ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин амралтын газруудыг түр хаах талаар заавар өгчээ. Бүхий л төрлийн амралтын газруудыг ирэх зургаадугаар сарын 1-нийг хүртэл хаах аж.
Хойд хөршийн Ерөнхий сайдын заавар энэ сарын 28-наас хэрэгжиж эхлэх гэнэ. Түүнчлэн нийтийн хоолны байгууллагуудад зайнаас зарахаас бусад тохиолдолд үйл ажиллагаагаа дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл түр зогсоохыг үүрэг болгожээ.
Михаил Мишустин өмнө нь бүс нутгийн эмнэлгүүдэд коронавирусний халдвартай өвчтөнүүдийг эмчлэх орны тоог нэмэхийг үүрэг болгосон билээ.
ОХУ-д өнөө өглөөний /2020.03.27/ байдлаар коронавирусний халдварын 840 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгэрсэн хүний тоо 38 болжээ. Москвад (546), Москва мужид (41), Санкт-Петербургт (26) болон Свердловск мужид (20) тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Хойд хөршид сүүлийн 24 цагт 182 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан хүний тоо хоёр байна.