АНУ-ын Луйзаниа мужийн захиргааны ажилтан коронавирусний улмаас нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

АНУ-ын Луйзаниа мужийн захиргааны ажилтан 33 настай эмэгтэй орон нутгийн цагаар бямба гарагийн орой “ковид-19” вирусний улмаас амиа алдсан тухай Луйзаниа мужийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Вирусний улмаас амиа алдсан Эприл Данн гэх эмэгтэй тус мужийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хороонд ажилладаг байсан аж.

Тэрээр гурван долоо хоногийн өмнө вирусээр оношлогдон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт ерөнхий шинж тэмдгүүд нь арилж, биеийн байдал нь харьцангуй тогтвортой байсан ч ийнхүү гэнэт хүндрэн амьсгал хураажээ.

Луйзаниа мужийн захирагч Жон Бел Эдуардс ажилтны ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд тодорхой хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: CNN

 

Top