Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-Эдийн засгийн өндөр өсөлтийн тухай ярих боллоо. Яг хэдэн хувиар өсч байна вэ?
-Бид олон жил үсрэнгүй эдийн засгийн өсөлтөд орлоо гэж ярьдаг байсан. Ирэх жилээс эдийн засаг өснө гэдэг байв. Харин энэ жилээс манай эдийн засгийн өсөлтийн үе эхэлж байгаа юм. Манай эдийн засаг 2009 онд 1.6 хувиар буурсан. Өнгөрсөн он ч бас манай улсын хувьд хүнд жил байлаа. Хямралын нөлөө хэвээр байсан. Дээр нь зуд болж хөдөө аж ахуйн салбарт их гарз гарсан. Гэсэн хэдий ч хөдөө аж ахуйгаас бусад салбар зургаан хувиар өссөн. Боловсруулах салбар ч 10 хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Ингээд энэ онд эдийн засгийн өсөлт улам хурдасч байна. Энэ оны эхний улирлын хувьд 9,7 хувьтай гарлаа. Манай эдийн засаг бол улирлын шинж чанартай. Нэгдүгээр улирал бол зогсолтын үе. Энэ улиралд эдийн засаг өсөлттэй гарлаа. Одоогийн байдлаар эдийн засгийн өсөлт энэ жил 10.8 хувьтай гарна хэмээн тооцож байгаа. Манай экспортын бүтээгдэхүүний гол зах зээлүүд сайн байна. Дэлхийн зах зээлийн үнэ ч тааламжтай байгаа юм. Өнгөрсөн жилээс эхлэн манай эдийн засагт бүтцийн өөрчлөлт бий болсон. Урд нь манай эдийн засаг зөвхөн зэсээс хамааралтай байсан. Нүүрс гэдэг экспортын бараатай боллоо. Үүнээс гадна хөдөө аж ахуйг хөгжүүлснээр гурил, улаан буудай, төмс гээд гол нэрийн хүнсээр өөрийгөө бүрэн хангадаг боллоо. Нүүрсээ түүхийгээр нь гаргахаас гадна боловсруулж нэмүү өртөг шингээдэг болж буй юм. Тухайлбал, Ухаа худагт жилд гурван сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо. Энэ бол манай хувийн хэвшлийнхний барьж байгаа хамгийн том бүтээн байгуулалт. Иймээс түүхий эдээ боловсруулж бүтээгдэхүүн болгох алхам хийж байна. Ингээд эдийн засаг эрүүлжиж бүтэц нь сайжрах төлөвтэй байгаа юм. Хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл дээр АНУ-ын компанитай гэрээ байгуулаад ажилдаа орсон. Одоо олон улсын төлөвлөлтийн баг ирж ажиллана.
-Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байна вэ?
-Улсаас их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хөрөнгө оруулалт нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж 700 орчим тэрбум төгрөгт хүрэх боллоо. Тэгээд дэд бүтэц байгуулах ажил хийгдэж байгаа юм. Төр хувийн хэвшлийн түншлэлийн анхны төсөлд газрын үсэг зурлаа.Завхан аймагт Могойн голын цахилгаан станц барих төсөл хэрэгжихээр болсон. Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. Өнгөрсөн жил гадаадын шууд хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар давсан. Сүүлийн хорин жилийн нийт хөрөнгө оруулалтыг тооцож шүүхэд хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн гэдэг. Гэтэл өнгөрсөн жилд л гэхэд түүний тал нь орж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалт хэр нэмэгдэж байгааг эндээс харж болно. Энэ хөрөнгө оруүлалтын дийлэнх нь бүтээн байгуулалтад зарцуулж байна. Тухайлбал, Оюу толгой уулын баяжуулах үйлдвэр, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж байна. Хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт бас их өсч байгаа. Жишээ нь, ган, зэс хайлах, барилгын материалын үйлдвэр их олноор нь байгуулах болсон. Мөн нефть боловсруулах үйлдвэр Дорнод аймагт барих боллоо. Төрөөс бараг дэмжлэг авахгүйгээр хувийн хөрөнгөөр байгуулах юм билээ. Хэрэв энэ үйлдвэр ашиглалтад орчихвол зүүн гурван аймгийн шатахууны хэрэгцээг хангах юм. Жилд 100 гаруй мянган тонн нефть боловсруулна. Ирэх онд эдийн засгийн өсөлт 16 хувьд хүрэх тооцоо бий. Учир нь Оюу толгойн үйлдвэрлэл 2013 оноос эхэлнэ гэж тооцож байсан ч хугацаанаасаа өмнө 2012 оны наймдугаар сард ашиглалтад орохоор болсон.
-Эдийн засаг ингэж өсч байгаа ч ядуурал буурахгүй байна?
-Нэг хүнд ногдох орлого өнгөрсөн жилийн байдлаар 2200 ам.доллар байсан. Энэ оны эцэс гэхэд 2900 ам.доллар болох төлөв гарч байна. Тэгээд 2012 он гэхэд 4000 ам.доллар болох тооцоо бий. Манай эдийн засгийн өсөлтийн томоохон хэсэг нь уул уурхайгаас шалтгаалж байгаа. Энэ салбар өөрөө хөрөнгө их шаарддаг. Тэгээд олон хүн ажилладаг салбар биш. Иймээс хүн бүр тэнд ажиллаж өндөр цалин авах боломжгүй юм. Нөгөө талаар монголчууд хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй мэргэжил эзэмшээгүй байна. Ажилд авах зар асар их байгаа ч тэр ажлын байрны шаардлага хангаж байгаа хүн нь цөөхөн юм. Мөн ажил их голдог болсон. Хүмүүс биеэ дайчлахаасаа илүү бэлэнчлэх сэтгэлгэтэй хэвээр байгаа. Хүний хөгжлийн сангийн, оюутны мөнгө гээд өгөөд байхаар ажил хийлгүй амьдрах сонирхолтой хүн ч байна.
-Хилийн боомт болон дэд бүтцээ асуудлыг хэрхэн сайжруулах вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт манай дэд бүтцээс шалтгаалж байгаа юм. Урд хил дээр 5-6 боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж сайжруулах шийдвэр Засгийн газар гаргасан. Тэгэхээр бараа нь гарч чадахгүй хүлээгддэг байдал багасана. Хилийн боомтыг сайжруулахад хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийх санал гаргасан. Одоогийн байдлаар зураг төслийг нь холбогдох газрууд гаргаж өгөхдөө удаад байна. Эхний боомтын хүчин чадлыг сайжруулах зураг төсөл энэ зун гарах юм билээ. Улаанбаатар-Мандалговь чиглэлд хувийн хэвшлийнхэн авто зам барьж байгаа. Мөн Чойр-Сайншанд-Замын-Үүдийн зам бий. Уг нь, мөнгө хөрөнгө нь байгаа ч гүйцэтгэгч муугаас болж уг замын ажил зогссон. Энэ замыг Солонгосын компани хийх болсон ч сүүлийн гурав дөрвөн жил ажил ахисангүй. Агаарын тээврийн хоёр компанийн нислэгийн тоо нэмэгдэж байгаа. Бүтээн байгуулалтын хамгийн гол түлхүүр нь төмөр зам юм. Ерөнхийлөгч хойд хөршид айлчлахдаа төмөр замын талаар яриа хэлцэл хийсэн. Төмөр замын гэрээгээ шинэчилж Монгол Улсын хуулинднийцүүлэх шаардлагатай. Мөн хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэх ёстой. Сайншанд-Таван толгойн төмөр замын ажил эхэллээ. Одоо газар шорооны ажлыг нь хийж байгаа. Энд хөрөнгө мөнгө нэлээд их шаардана. Зөвхөн энэ замд л гэхэд нэг тэрбум гаруй ам.доллар шаардлагатай байгаа. Таван толгойд хөрөнгө оруулагчид энэ төмөр замыг хөгжүүлэх ёстой гэдгийг ойлгож буй юм. Иймээс одоо тэдэнтэй гэрээ хэлцэл хийж байна. Ер нь, бид аль ч замаар тал тал руу бүтээгдэхүүнээ ачаад зах зээлд нийлүүлэх боломжтой байх ёстой.
-Эдийн засгийн бүтцээ өөрчлөх ёстой гэдэг. Яг яаж вэ?
-Уул уурхайн олборлолтоос илүү боловсруулах нь чухал. Одоо зэс хайлах үйлдвэр байгуулах нь чухал асуудлын нэг болоод байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд энэ талаар тодорхой тусгасан. Ирэх жил гэхэд "Рио Тинто" компани ТЭЗҮ, зураг төслөө бэлэн болгох ёстой. Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн зөвлөлийн хурлаар зэс хайлах үйлдвэр байгуулах асуудлыг дэмжсэн.
Эх сурвалж: Ардчилал сонин
Сэтгэгдэл ( 0 )