Тэсгим хүйтнийг дулаан элчээрээ гийгүүлэх наран аажуухан мандана. Их хотын хөл үймээн, машин тэрэгний чимээ, хүүхдийн шулганах дуу, гишгэх тоогоор хөл дор гарах цасны чимээ. Магадгүй энэ чимээ хүнд эрч хүч, цог золбоо нэмдэг байх. Өглөө гэрээсээ гараад алхах, орой гэр рүүгээ орох бүрд энэ л цасны чимээ надад амьд байгааг минь, амьдрал хэчнээн сайхан, хүмүүн, байгаль хоёрын уялдаа ямархан чухал болохыг мэдрүүлдэг юм...Энэ бол өвлийн өглөө.
Үд дунд наран ээж, агаар цэвэршин, байгаль дэлхийн цасан цагаан өнгө улам тодорно. Гудамжаар яваа машин тэрэгний хөдөлгөөн яарамгүй болж, хүн зоны сэтгэл ч тэнийсэн гэлтэй. Энэ бол өвлийн өдөр. Өвлийн өнгө. Нийгмийн асуудлууд, дэлхий дахиныг айдаст автуулж байгаа аюулт өвчний тархалт гээд олон зүйл биднийг түгшээж байгаа ч амьдрал үргэлжилсээр. Хүн бүр өөр өөрсдийнхөө замаар урагшилж, өөр өөрсдийнхөө түүхийг бүтээсээр.
Тус тусын ажлаа амжуулж, гэр рүүгээ яарах хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагдсан хот. Хүйтний эрч ялимгүй нэмэгдсэн ч дулаан гэр, хайртай хүмүүс рүүгээ яарах хүмүүсийн сэтгэлийн илч дулаан. Нэгэн өдөр, нэгэн түүх өндөрлөж, маргаашийн шинэ өглөө, шинэ ирээдүй, шинэ түүх биднийг хүлээнэ...Энэ бол өвлийн орой.
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр гоё бичиж