайн үед ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Эндрю Жонсоныг эрх мэдлээс нь буулгах оролдлого хийж байсан бол 1998 онд Билл Клинтонд итгэх үзүүлэх эсэх асуудал тавьж байв. Гэсэн хэдий ч Сенат энэ хоёр санаачилгыг унагаж, тэд ерөнхийлөгчийн суудалдаа үлдэж байв.

1974 онд Уотергейтийн хэрэгт холбогдож байсан Ричард Никсон Конгрессын шийдвэрийг хүлээлгүй албан тушаалаасаа өөрийн дураар огцорч байжээ.

Юуг гэмт хэрэг гэх вэ?

АНУ-ын Үндсэн хуулийг зохиогчид энэ ойлголтыг нэлээн өргөн хүрээнд авч үзэж, итгэл үзүүлэх эсэх асуудлыг тавих шалтгаанд хууль зөрчих төдийгүй ерөнхийлөгч хувийн зорилгоор өөрийн эрх мэдлийг ашиглахыг тооцно гэж оруулжээ. Билл Клинтоны хэргийн хувьд импичментийн асуудал тавигдах болсон шалтгаан нь Цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левински гэгч эмэгтэйтэй холбогдсон нь бус харин АНУ-ын ерөнхийлөгч энэ харилцааны тухай худал тангараг өргөсөнтэй холбоотой.

АНУ-ыг үндэслэгчдийн нэг Александр Хамильтон 1788 онд “импичментийн асуудлыг тавих шалтгаан нь улс төрийн зорилгоор олон нийтийн итгэл найдварыг урвуулан ашиглах явдал” болох үндэслэлтэй хэмээн бичиж байжээ.

Импичментийн процедур

Төлөөлөгчдийн танхимын зургаан хороо тус тусдаа Доналд Трамп болон түүний эзэмшлийн компаниудыг шалгаж байна.

Үүнээс өмнө Билл Клинтон болон Ричард Никсонд итгэл үзүүлэх эсэх асуудлыг Төлөөлөгчдийн танхимын хууль зүйн хороо санаачилж, төрийн тэргүүнийг огцруулахын төлөө саналаа өгөх тухай санал болгож байв. Үндсэн хуульд зааснаар, Конгресс мөн энэ асуудлаар тусгай хороо байгуулах эрхтэй.

Хангалттай нотлох баримт цуглуулсан гэж үзсэн тохиолдолд хороод Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд импичментийн төлөө саналаа өгөхийг санал болгодог. Ийм шийдвэр гаргахад танхимын ердийн олонх саналаа өгөхөд хангалттай байдаг. Үүний дараа асуудлыг Сенат авч хэлэлцдэг аж. Шүүх хурлыг санагдуулам сонсголыг АНУ-ын Дээд шүүхийн тэргүүн даргалдаг байна. Төлөөлөгчид яллагч талын үүрэг гүйцэтгэдэг бол сенаторууд тангарагтны үүргийг гүйцэтгэдэг. Сенатын гишүүдийн гуравны хоёр нь ерөнхийлөгчийг буруутай гэж үзвэл, ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорч, түүний суудал АНУ-ын дэд ерөнхийлөгчид очдог.

Гэхдээ импичментээр ерөнхийлөгчөө огцруулж байсан тохиолдолд АНУ-ын түүхэнд хэзээ ч гарч байгаагүй.

Трамп сэнтийдээ үлдэх үү?

Ерөнхийлөгч Доналд Трампт импичмент үзүүлэх асуудлыг дэмжигчдийн тоо өсөж байгаа хэдий ч одоогоор тэд олонх болсон гэж хэлэхэд эрт байна. Конгрессын доод танхим 435 суудалтай бөгөөд 235 суудлыг Ардчилсан нам аваад байгаа. Энэ асуудлыг 179 хууль тогтоогч дэмжээд байгаа бол 73 нь эсрэг саналтай, 183 нь одоогоор байр сууриа илэрхийлээгүй байна. Онолын хувьд ардчилсан конгрессменууд импичментийн төлөө саналаа өгч болох ч энэ асуудал Сенатаар орох ёстой. Харин Сенатын 100 суудлын 53 нь Бүгд найрамдах намынх. Тиймээс Сенат импичментийн төлөө санал өгөх магадлал бараг л тэг гэсэн үг юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top