Төв байруудаа Вашингтоноос нүүлгэх төлөвлөгөө бэлтгэх үүрэг өгчээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 27

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа төрийн зардлыг бууруулахын тулд төв байруудаа Вашингтоноос бусад бүс нутаг руу нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө бэлтгэхийг Холбооны улсын бүх яам, агентлагуудад үүрэг болгосон тухай The Washington Post сонин лхагва гарагт мэдээлсэн байна.

Цагаан ордны Захиргаа, төсвийн удирдлагын газар болон АНУ-ын засгийн газрын боловсон хүчний удирдлагын газраас зохих мэдэгдлийг Холбооны улсын бүх яам, агентлагийн тэргүүн нарт хүргүүлсэн ажээ. Үйл ажиллагааны зардал нь Вашингтонд байснаас бага гарах өөр бусад бүс нутаг рүү төв байруудаа нүүлгэх төлөвлөгөөг дөрөвдүгээр сарын 14-ний дотор танилцуулахыг тэдэнд үүрэг болгосон байна.

Түүнээс гадна Доналд Трампын засаг захиргаа орон тооны ажилтнуудынхаа тоог цөөрүүлэх төлөвлөгөөг дөрөвдүгээр сарын дунд үе гэхэд боловсруулж танилцуулахыг яам, агентлагуудад даалгажээ. Мөн зардлыг бууруулах үүднээс яам, агентлагуудад төлбөрийн хяналтын тогтолцоо бүрдүүлэх юм байна. Илон Маскийн тэргүүлдэг АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх агентлагаас төрийн албан хаагчдыг олноор нь ажлаас халах зорилтыг хөнгөвчлөх шинэ программ хангамжийг боловсруулж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu