Испанийн томуугийн улмаас 1918-1919 онд 50-100 сая орчим хүн нас барсан гашуун түүх бий.
Дэлхийн нэгдүгээр дайнаас хоёр дахин олон хүний аминд хүрсэн Испанийн томуу H1N1 вирусээр үүсгэгдсэн хоёр цар тахлын анхных нь бөгөөд хоёр дахь 2009 онд дэгдсэн гахайн томуу юм.
Испанийн томуугаар дэлхий дахинд 500 сая хүн буюу тухайн үеийн хүн амын /1.7-1.8 тэрбум/ 27 хувь нь халдварлаж, алс бөглүү Номхон далайн арлууд болон Хойд туйлд хүрч тархсан байна. Халдварын улмаас 50-100 сая хүн нас барсан бөгөөд хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн аюулт өвчнөөр тэмдэглэгдэн үлджээ. Түүхэн болон халдварын талаарх хангалттай мэдээлэл байдаггүй тул цар тахлын газар зүйн голомтыг баттай тодорхойлж чадаагүй аж. Халдвар авагсдын гуравны хоёр нь гурван сарын хугацаанд нас барсан бөгөөд ихэнх нь 18-49 насныхан байжээ. Энэ аймшигт цар тахал бидэнд ямар сургамж үлдээв?
Цар тахлыг нэрлэхгүй байх учир
1918 оны хавар Европт цэргүүд олон тоогоор шинэ төрлийн томуугаар халдварлаж эхэлжээ. Улирлын томуунаас илүү хоруу чанартай байсан ч нуувчны нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байв. Их Британи, Франц, Герман улс сул дорой байдлаа харуулахгүйн тулд халдварын дэгдэлтийн тухай нууцалжээ. Өвчин төвийг сахисан Испани улсад хүрсэнээр анхны бодит мэдээлэл гарч ирж, цар тахал Испанийн томуу гэх нэршил авчээ. Нэг улс эсвэл нэг үндэстнийг хамарсан өвчнийг буруу тодорхойлох нь түгээмэл байдаг бөгөөд ихэнх тохиолдолд арьсны үзлийг дэвэргэдэг хор уршигтай. 2009 оны гахайн томууг эхэндээ “Мексик томуу” гэж нэрлэж байв. Испанийн томуу гэж нэрлэснээр Испани улс урт хугацаанд хохирол амссан гэж Кембрижийн их сургуулийн математикч Жулиа Гог ярьжээ. “Бид энэ томууг 1918 оны томуу гэж нэрлэдэг. Испани ямар ч тохиолдолд энэ томуугийн голомт байгаагүй. Ямар нэгэн халдварт өвчний анх бүртгэгдсэн газар ихэнх тохиолдолд өвчний голомт нь байдаггүй аж. Харин Хятадын Ухань хот шинэ төрлийн коронавирусийн голомт нь байсан нь үнэн” гэж тэрбээр тайлбарлажээ.
Олон нийтэд үнэнийг хэлж, анхааруулах
Испанийн томуу Дэлхийн нэгдүгээр дайны үед дэгдсэн тул эрх баригчид нийгмийн тогтворгүй байдлаас зайлсхийхийг ихээхэн чармайж байжээ. Аймшигт цар тахлыг эхэндээ дэлхий нийтээрээ түгших хэмжээний ноцтой асуудал биш хэмээн тодорхойлж байв. Их Британид Испанийн томуугийн дэгдэлтийн оргил үе болохоос өмнөхөн буюу 1918 оны зургаадугаар сард “The Daily Mail” сонин уншигчдадаа эл томуу энгийн ханиадтай төстэй тул айдаст автахгүй байж, сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг зөвлөж байжээ. “The Times” сонин нөхцөл байдал ноцтой болохыг албан ёсоор зөвшөөрөхөөс өмнө мөн л хошигносон байдлаар хандаж байсан аж. “Халдварт өвчин бүрийн хор хохирол, ноцтой аюул нь үл тоомсорлохын аргагүйд хүрч, ил болох хүртэл “ийм хандлагатай нүүр тулдаг” гэж Лондонгийн их сургуулийн анагаах ухааны түүх судлаач Марк Хонигсбаум онцолжээ. Тэрбээр коронавирусийн халдварын аюулыг зарим эрх баригчид дутуу үнэлж буй нь сэтгэл түгшээж байна хэмээгээд аюулын ноцтой байдлыг гажуудуулсан санамсаргүй сэтгэгдэл, коммент ард иргэдийн аливаа зөвлөгөөг хүлээн авах хандлагыг өөрчилдөг ноцтой үр дагавартай гэж онцолжээ. “Гар барихад таатай байна гэж хэлдэг Борис Жонсон шиг улстөрчид байсаар л байна. Гар барьж мэндлэхээ даруй зогсоох ёстой” гэж Хонигсбаум анхааруулж байна. Нөхцөл байдлыг бид бага ч атугай нухацтай хүлээн авах хэрэгтэй байна. Улс төрийн түвшин дэх хэнэггүй байдал намайг цочирдуулж байна гэж тэрбээр илэрхийлжээ.
Хяналтгүй шилжилт хөдөлгөөн эмгэнэлтэй үр дагаварт хүргэж болзошгүй
Дэлхийн нэгдүгээр дайны нөхцөл байдал цар тахлын үеийн хүмүүсийн шилжилт хөдөлгөөний тогтсон хэв маяг, дүрмийг эсрэгээр нь эргүүлжээ. Хүнд өвчтэй хүмүүс хэвтрийн дэглэм барьдаг атал ихэнх нь дайны талбар руу ачигдаж, энэ нь эргээд халдварыг хурдацтай тархахад нөлөөлсөн байна. Дайнд татагдан орсон ихэнх улс орон үндэсний эрх ашгийг нийгмийн эрүүл мэндийн асуудалтай тэнцвэржүүлэхийг чармайсан байна. Шинэ Зеландад боомтод нь орж, гарч буй усан онгоцнуудад тавих хяналт сул байсан тул 1918 оны сүүлч гэхэд хүн амынх нь нэг орчим хувь хоёрхон сарын дотор халдварын улмаас нас барж, Номхон далайн бүс нутагт томуугийн халдвар хурдацтай тархахад хүргэжээ. Үүний улмаас Баруун Самаод гэхэд нийт эрчүүдийн 30 хувь, эмэгтэйчүүдийн 22 хувь, хүүхдүүдийн 10 хувь нь Испанийн томуугаар нас барсан байна. Харин эсрэгээр шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэхэд шуурхай хариу арга хэмжээ авч, нийгмийн өдөр тутмын идэвхтэй амьдралыг “царцаасан”. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүхэл бүтэн хотуудыг тусгаарлаж, ажил, сургуулиудыг хаасны ачаар олон зуун мянган хүнийг КОВИД-19 коронавирсээр халдварлахаас урьдчилан сэргийлж чадсан Хятадын хариу арга хэмжээг өндрөөр үнэлсэн юм.
Хоёр дахь давлагаа
1918 оны хавар ажиглагдсан Испанийн томуугийн нэг дэх давлагаа харьцангуй бага хор хохиролтой байжээ. Гэвч мөн оны наймдугаар сар гэхэд томуугийн хоёр дахь давлагаа Францаас эхэлж Европ, АНУ, дэлхий дахиныг нөмөрчээ. Вирус хувиралд орж, хоруу чанар нь нэмэгдэж, халдварт өртөөгүй шинэ бүс нутгуудад илүү хүчтэй тархав. Учир нь эдгээр бүс нутгийн ард иргэдэд нь дархлаа суугаагүй байв. Томуугийн вирус байнга хувирч байдгаараа титэм вирусээс ялгаатай аж. Тиймээс ч томуугийн эсрэг вакциныг жил тутам шинээр гаргах шаардлагатай байдаг байна. Харин коронавирусний хувьд генийн хувьд тогтвортой байдаг тул эрдэмтэд КОВИД-19 коронавирусээс үүдэлтэй нас баралтын түвшин огцом өөрчлөгдөнө гэж үзэхгүй байна. Гэхдээ КОВИД-19 титэм вирус алга болох эсэх, шинэ давлагаагаар дахин гарч ирэх, эсвэл орон нутгийн шинж чанартай өвчний хэлбэрээр урт хугацаанд орших эсэх тухай асуултад эрдэмтэд одоогоор хариулж мэдэхгүй л байна. Агаарын температур, чийгшлээс ихээхэн хамаарч тархдаг вирус ихэнх тохиолдолд давлагаалж гарч ирдэг байна. Тиймээс КОВИД-19 энэ хавар намжиж, ирэх өвөл дахин гарч ирж болзошгүй гэсэн хүлээлттэй байсан ч өнөөгийн тархалтын газар зүйн зураглал эрдэмтдийг эргэлзэхэд хүргэж байна.
“Коронавирусийн халдварт эрчимтэй өртөөд буй Иран, Итали зэрэг улс Их Британийг бодвол хамаагүй дулаан уур амьсгалтай. Тиймээс зуны улирал дөхөх тусам аюул багасна гэх таамаг үндэслэлгүй болж байна” гэж профессор Гог тайлбарлажээ. “Коронавирусний тархалт агаарын температур, чийгшлээс хэр хамааралтай болох нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ уур амьсгалын хувьд хоёр давлагаатай бус гэдэг нь ойлгомжтой байна” гэж тэрбээр өгүүлж байна.
Түүнчлэн, халдварын дэгдэлтийн хоёр давлагаа гарах эсэх нь халдвар авсан хүмүүст урт хугацааны дархлаа суусан эсэхээс мөн шалтгаална. Японы нэгэн иргэн коронавирусээр хоёр удаа халдварласан гэх мэдээлэл өвчтөн эдгэрснээс хойш хэдэн долоо хоног, сарын дараа дархлаа нь сулардаг байх талтайг илтгэж байна. Тиймээс зарим эрдэмтэд хоёр дахь давлагаа гарч ирнэ гэж үзэж байна. Халдварын тохиолдол нэмэгдэж буй энэ үед эл асуултыг хариуг олохоор шинжээчид шаргуу ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )