Хаа газрын ард түмэн гуйлгачинг нэг их өндөрт өргөөд байдаггүй санагдах юм. Гэтэл бид гуйлга гуйсан хүн олны хүндэтгэл хүлээж, тусалсан нэр зүүсэн нь хүний хайлан болдог цаг үед аж төрж байна. Ингэж дүр эсгэцгээхийн оронд хайр, хүндэтгэлээ энгийн бөгөөд эгэл хүмүүст өдөр тутамдаа хүртээн амьдарч сурмаар байгаа юм. Жишээлэхэд, өглөө ажилдаа яарч яваа залууг, үүдээр ороход шал зүлгэж буй цэвэрлэгч эгчийг, эхнэр хүүхдээ эмнэлгээс гаргахаар яарч байгаа нөхрийг, хөхөө өвлийн хүйтнээр хүүхдээ тэврэн гэр лүүгээ хоолоо бэлдэхээр яарч яваа бүсгүйг хайрла, хүндэл. Хэдэн сурагчийнхаа хичээлийг тасалдуулахгүйг телевизээр хичээл зааж буй багшид, 24 цаг тасралтгүй ажиллаж улс орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч яваа уурхайчинд, хот хөдөөгүй үүрэг гүйцэтгэж буй цэрэг цагдаад, хөнөөлт өвчинтэй өдөр шөнөгүй тэмцэж буй эмчид бид багахан хүндэтгэл үзүүлэхэд л хайрлаж буйгаас огт ялгарахгүй, яг энэ үед. Тэд л энэ нийгмийг бүтээж яваа.
Түүнээс биш хотын хаанаа нэгтээ үзэгдэж, задгай мөнгө нэхэх болсон бидэнтэй л ижил хөдөлмөрлөх насны залхуусыг өрөвдөж, хайрламааргүй байгаа юм. Ядаж байхад, ядарсан хүмүүсээр далимдуулан олонд нэр олох гэсэн улсууд ч бидний үеийнхэн дунд тоолж баршгүй олширсон юм байна. Ийм дүр эсгэгчдийг хайрлахаасаа илүү жигшиж зэвүүцэх хэрэгтэй. Уг нь хамт зургаа даруулахгүйгээр зайлшгүй гар сунгах шаардлагатай хэн нэгэнд тусаа хүргэж болдог шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )