Цар тахалтай тэмцэж буй эмч нар тусгаарлагдсан иргэдийн увайгүй үйлдлийн талаар хоолой зангируулан “ховлов”.
Тусгаарлагдсан иргэд хоол амтгүй байна, өрөө жижигхэн байна, өрөөндөө дасгал хиймээр байна гэх зэрэг шаардлага тавьснаас гадна эгээ л ээждээ эрхэлж буй эрх хүүхэд аятай эмчийн өөдөөс жимсний чанамалтай талхаа голон шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж туньж уйлсан байх юм. Тэр байтугай "Нохойн хоол өглөө" гэж уурлаж, хоорондоо нохой шиг уралцан зодолдож байгаа нь чих дэлсэж, сэтгэл хирдхийлгэв. “Харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна” гэдэг дуу шиг л ээ бурхан минь, улс орон минь иргэдээ хурдан ирж аваач, авралын мутраа сунгаач гээд л уйлж хайлан байсан хүмүүс эх орондоо ирээд зангаа хувиргаж, тараа таниулав.
Ийн улс орныхоо аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж буй эмч нарынхаа сэтгэл рүү ус цацахын хэрэг юусан билээ. Тусгаарлалтын хэдхэн хоногийг хүн шиг тэвчээд, хууль дүрмийг чандлан сахиж, элгэн садантайгаа эрүүл саруул уулзвал аштай юу даа.
Энэхэн бөмбөрцөг дээр тусгаарлалтын өрөөндөө хаан шиг тухлан, эмч нараар хоолоо зөөлгөж байгаа улс орон Монголоос өөр байхгүй. Өдөр бүр дэлхий нийтэд цар тахлын хэмжээ мянга мянгаар нэмэгдэж, нас барсан иргэдийн тоо мянгаар мянгаар өсөж байгаа энэ үед тусгаарлагдсан иргэд хөндий харанхуй агуулах, зориулалтын бус заал танхим, тэр ч бүү хэл нурж унах шахсан балгаст хүртэл амь хоргодож байгааг нүдтэй, чихтэй хүн бүхэн хэвлэл мэдээллээр харж байгаа. Харин манайхан зурагтгүй, интернэтгүй харанхуй бүдүүлэг орчинд “хоригдчихоогүй” байлтай. Хаана байгаагаа, ямар байгаагаа харийн орнуудтай харьцуулж нэг үзээд хэлэх үгээ залгиад, хийх үйлдлээ бодоод хэдхэн хоногийг тэсээд гараасай гэж гуйх, гуядахын завсар хэлье.