“Тэр намайг тэгж хэллээ”, “энэ намайг ингэж хэллээ”, “муу новшид үзүүлээд өгнө”, “Дондог олон өрөө байртай болж, Дулмаа тийм тасгийн дарга болжээ, тэр яахлаараа дарга болдог юм” гэх зэргээр нэгэнтэйгээ барьцаж суугаа хүмүүсийг харахад өчүүхэн жижиг хорхой мэт. Хаа хамаагүй зүйлд оролцож, бухимдаж, нийгмийг хараан суухын оронд нэг ч гэсэн лаа асаачих. Гэрэлтээд л ирнэ. Лаа гэдэг нь таныг лаа асаагаад бариад алх гэж байгаа юм биш, зүгээр л өөрийнхөө сэтгэлд л гэрэл асаачих. Жижиг сажиг зүйлийг хамж бухимдалгүй, барьцалгүй, өөрийнхөө хийх ёстойг хийгээд, хүссэнээрээ амьдар. Хүн таныг мууллаа гээд, үл тоолоо гээд үүнд бухимдах зүйл огт байхгүй. Хүн болгонд таалагддаг хүн байна гэвэл тийм хүн орчлон дээр байдаггүй. Зүгээр л сэтгэлийн гэрэлтэй, дулаахан нэгэн байгаарай. “Дарга Гончигийг Хайнань явуулчихлаа, би яагаад явдаггүй юм, өнөөдөр би ажил ихтэй байхад Тулга эрт тараад явчихлаа, Зоригоо амарч байна, Заяагийн ажил минийхээс бага юм” гэж бухимдаж суусаар байтал цаг хугацаа нүдний өмнүүр нисэн одно. Амьдралын сайхан хором мөч хий дэмий өнгөрсөөр. Бас өрөөлийн байтугай өөрийнхөө сэтгэлийн гэрлийг унтраасаар...
Амьдралын өдөр хоног болгон аз жаргал, сайн сайхан зүйлсээр дүүрэн байдаггүй. Заримдаа танд бэрхшээл тохино, унана, босно, муулуулна, сайлуулна...Харин аз жаргалтай хором мөч гэж бол бий. Аль болох үүнийг өөртөө бүтээ, эерэг хандлагыг эрхэмлэ. “Ер нь хүний амьдралд нэг их зүйл хэрэггүй шд” гээд үг бий. Энэ үнэн. Аз жаргал гэдэг бол эрүүл байх. Өвчингүй бол жаргал. Өвдөөд, хамаг санхүүгээ эрүүл болоход зарцуулж, цуглуулсан хэдээ барин эмнэлэг бараадах үедээ хүн амьдралаас хэт их зүйлийг хүсэж, шунаж байснаа ойлгодог юм шиг харагддаг. Энэ үед нөгөө хүсээд байсан даргын суудал, олон өрөө байр, Хайнань огтхон ч чухал биш зүйл болохыг ойлгоно...
Сэтгэгдэл ( 1 )
Наачин эх юм уу өгүүллэг юм уу