"Шийдэмгий нүүдэл" танд тууштай байх урам зориг өгнө

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

“Шатартай нөхөрлөөд 46 жил болжээ. Энэ хугацаанд шатар бол миний найз, багш, хамтрагч болж байв” хэмээн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Шийдэмгий нүүдэл” хэмээх номынхоо нээлтийн үеэр хэлж байв. Энэ нь түүний хоёр дахь ном бөгөөд энэхүү номдоо амьдралынхаа туршлагыг хуваалцахын хамт шийдэл, шийдвэр гаргахад шатрын спорттой холбогдсон нь хэрхэн чухал нөлөө үзүүлдэг тухай өгүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ "Шатрын хүү буцаж нүүдэггүйтэй адил залуусыг өмнөө тавьсан зорилгоосоо няцалгүй, тууштай байх урам зориг өгөхийг хичээсэн. Мөн системийн инженер хүний хувьд шатрын стратеги аливаа зүйлийг томоор нь харах, нүүдэл бүр нь учир шалтгааны холбоосыг тайлахад туслах гээд олон боловсрол олгодог" болохыг онцолсон юм.

Тэрбээр саяхан Олон Улсын парламентын гишүүдийн шатрын аварга болсон бөгөөд УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч “Цэцэн түшээ” шатрын тэмцээний хошой аварга аж. Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулагдсан “Шийдэмгий нүүдэл” номын нээлтэд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэр хүндтэй олон эрхэм, шатрын спорт сонирхогчид цугласан байв. UNLOCK подкастын хөтлөгч О.Батнайрамдал “Шийдэмгий нүүдэл” номын тухай сэтгэгдлээ хуваалцахдаа “Залуусын дунд хамгийн эрэлттэй номын категор нь хувь хүний хөгжил, манлайлагчдын амжилтад хүрсэн түүх намтрын тухай байдаг. Энэ чиглэлийн ном олон улсад их байдгийг Unlock подкастаараа дамжуулан хүргэж байгаа. Харин манлайлагч, бусдад үлгэр жишээ болдог монгол хүмүүсийн тухай ном цөөхөн. Ялангуяа, эмэгтэй лидерүүдийн туулсан амьдралыг өгүүлэх, бусдад үлгэр дуурайлал болох бүтээлийн орон зайг нөхөж гарч ирлээ гэж харж байна. Мөн хүн аливаа зүйлийг маш сайн хийж сурах хүртлээ тэвчээр, тэсвэр хатуужлыг өөртөө төлөвшүүлж, оюун чадвараа нээдэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд шатрын спортоос олж авсан зүйлээ стратеги болгон хэрхэн амжилтад хүрсэн талаараа бичсэн нь тун онцлог санагдсан" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top