БНХАУ-аас ирэх монгол иргэдийг автозамын боомтоор нэвтрүүлэхгүй боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэрийг Засгийн газар 2020.01.31-ний өдөр гаргасан билээ. 

Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж, гуравдугаар сарын 2-ныг хүртэлх Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглосон. 

Шийдвэрийн хүрээнд БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг хоёрдугаар сарын 5-ныг дуустал урд хөрштэй хиллэдэг бүх боомтоор нэвтрүүлэхээр зааж, хоёрдугаар сарын 6-наас гуравдугаар сарын 2-ныг хүртэл зөвхөн агаарын болон төмөр замын боомтуудаар нэвтрүүлэхээр зохицуулсан.
 

  • Тэгвэл БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг урд хөрштэй хиллэдэг авто замын бүх боомтоор нэвтрүүлэх хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Тиймээс БНХАУ-аас ирэх иргэдийг маргаашнаас эхлэн зөвхөн агаарын болон төмөр замын боомтуудаар хил нэвтрүүлнэ. 


БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгааг анхааруулъя.

Нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар 5350 монгол иргэн эх орондоо буцаж иржээ.

Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаасан байгаа. 

Сануулахад, Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(139.5.219.207) 2020 оны 02 сарын 05

Hitadruu buh nislegee zogsoo

0  |  0
Top