АНУ-ын Конгрессын дээд танхим Сенат Ерөнхийлөгч Доналд Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлыг олон хоног хэлэлцсэний эцэст, түүнийг албан тушаалд нь үлдээх сонголт хийлээ.
Доналд Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр зүйл ангиар буруутгасан юм. Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн эхний зүйл ангийн эсрэг 52 сенатор санал өгсөн бол 48 дэмжсэн санал өгчээ. Трамп Конгрессын үйл ажиллагаанд саад учруулаагүй гэж 53 сенатор үзсэн бол учруулсан гэж 47 хууль тогтоогч санал өгчээ.
Бүгд Найрамдах Намын гишүүдээс АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч асан, сенатор Митт Ромни ганцаараа Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзжээ.Тэрбээр АНУ-ын түүхэнд нэг намын ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулахын төлөө саналаа өгсөн анхны сенатор болж байна.
Алтан алх
Санал хураалтын дүнг танилцуулсны дараа Сенат дахь олонхын бүлгийн дарга /Бүгд Найрамдах Нам/ Митч Макконннэлл ерөнхий шүүгч Жон Робертст алтан алх бэлэглэжээ. Уламжлал ёсоор алтан алхыг Конгрессын дээд танхимд удаан хугацаанд сонгогдон ажилласан хууль тогтоогчдод гардуулдаг байна. Тэрбээр шүүгч Робертст сийрэг ухаан, хатуу гар, тэвчээр шаардсан энэхүү ховор хэргийг Сенатаар шүүн хэлэлцэх үйл явцыг даргалсанд талархал илэрхийлжээ. Алтан алхыг 20 жилийн өмнө АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтонд итгэл үзүүлэх эсэх асуудлыг шүүн хэлэлцэх үйл явцыг даргалж байсан Уильям Ренквистэд мөн гардуулж байсан түүхтэй.
Сенатын цөөнхийн бүлгийн дарга /Ардчилсан нам/ Чак Шумер ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлын хүрээнд гэрчүүдийн мэдүүлгийг үл сонссон түүхэнд дэх анхны шүүх ажиллагаа дууслаа гэж мэдэгджээ.
Импичментийн процедурыг санаачилсан Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Бүгд Найрамдах Намын гишүүн сенаторуудыг АНУ-ын Үндсэн хуулиас урвасан гэж буруутгасан бол Трампыг АНУ-ын ардчиллын аюул хэмээн нэрлэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
good job mister Trump