КОВИД-19: Халдвартай тэмцэж буй эмч хүүхдүүддээ захиас бичиж үлдээжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

АНУ-ын Нью Йорк хотын эмч Корнелиа Григгс өөрийн твиттертээ коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдолд бяцхан хүүхдүүддээ уншаасай хэмээн захиас бичин үлдээжээ.

Тэрбээр хамгаалалтын хувцастай байгаа гэрэл зургаа нийтэлж, энэ мэдээллийг уншихад хүүхдүүд нь хэтэрхий бага гээд хамгаалалтын хувцастай байгаа ээжийгээ танихгүй байх гэж бичжээ.

Тэр “Хэрэв ээж нь халдварын улмаас нас барвал ээж нь ажлаа хийж байсан гэдгийг миний хүүхдүүд мэдээсэй гэж хүсэж байна” гэсэн байв. 

Зурвасынхаа төгсгөлд  #GetMePPE хаштаг тавьжээ. Энэ тэмдэглэгээгээр АНУ-ын эмч нар халдвараас хамгаалах хувцас шаардлагатай байгаагаа илэрхийлдэг байна.

Григгсийн энэ захиас хагас сая лайк авч, олон нийтийн сүлжээнд алдаршаад байна. Твиттер хэрэглэгчид эмч нарт талархлын үгс илгээж байгаа бол зарим эмч нар хамгаалалтын хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа талаар бичжээ. Нэгэн эмч хамгаалалтын амны хаалтыг 12 цагийн турш зүүсэн хэмээн жиргэсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий дахинд 769.105 хүн халдвар авснаас 36.901 хүн нас барж, 155.479 өвчтөн эдгэрчээ.

 

Top