Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 85 жилийн ойд зориулав
Энэ тухай зохиолч өөрөө хожим “... 1960-аад оны үед намайг “Цус”, “Дорно” шүлэг бичихэд Р.Киплингийг дуурайсан гэж шүүмжилж байсан юм. Тэгж шүүмжилдэг хүмүүс Киплинг гэж хэн бэ гэдгийг мэдэхгүй л байсан шүү дээ” хэмээн дурссан нь бий. Өмнө нь буюу 1959 онд Б.Ринчений “Бэр цэцэг”, “Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” номын утга агуулгыг шүүгээд, Улс төрийн товчооноос “Б.Ринченгийн сүүлийн үеийн зохиолууд дахь харш үзэл санааны тухай” тогтоол гаргаж, номонд нэр холбогдогсод, мэдээж номын эзэнд их бага арга хэмжээ авагдаж, хэвлэлийн хуудас, шүүмжлэл өгүүллийн нүүрээр гөвж, нэг ёсондоо томоохноор нь дамжуулан эргэн тойронд нь сануулга өгч, хэлж бичиж болох, бас болохгүй зүйл байдгийг нь дахин нэгэнтээ сануулаад байсан үе. Айдас хүйдсийн манан ингэж л, эргэн тойрноосоо “харш үзэл санаа” эрэн хайх, олж илрүүлэх, даран устгах өндөр сонор сэрэмжийг нийгмийн нүх сүв бүрт суулгасан хэрэг юм. Сонор сэрэмжийн хараанаас мултарч чадалгүй “баригдан”, шалтаг болсон “Дорно” шүлэг санаатай санамсаргүй янз бүрийн байдлаар, их бага хэмжээгээр “засагдаж” хэвлэгдэж ирсэн бөгөөд, “... Хамгийн их өөрчлөгдөж хэлмэгдсэн нь “Дорно” шүлгийн төгсгөл юм. “Дорно” шүлгийн төгсгөл анхны эхээрээ ийм байв:
Би Дорно
Би-даруухан дорнын аялгуу
Ичимхий дорнын цэвэр ариун заншил
Ирээдүйн дорнын дахин сэргэхийн угтал
Би-Эртний их Дорно
Би-Энэрэнгүй их Будда
Би-Манхайн цайх үүр
Би-Мандан гарах нар
Би-Дорно. гэж төгсдөг юм... ”
Хамгийн анх нүдэнд тусах зүйл бол “Би” хэмээн өөртөө хамаатуулан тодорхойлсон дүрслэлийг “засан” “Энэ” хэмээх үгээр өөрчилснөөр, зохиолчийн дотоод сэтгэлийн илэрхийлэл шууд унаж, хувь бодгал, мөн чанар алдагдан хуурай хөндий “энэ” гэх туйлын тодорхойгүй бүрхэг дүрслэгдэхүүнийг заасан хэлбэр болж, ганц үгийг өөрчилснөөр шүлгийн амин сүнс, утга чанар хэрхэн алдагдаж болохыг харж болно. Чухам энэ л уур амьсгал, нөхцөл байдал уран бүтээлч нэгнийг дотоод сэтгэлийн мухарт буй тэр л зүйлээ, илээр зарлаж болохгүй тийм л санаагаа, шударга үнэн, харж тэвчишгүй ялзрал, ёс суртахууны уналт доройтлыг ямар нэг зүйлийн цаана далдлан дүрслэхээс өөр аргагүй байдалд оруулдгийг дэлхий нийтийн сэтгэлгээний түүх харуулдаг. “Харш үзэл санаа” хаана ч, хэдийд ч, юунд ч хашигдалгүйгээр оршин байдаг, түүнийг төрүүлэн гаргаж, дэлгэн тавьдаг нь уран бүтээлчдэд ноогдсон тавилан гэлтэй. Гагцхүү ийм л зүйлээс болж, уран бүтээлийн, бодох сэтгэх эрх чөлөөнөөс болж нийгэмтэй, хүнтэй, хууль дүрэмтэй, ёс суртахууны тогтсон таалалтай, үнэт зүйлийн хэм хэмжээтэй зөрчилдөж ирсэн хэрэг. Хол явж, цаг хугацааг нэг их цаашлуулах шаардлагагүй, ойрхны жишээ, монголын уран зохиолын сүүлийн зуун жилийн түүх хангалттай баталдаг. Жишээ нь Н.Нямдорж ингэж бичсэн байх юм.
Хаяа нь шуулттай эсгий гэрийн гадна
Халуурхсан нохой хэлээ гарган хэвтэнэ
Харин түүнийг худал мэхлэн турхирахаар
Харж ядан ийш тийш нь хуцна
Хэвийн бусыг ялгаж таниагүй байж
Хэний ч урьдаас хуцахаас ер буцдаггүй
Тэжээсэн эзэндээ хэдий үнэтэй хайртай ч
Тэжээвэр нохой юутай их бүдүүлэг вэ /Нохой. /
Бүтээж туурвиж байсан цаг үеийг нь бодоход, бичиж үлдээсэн шүлэг найргий нь ухаарахад, уран сайхны сэтгэлгээнд нь орших үзэл бодлыг нь ялган танихад, баримталж явсан итгэл үнэмшил, амьдарсан амьдралаар нь баримжаалахад, цаг үе нөхдийн нь үнэлгээгээр хөөн бодохуйд эдгээр мөрүүдийг нохойнд зориулсан шүлэг гэхэд тун ч эргэлзээ төрүүлнэ. Манай уран зохиолын туршлага ч иймэрхүү үйл явдлаар баялаг. Үүн дээр нэмэхэд зохиолчийн бусдад зориулсан зориулал, тухайлахад Д.Нацагдорж, Б.Нямаа, Р.Чойном, М.Цэдэндорж, Ш.Гаадамба, Т.Галсан нарт зориулсан шүлэг, яруу найраг, түүний туурвилзүйн арга маяг, бүтэц зохиомж, харьцуулан жиших хэлбэр, утга агуулгын шугам зэргийг нарийвчлан анзаарвал улам ч итгэл нэмнэ.
Тиймээс л энэхүү нохойны цаана өөр нэгэн тодорхой зүйлийг шингээн дүрсэлсэн гэж хардаад буй хэрэг юм. Хардах шалтаг ч, шалтгаан ч хангалттай бий, үндэслэл тайлбар ч тун буурьтайгаар сонсогдоно. Зохиолын хэл, бүтэц хэлбэрийн хувьд туйлын эгэл энгийн авч түүгээр хөндсөн агуулга нь нэн гүнзгий байдагт Н.Нямдоржийн эхний нэгэн онцлог оршино. Хөндсөн сэдвийн хувьд тэр цаг үеийн гэхэд аль ч уран бүтээлчид байгаагүйгээр өөрийн хувь бодгал чиг шугамаа барьж, нийгмийн нүсэр үйл явдал, цагийн үнэт зүйлийн дээд хэмжээнээс байж болох хэмжээгээр ангид туурвиж, урлаг уран сайхны агуулга, тогтсон тааллаас чадлын хэрээр зугтаж байсанд Н.Нямдоржийн удаах нэгэн онцлог яригдана. Тэр л үеийн дурангаар харахад хэтэрхий “жижиг” зүйлээр оролдож, өөрийн дотоод ертөнцийн зах зухыг л ойшоож, хувь хүнийг илүүтэй өндөрт өргөхийг хичээж, хүн байх, хүн болох, хүнээрээ үлдэх тухай номлож явсанд Н.Нямдоржийн бас нэгэн онцлог хадгалагдана. Тэмдэглэн хэлэхэд, энэ л дахин давтагдашгүй онцлогоороо, ёс суртахууны ариун дээд итгэл үнэмшлээ цагийн буданд алдаагүй, өндөгнийхөө хээг нийгмийн зүгээс ирсэн “бяцхан ч атугай” дарамтанд өөрчлөөгүй, амьдралын нугачаанд Нямбуугийн Нямдорж хэмээх эрхэм “нэрийг” Нямдоржоор нь авч үлдэж чадсан нь уран сайхны сэтгэлгээнд үлдээсэн асар их үнэ цэнэ, бахархан хүндэтгэх нэр төр хэмээн сэтгэл дүүрэн хэлж бүрэн болно.
Сэтгэгдэл ( 0 )