Дэлхийн улс орнууд худал мэдээлэлтэй хэрхэн тэмцдэг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Дэлхий дахинд төр засаг ч тэр, хувийн хэвшлийн компаниуд ч тэр ялангуяа интернет дэх худал мэдээлэл улам бүр нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнээс авахуулаад хувьцааны үнэ, сонгууль, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэхэд хүртэл нөлөөлж буйд түгшиж байна.

Нөгөө талаас хүний эрхийг хамгаалагчид худал мэдээллийн эсрэг хууль тогтоомжийг эрх баригчид сөрөг хүчний дуу хоолойг боомилохын тулд буруугаар ашиглахаас сэрэмжлүүлдэг. Худал мэдээлэлтэй дэлхийн улс орнууд хэрхэн тэмцдэг вэ?

Сингапур

Тус улсын хуульд Facebook зэрэг олон нийтийн сүлжээний сайтуудаас тус улсын засгийн газраас худал гэж үзсэн постуудын талаар сэрэмжлүүлж, нийгмийн эрх ашигт харшилж буй комментийг устгахыг шаардсан заалтыг тусгажээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 150-р жагсдаг Сингапур нийгмийн эрх ашгийг улсын аюулгүй байдал, гадаад харилцаа, шударга сонгуулийн явц, засгийн газар, төрийн байгууллагад олон нийтийн итгэх итгэлд заналхийлэх гэж тодорхойлжээ. Худал мэдээлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн тохиолдолд 700 мянга гаруй ам.долларын торгууль, 10 жил хорих ял оноодог байна.

ОХУ

Өнгөрсөн онд тус улс эрх баригчдын тодорхойлсноор интернетээр худал мэдээлэл түгээсэн, төр засагт илт хүндэтгэлгүй хандлагыг илэрхийлсэн этгээдэд хатуу шийтгэл ногдуулах тухай хууль гаргажээ. Хууль тогтоогчид энэ хууль интернет дэх худал, хуурмаг мэдээлэл, гүтгэлэг тараахаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд ач холбогдолтой арга хэмжээ гэжээ.

Хуулийн дагуу эрх баригчид бодит байдалд үл нийцэх мэдээллийг устгах шаардлагыг биелүүлээгүй цахим хуудсыг хаах хүртэл шийтгэх эрхтэй. Нийгмийн хэв журмыг зөрчихөд хүргэсэн худал мэдээллийг интернетээр тараасан хувь хүнийг 6100 ам.доллароор торгохоор заажээ.

Франц

2018 онд Франц улс 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс нөлөөлсөн гэх асуудал дэгдсэнтэй холбогдуулан сонгуулийн сурталчилгааны үеэр худал мэдээлэл, гүтгэлэг тараахаас сэргийлэх зорилгоор хуурамч мэдээллийн эсрэг хоёр хууль баталжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон иргэдийн эрх чөлөөнд заналхийлсэн алхам гэх шүүмжлэлийн үл харгалзан, олон нийтийн сүлжээн дэх худал мэдээлэлтэй тэмцэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэх амлалт өгчээ.

Герман

2018 онд Герман улс Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээний компаниудын тухай хууль баталжээ. Энэ нь барууны ардчилсан орны зүгээс нийгмийн сүлжээнд гарч буй мэдээллийг хянах хамгийн амбицтай хүчин чармайлт гэж ажиглагчид үзэж байна. Хуульд ялангуяа нацист үзэл санааг түгээн дэлгэрүүлэх агуулга бүхий контентийг хатуу хязгаарлах заалт оржээ. Хуульд цахим сайтуудад хориглосон агуулга бүхий контентийг устгах 24 цагийн хугацаа өгч, 50 сая хүртэл еврогийн торгууль ногдуулах тухай заажээ. Тус хууль батлагдсанаас хойш маш олон тооны сайт хаагдсан тул Германы хууль тогтоогчид энэхүү хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байна.

Малайз

Малайз улс худал мэдээллийн эсрэг хууль баталсан анхны улс орнуудын нэг. Гэсэн хэдий ч өнгөрсөн онд болсон бүх нийтийн сонгуулийн өмнө үг хэлэх эрх чөлөөнд хаалт тавих зорилгоор энэ хуулийг ашигласан гэж шүүмжлэгчид дүгнэдэг. Гэхдээ энэ сонгуульд эрх баригч нам ялагдал хүлээсэн билээ. Энэ хуулийг тухайн үеийн ерөнхий сайд Нажиб Разакийн авлигатай холбоотой шүүмжлэлийг эсэргүүцэх гол хэрэгсэл гэж үзэж байсан тухайн үеийн сөрөг хүчний өдгөө тэргүүлж буй Сенат энэ хуулийг цуцлах амлалтаа биелүүлэх саналыг няцаасан байна.

Европын Холбоо

Өнгөрсөн оны эхээр Еврокомиссын орлогч дарга Франс Тиммерманс Европын Холбоо болон дэлхийн бүх төр, засаг ард иргэдийг хамгаалах зорилгоор технологийн томоохон компани, олон нийтийн сүлжээний компаниудад зориулсан дүрэм батлах ёстой хэмээн мэдэгдэж байв. Худал мэдээлэлтэй тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд ЕХ-ны гишүүн орнууд Еврокомиссоос  нэвтрүүлсэн анхааруулах системээр дамжуулан аливаа аюул заналхийллийн талаарх мэдээлэл солилцох, худал эсвэл хууль бус контентийг устгахыг цахим сайтуудаас шаардах зэрэг заалт туссан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.27.14) 2020 оны 01 сарын 18

fake news

0  |  0
Top