Дмитрий Песков тусгаарлагдсан гэдгээ няцаалаа

2020 оны 03 сарын 30

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков коронавирусний халдварын сэжигтэй тул тусгаарлагдсан гэдэг мэдээ Орост тараад байна.

Дмитрий Песков “Говорит Москва” радиод анх удаа зайнаас буюу онлайн ярилцлага өгсөн. Сэтгүүлчид түүний ширээн дээр халууны шил, ариутгагч шингэн, шар өнгийн хавтастай COVID-19 вирусний тухай зааварчилгаа тавсан байхыг олж харсан байна.
 


Одоо коронавирусний халдвараар эмнэлэгт эмчлүүлж байгаа дуучин Лев Лещенко халдвартай үедээ хөгжмийн зохиолч Игорь Крутойн дүү эмэгтэйн төрсөн өдрийн хүлээн авалтад оролцоход Дмитрий Песков ч бас байсан нь тодорхой болсон. Тус хүлээн авалтад оролцсон зочдоос одоо дуучин Игорь Николаев халдвар аван, эмнэлэгт хэвтээд байгаа билээ.

Харин Дмитрий Песков тусгаарлагдсан гэдгээ няцааж, “Би аюулгүй байдлаа сахиж байна. Мөн орчин үеийн технологи эзэмшиж сурч байна. Цаг үе шаардаж байгаа тул би туршилтаар зайнаас ярилцлага өгөхөөр шийдсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Top