НҮБ: Цар тахлын улмаас гаднын шууд хөрөнгө оруулалт 30-40% буурна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

Коронавирусний цар тахлын улмаас 2020, 2021 онуудад гаднын шууд хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд 30-40 хувиар буурна гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын илтгэлд дурджээ.

Энэ сарын 4-нд нийтэлж байсан өмнөх илтгэлд гаднын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 5-15 хувиар буурна гэсэн таамаг дэвшүүлсэн байв.  НҮБ-ын ХХБХ-ын шинжээчид юуны өмнө Зүүн Ази, ялангуяа Хятад улсад үйлдвэрлэл зогссон, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаас үүдэлтэй гинжин урвалыг нөлөөг авч үзсэн байна. Шинэ үнэлгээнд дурдсанаар, үндэстэн дамнасан таван мянган томоохон компанийн орлого дунджаар 30 хувиар буурч болзошгүй байгаа ба энэ хандлага үргэлжлэх төлөвтэй байна. Эрчим хүч, түүхий эдийн салбар цар тахлын эдийн засгийн үр дагаварт хүчтэй өртөж байна. Эрчим хүчний салбарт гэхэд газрын тосны үнийн уналтын давхар цочролыг тооцсоноор хөрөнгө оруулалтын хэмжээ 208 хувиар буурах таамаг гарчээ. Агаарын тээврийн салбарын гаднын шууд хөрөнгө оруулалт 116 хувиар унах бол автомашин үйлдвэрлэлийн салбарынх 47 хувиар буурна гэж илтгэлд онцолсон байна. НҮБ-ын ХХБХ-ын шинжээчид өмнөх прогноз хоёрдугаар сарын мэдээлэлд тулгуурласан байсан гэж тодруулжээ. Тэдний үзэж буйгаар, цар тахал хурдацтай тархаж, дэлхийн ихэнх улс оронд үйлдвэрүүдийг хаах зэрэг арга хэмжээ авч байгаа нь эрэлт буурах, нийлүүлэлт тасалдахад хүргэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top