Энэ өдрүүдэд казиногоор ороод гарсан УИХ-ын хэдэн гишүүний ээрч түгдэрсэн бичлэгийг улс даяараа үзэж сонирхлоо. Тэд Австрали улсад айлчлалаар явах үедээ казинод зочилсон гэмтэй. Олон нийтийн цахим сүлжээнд байгаа сэтгэгдлүүдээс харахад илтэд үзэн ядсан юм алга. Тоглосон, шоглосон өнгө дийлэнх байна. Нөгөө талаас сонгуулийн жилийн улстөржилт эхэлсэн нь уг явдлыг турхирч, түлхээд байгаа эздээс харагдаад байх. Тэгж ярих юм бол бид чинь өөрсдөө хүртэл казинотой болох гээд гүрийж байгаа улсууд биш бил үү. Өнгөрсөн хугацаанд ямар албан тушаалтны нөлөө орсон компани казиногийн тусгай зөвшөөрлийг эзэмших вэ гэсэн чимээгүй тулаан, эх оронч улстөржилтийн сэдэв нь казино болж байснаас болоод олон нийт сөрөг хандлагатай, улс оронд байгуулагдсан зүйлгүй сууж байгаа хэрэг. Өдгөө өрнөөд байгаа шүүмжлэлийн дэврүүн өнгийг харахад Казиногийн тухай хуулийн төсөл хогны сав руу улам ойртож байгаа мэт. Хэрэгтэй тустай боловч хэн ч тоож харахыг хүсдэггүй Нотр Дамын бөгтгөр Квазимодо шиг ч юм уу.
Эхнээс нь ярья. 1998 онд манай парламент Казиногийн тухай хуулийг баталж байлаа. Хуулийн батлагдсаны дагуу тендер зарлахад Макао, Хонконгийн компаниуд ч саналаа өгсөн гэдэг. Ингээд “Мон Макао” гэдэг компани тендерт ялахад өрсөлдөгчид нь тендер шударга бус болсон гэсэн зарга үүсгэсэн нь явсаар хэд хэдэн УИХ-ын гишүүнийг шоронд суулгаснаар дууссан. Ингээд үүнийг дагасан улстөржилт хүчээ авч хэдэн сарын дараа тус хуулийг цуцалж, Монгол Улсад дахин казино байгуулахыг хориглосон түүхтэй. Сонирхолтой нь, тухайн үед Ардчилсан холбоо эвслээс сонгогдсон УИХ-ын гурван гишүүн Казиногийн тухай хуулийг батлахдаа авлига авч, албан тушаалаа ашигласан хэргээр шалгагдсан боловч татвараас бултсан гэх мэт шалдар булдар шалтгаар ял сонссон байдаг. Тухайн үеийн МАХН-аас энэ асуудалд холбогдсон хүмүүс зүгээр өнгөрсөн гэх хэл ам үе үе сэдэрдэг. Ямартаа ч Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын гарын үсэгтэй 1999 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн “Казиногийн тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 17 дугаар захирамж үлджээ.
Үүний дараа 2007 онд УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж, А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нар Казиногийн хуулийг төслийг санаачилсан боловч дэмжигдээгүй. Мөн 2010 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүн Д.Загджав, Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Д.Хаянхярваа, Ц.Цэнгэл, Л.Гүндалай, Х.Жекей нар Хязгаарлагдмал казиногийн тухай хуулийн төсөл санаачилсан ч унасан билээ. Хэвлэлийн эх сурвалжуудын дурдсанаар эдгээр нь гаднын санхүүжилттэй “Морин нуур ресурс” компанийн захиалгатай хууль гэдэг хардлагад өртсөн учраас амжилт олоогүй гэх. Тэгэхээр өнөөг хүртэл Монгол Улсад казино байгуулах асуудал хэний санхүүжилттэй байх вэ, бүр нарийндаа манай улс төр, эдийн засгийн бүлэглэлийг санхүүжүүлэхгүй юм биш үү гэдэг өнцгөөр унагаад байсан мэт.
Харин сүүлийн оролдлого нэлээд хол зам туулж явна. Н.Алтанхуягийн Засгийн газрын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар “Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр”-т багтсан казиногийн асуудлыг ярьж, УИХ хуулийн төслийг нь хэлэлцэж байлаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч Казиногийн тухай хуулийн төслийг судалж явсаар өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газарт өвлүүлээд байгаа юм. Хамгийн сүүлд гэвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын 2019 оны тавдугаар сарын 06-ны өдөр гаргасан Ажлын хэсэг байгуулах тухай 106 дугаар захирамж бий. Тус захирамжид “Казиногийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай” гэжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг томилоод УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Б.Пүрэвдорж, Н.Учрал, Л.Элдэв-Очир, Л.Энхболд гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.
Ийнхүү дөрвөн Засгийн газрыг дамжиж зургаан жилийн хугацаанд ил, далд яригдаж байгаа Казиногийн тухай хуулийн төсөл өдгөө Байнгын хороогоор төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх гэсэн шатанд явж байна. Үүнээс үзэх юм бол АН, МАН аль нь ч эдийн засгийг тэтгэх боломж нь казино гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Хэрэв саяны казино тоглосон гишүүдийн асуудал дуулиан тариагүй бол энэ парламент Казиногийн тухай хуулийг бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө батлахаар зүтгэх байсан байх шүү. Бүхэл бүтэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихсан парламент шүү дээ. Ер нь тэгээд гадагшаа явдаг хүмүүс гадарлах байх. Хөгжсөн оронд бол жаахан хэтрүүлж хэлэхэд казино тоглох нь ажлаа тараад алжаалаа тайлах зорилгоор ганц пиво уусан гэдэгтэй адилхан зүйл. Гол нь иргэдээ донтуулахгүй байх бүх талын арга хэмжээг авсан байхыг шаарддаг. Сингапурт нэг хүн жилд 20 мянган доллараас дээш хэмжээгээр тоглохыг хориглодог. Солонгост саяхнаас л иргэдээ тоглох хэмжээний эдийн засгийн чадавхтай болсон гэж үзээд хориглохоо больсон зэргийг дурдаж болно. Америк, Европт бол иргэд нь казино тоглох соёлыг сурчихсан, стресс тайлах зорилгоор ашигладаг гэж үздэг. Манайд бол казино гэдэг үг эгээтэй л “хадны мангаа” гэдэгтэй адилхан дуулддаг. Учир нь аливаа нууц далд байгаа зүйл ардаа аймшигтай ул мөртэй байдаг хэрэг. Өнөөдөр ч Улаанбаатар хотод нууцаар тоглуулдаг газрууд бий. Гол нь хуулиас нуугдсан газар хууль бус зүйл, хүчирхийлэл дагаад чөлөөтэй орчихдог. Энэ шарх дээр улстөрчид тоглолт хийгээд байхаар казиног аймшигтай гэсэн үзлийг олон нийтэд бат суулгачихсан болов уу. Ямар сайндаа л УИХ-аас байгуулагдсан Казиногийн тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагч “За хэл амны нэмэр” гээд ярихаас зугтаад байх вэ дээ.
Казино байгуулж гадныхны мөнгийг авах аргыг БНСУ хөгжлийнхөө гарц гэж харж байсан юм. Сингапур өөр Азийн бар юу билээ бүгдээрээ л ингэж ашигласан. Байгалийн баялаггүй орнууд хөгжил цэцэглэлтэд хүрэхдээ зөв замыг, ухаалаг хэрэгжүүлэхийг зорьсон байдаг. Сайн туршлагыг нь авч саар бүхнийг нь цэвэрлээд явъя гэвэл хангалттай жишээ дэлхийгээр дүүрэн байж л байна. Яг үнэндээ бидэнд байхгүй юм их. Орос ард байхад нүүрснээсээ овойж оцойтлоо юм олоод байх нь юу л бол. Хятад урд байхад бэлэн хувцас үйлдвэрлээд тэднийг бут цохиод байна гэвэл үлгэр. Технологийн дэвшлийг нутагшуулах асуудал одоохондоо биднээс дэндүү алсад байна. Тэгэхээр энэ бүхнийг шийдэхийн тулд бидэнд байхгүй хамгийн гол зүйл бол доллар. Өнөөдөр долларын төлөө л байгалийн баялгаа зөөж, тал нь цайрч, уул нь намсаж, малчид маань халтайж байгаа шүү дээ. Эдийн засгийг солонгоруулах чиглэлээр олон жил ярилаа. Нэг өнгө нь казино юм. Дагаад аялал жуулчлалын салбар тэлээд ирнэ. Бэлэг дурсгалаас эхлээд ноолууран хувцсаа ч нүүр бардам худалдана. Зочид буудлын ажилчид, хөтөч, хэлмэрч гээд ажлын байр нэмэгдэнэ. Товчхондоо, казиног доллар гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг сайнтай, муутай өнгөрсөн 30 жил эрх барьсан АН, МАН-ынхан ойлгохын дээдээр ойлгож байгаа. Энд тэнд байгуулна, эдийн засгийн ач холбогдол нь ийм тийм гэсэн материал их байдаг болохоор нуршилгүй орхиё. Гол нь улс төрийн өшөө авалт, өчүүхэн хожлын тоглоомон дундаа улс орны алс хэтийн том эрх ашгаа нулимчих вий дээ.
Сэтгэгдэл ( 1 )
1 TIIM ULS CH BISH YUUCH BISH TSEREGCHGUI TSAGDAACHGUI TIIM GAZARUUD L OOFSHORE BUS KAZINO TATVARIN CHULUUT BUS ENE TERIIG L BAIGUULDAG YUMDA..