Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн корона вирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу монгол, хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл дараах хязгаарлалтыг хийхээр шийдвэрлэв. Үүнд:
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД
- Хятадын талаас ирэх Монгол Улсын иргэдийг зөвхөн агаарын замын "Буянт-Ухаа" /Чингис хаан олон улсын нисэх буудал/ боомт болон Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.
- Монгол, хятадын хилийн авто замын боомтуудаар хятадын талаас ирэх монгол иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 01-05-ны өдрүүдэд Булган-Такашикэн, Замын-Үүд-Эрээн, Баянхошуу-Өвдөг боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.
- Улс хоорондын ачаа тээврийн авто машин /Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос, хүнс, бараа/-ы зөвхөн үндсэн жолооч нарыг Булган-Такашикэн, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг авто замын боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.
- Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хаана.
- БНХАУ руу зорчих Монгол Улсын иргэдийг хилийн бүх боомтоор нэвтрүүлэхгүй. Тус улс руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиисын даргын зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрүүлнэ.
ГАДААДЫН ИРГЭД
- Монгол, хятадын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор хятад болон тус улсаар дамжин Монгол Улсад ирэх гуравдагч улсын иргэдийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй.
Холбогдох мэдээллийг ажлын өдрүүдэд 09.00-17.30 цагийн хооронд 266828 дугаарын утсаар лавлана уу.
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )